Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч: Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-  овогт Ч-  Б-д  холбогдох эрүүгийн 2109012761955 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...  оны ... дугаар сарын ...-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, маркетинг менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... өвөө, эмээ нарын хамт ... дүүрэг ... дугаар хороо, ... хороолол, .. дугаар байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин түр суух, /РД: /, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн ... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдэж байсан, Б-  овогт Ч-  Б- .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...зочид буудлын ... тоот өрөөнд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.М тэй хардалт, маргааны улмаас түүний нүүр хэсэг рүү цохиж, зодсоны улмаас биед нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

  1. Шүүгдэгч Ч.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 
  2.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.М-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...

 

...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 9-10 тал/,

 

Гэрч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Б-н ар гэртэй холбогдож дахин хүүхдүүдээ уулзуулахгүй байх талаар ярилцсан. ...2020 оны 6 дугаар сард хичээл сургууль тарсаны дараа нь лагерын газартаа байхад Ч.Б- нь араас байнга дагаж байна. Ер нь охин минь хаана байна тэр газарт нь Ч.Б- гэх залуу байнга араас нь дагаж байна. ...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Ч.Б- нь Б.М гийн биед нь халдаж зодсон байсан тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Б.М надтай утсаар яриад зодуулсан талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 8556 дугаартай “...Б.М-н биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

Хохирогч Б.М-н биед учирсан гэмтлийг харуулсан 1 ширхэг фото зураг /хх-ийн 50 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,

 

Мөрдөгчийн Баянгол дүүргийн... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх хаан зочид буудлын өрөөг бэхжүүлсэн гэрэл зураг, тэмдэглэл, ресепшиний өрөөний бүртгэлийн хуулбар /хх-ийн 52-55 тал/,

 

Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүрэг хүүхдийн 100 орчим ганцаараа явсан. Ингээд би Сөүл плазагийн 7 билүү 8 давхарын хэсэгт гарахад М  ганцаараа 2 шил пиво уусан сууж байсан. Би М гөөс юу хийж сууж байгаа юм бэ гээд Сөүл плазагаас авч гарсан. М  бид хоёр Сөүл плазагийн гадаа хардалтаас болж маргалдсан Аса циркийн хажуу талын байрны гадаа маргалдаж байгаад буцаад эвлэрч ойлголцсон. Бид хоёр эвлэрээд хүүхдийн 100 орчим байдаг Говь зоогийн орчимд очиж хоолны газарт хоол идсэн. Тэндээсээ гараад би М тэй Тайм Скавер хотхонд очиж хүргэлтээр бараа хүргэж өгсөн. Тайм Сказер хотхонд очиж бараагаа хүргэж өгчихөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Мөнххаан зочид буудалд орой 21 цагийн орчимд М тэй хамт хоёулаа орсон. Зочид буудлын өрөөнд ороод М  нэг шил пиво уусан би уугаагүй. Мөнххаан зочид буудалд байхдаа бид хоёр дахин хардалтын улмаас маргалдсан. Ингэж маргалдаж байх хугацаандааа М гийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан тэгээд орон дээр хэвтэж байх үед нь нүүрний шанаа хэсэгт нь нүүрээрээ үрж гэмтэл учруулсан. М  бид хоёр зочид буудалдаа хоносон. Маргааш өглөө босоход М гийн нүд нь улайсан байсан. ...Хэрүүл маргааны улмаас маргалдаж М гийн биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-47 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 56-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б-н гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Б- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Мөнххаан зочид буудлын 306 тоот өрөөнд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.М тэй хардалтын улмаас нүүр хэсэг рүү цохиж, зодсоны улмаас биед нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б.М , гэрч Д.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 8556 дугаартай дүгнэлт, хохирогч Б.М гийн биед учирсан гэмтлийг харуулсан 1 ширхэг фото зураг тэмдэглэл болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.М гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 8556 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.М гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Ч.Б- ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ч.Б- нь хохирогчийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Б- ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Мөн прокурор яллах дүгнэлтдээ “...хохирогч Б-н нь цагдаагийн байгууллагад бусдад хүчиндүүлсэн талаар гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д  ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-д  оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 8556 дугаартай тогтоогдсон.

 

Тэрээр хохирол уршигтай холбоотой зүйл нэхэмжлээгүй, хавтас хэрэгт  холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ч.Б- ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б-д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-  овогт Ч-  Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б-д  сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА