Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 352

 

        Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 15 дугаар хороо, Хасбаатарын гудамж 32б-8 тоотод оршин суух, /РД:ЛЮ76050771, утасны дугаар 91991997/, Сэнгадаа овогт Хандсүрэнгийн Бямбасүрэнгийн 

 

 “Үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Хүсэлт гаргагч Х.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Тэнгисжаргал нь 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Тухайн үед хадам аав Д.Дорж, хадам ээж Ч.Бибиш нарт өөрийн охин Тэнгисжаргалыг үрчлүүлсэн юм. Үрчлүүлсэний дараа охины бие өвдөж, нэр нь хүндэдсэн байна гэсний улмаас Тэнгисжаргалын нэрийг Чүнсрээмятав болгон өөрчилж төрсний  гэрчилгээг нь авсан. Охин маань 2008 онд Улаанбаатар хотод ирж сургуульд суралцаж, төрсөн эцэг, эхийн хамт амьдарч байна. Бид цаашид охиныхоо сурч боловсроход нь анхаарал халамж тавьж дүүгийнх хамт өсгөх хүсэлтэй байна. Охин маань ч гэсэн төрсөн эцэг, эх, дүүтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа. Хадам аав, ээж 2 маань хөдөө амьдардаг бөгөөд одоо нас өндөр болж байгаа тул охин Чүнсрээмятавыг бид өөрийн нэр дээрээ авах хүсэлт гаргасан. Иймд охин Д.Чүнсрээмятавыг хадам аав Д.Дорж, ээж Ч.Бибиш нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Адаа  овогт Даваасамбуугийн Дорж, Орлой овогт Чүлтэмийн Бибиш нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өөрийн охин Д.Элбэгжаргалаас 2002 онд зээ охин болох Чүнсрээмятавыг өөрийн нэр дээр үрчилж авсан. Одоо зээ охин Чүнсрээмятавыг эцэг Х.Бямбасүрэн, ээж Элбэгжаргал нарт үрчлүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү. Одоо миний бие нас өндөр болсон тул эцэг эхэд нь үрчилж байна. Охин маань хотод сургуульд сурч, ээж аавынхаа хамт амьдарч байгаа тул үрчлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Сэнгадаа овогт Хандсүрэнгийн Бямбасүрэн нь                                      “Охин Д.Чүнсрээмятавыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

        Д.Чүнсрээмятав үрчлэгдсэн болох нь 38/0000849 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,  05/08 тоот төрсний гэрчилгээний хуулбар, үрчилж авсан Д.Дорж, Ч.Бибиш нарын тайлбарууд, Д.Чүнсрээмятавын саналыг асуусан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

 

Хүсэлт гаргагч Х.Бямбасүрэн нь 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн

охин  Д.Чүнсрээмятавыг хадам эцэг Адаа овогт Даваасамбуугийн Дорж, хадам эх  Орлой овогт Чүлтэмийн Бибиш нарт үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон үрчлэлтийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 38/000849 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, 05/08 дугаартай Адаа овогт Доржийн Чүнсрээмятавын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар

батлагдаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй боловч хүсэлт гаргагч өөрийн төрсөн охин Д.Чүнсрээмятав нь 2008 оноос хойш өөрийнх нь асрамжид байгаа учир үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан, түүнчлэн үрчлэн авагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дорж, Ч.Бибиш нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан  Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2001 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Чүнсрээмятавыг Д.Дорж, Ч.Бибиш нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт тус тус зааснаар охин Чүнсрээмятавыг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний төрсөн эцэг Х.Бямбасүрэн, эх Д.Элбэгжаргал нарыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2001 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр төрсөн охин Д.Чүнсрээмятавыг  2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д.Дорж, Ч.Бибиш нарт    үрчлүүлсэн   үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Чүнсрээмятавыг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний төрсөн эцэг Х.Бямбасүрэн, эх Д.Элбэгжаргал  нарыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ