Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

                                                                               

2022        01         05                                             2022/ШЦТ/11

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Иргэдийн төлөөлөгч Ч.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Галбадрахад холбогдох эрүүгийн 2121000000389 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 04 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, сулласан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хорих ял болгож, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46А дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6  жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 321 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үйлдсэн 4 жил 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, ******* овогт ******* Галбадрах. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Парис" бааранд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу зөрчлийг таслан зогсоож, тус аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулах үеэр хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагч *******, *******, ******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Мөн 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэрэг”-ийн буудлын хойд талд хохирогч Н.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөгт нь хутгалах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021  оны 10 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэрэг”-ийн буудлын хойд талд хохирогч Г.Батгэрэлийг зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж, цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эхлээд надаас мэдүүлэг авахад согтуу байсан болохоор өөр мэдүүлэг өгсөн байх. Дараа нь үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай байна...” гэв.

 

Хохирогч Н.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...улмаар Парис баарны гадаа зүүн урд талын булан руу бие засах гээд очсон. Энэ үед Галбадрах гэх хар өнгийн цамцтай залуу нэлээн урт хутга гаргаж ирээд миний өвдөг, хөл хэсэгт хутгалсан. Мөн гараараа нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 13-14/

            Хохирогч Г.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Парис баарны зүүн урд талд Доржсүрэн нь хэн нэгэнтэй маргалдаж муудсан бололтой хамар, ам нь цус болсон байдалтай зогсож байсан. Тэгээд Энхтайван бид хоёр ойртоод харахад Доржсүрэнгийн хажууд түүнтэй Парис бааранд маргалдаад байсан Галбадрах гэх залуу зогсож байсан. ...Энэ үед Галбадрах гутлын түрийнээсээ хутга гаргаж ирэхээр нь би айгаад тухайн газраасаа хойд зүгт чиглэн гүйсэн. Галбадрах араас хутгатайгаа хөөж байсан бөгөөд намайг эргэж хараад зогсох үед тэрээр надтай маргалдаж байгаад  миний цээжин тус газар нэг удаа хутгалж, намайг гэмтээсэн. Эмчилгээнд 900,000 төгрөг зарцуулсан. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би эмчилгээний зардлаа бүрэн авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19, 22/

            Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус цагдаагийн газарт эрүүлжүүлэн саатуулах байрны жижүүр цагдаагаар ажилладаг. Парис бааранд хэрүүл маргаан үүсгэсэн ******* гэх хүнийг саатуулах үедээ эрүүлжүүлсэн хүний бүртгэл тэмдэглэлийг дэд ахлагч ******* хөтлөх гэхэд ******* нь босож ирээд “та нарыг ална шүү, лалруудаа” гээд орилоод ... хананд өлгөөтэй байсан галын хорыг авсан. Намайг боль гэхэд “ойртвол цохиж ална шүү, шатаана шүү, лалруудаа, та нар бол надад жижигдэнэ шүү” гэж орилж байгаад саатуулах байрны хаалгаар гарахаар нь дагаад гартал миний өөдөөс галын хор цацсан. Би нүдээ нээж харж чадахгүй, хорсоод байхаар нь эмнэлэгт үзүүлж, өвчин намдаах нүдний дусаагуур, өвчин намдаах тос, хордлого тайлах дусаагуур авч хэрэглэж байж хэсэг хугацааны дараа гайгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-100/

            Хохирогч А.Энх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 18 цагаас 00 цаг хүртэл олон нийтийн цагдаа Мишээлийн хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...Парис бааранд согтуу хүн орж ирээд гарахгүй, ална гэж заналхийлсэн, хутгатай байж магадгүй...гэх дуудлагын дагуу очиж шалгахад 20-25 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн залуу Парис баарны үүдэнд баар ажиллуулдаг эгчтэй хэрэлдээд “ална” гээд зогсож байсан. ...саатуулах байранд ирээд зөрчил гаргасан этгээдэд үзлэг хийх гэхэд би хувцсаа тайлахгүй гээд олон нийтийн цагдаа Мишээлийн хувцаснаас зуурч “та нар шиг юмнууд надад гай болно шүү ална, эсвэл би та нарт гай болж байж үхнэ шүү” гээд орилж эхэлсэн...хананд байсан галын хорыг авч бид нарын өөдөөс цацсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106/

            Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед ... дэд ахлагч А.Энх-Эрдэнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...саатуулах байранд ирээд *******ад “ хувцсаа тайл” гэхэд “эргүүлийн лалрын пизда нараа та нар намайг яах юм бэ” гээд орилоод байсан. ...хувцсаа тайлахгүй байхаар нь хувцсыг нь тайлах гэхэд хананд өлгөөтэй байсан галын хорыг аваад ойртох гэхэд “ална шүү, ойртоод үзээрэй, шатаана шүү лалруудаа” гээд урдуураа савж эхэлсэн...хаалгаар гарсныхаа дараа бидэн рүү галын хор цацсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-112/

            Гэрч Т.Цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галбадрах гэх залуу хутга гаргаж ирээд Доржсүрэнгийн хөл, гарыг зүсэж байсан. ... Батгэрэлийг тэд нар руу ойртоход Галбадрах гэх залуу түүний араас хутга бариад хөөсөн. ... Бид хэдийг Батгэрэлийн араас очиход цээжиндээ хутгалуулсан байдалтай зогсож байсан. ... Галбадрах зугтчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38/

            Гэрч Т.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Парис баарны зүүн урд хэсэгт Доржсүрэн хүнд зодуулсан байдалтай ...хажууд нь Галбадрах зогсож байсан. ...Доржсүрэн надад хандаж  би зодуулчихлаа гэж хэлсэн. ...Батгэрэл миний араас ирж байсан. ...Галбадрах гэх залуу хутга гаргаж ирээд Батгэрэлийн араас хойд зүгт гүйсэн. ...араас нь Цэцэгээ эгч гүйгээд очиход Батгэрэл тухайн залууд хутгалуулчихсан, хутгалсан Галбадрах нь зугтаад явчихсан байсан. ...Доржсүрэн хөл гарандаа хутгалуулж, нүүр ам нь хөхөрсөн байсан. Харин Батгэрэл цээжин тус газраа нэг удаа хутгалуулсан байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/

            Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд 2018 оноос хойш ажиллаж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ очоод... хаалгаа онгойлгоод тооллого хийж байтал танихгүй 20-25 орчим насны залуу орж ирээд Заяатай уулзах гэсэн юм, хаана байна гэхээр нь Заяа ажлаасаа гарсан, ирэхгүй байгаа гэхэд иртэл нь хүлээнэ гэсэн. Намайг манай баар онгойгоогүй байна, та гарч бай гэхэд гарахгүй, би та нарыг ална шүү, дээрэмдэнэ шүү, би 2018 онд шоронд яваад сая гарч ирсэн п.... шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-149/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 513 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Доржсүрэнгийн биед баруун зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хх-ийн 42-43/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Батгэрэлийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий шингэн хуралдалт, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1-р хх-ийн 48-49/

            - Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-9/

            - Гэрч Г.Гарьдмагнайгийн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/

            - Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 50-51/

            - Хохирогч Г.Батгэрэлийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 69-70/

            - *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-84/

            - Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 85-86/

            - Гэрч Н.Гансүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/

            - Гэрч Г.Хосбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 129-130/

            - Албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 175-181/

            - Хэв журмын эргүүлийн чиглэл, хуваарь, эргүүлийн болон бусад алба хаагчдын өдөр тутмын ажлын дүн мэдээ /1-р хх-ийн 194-197/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 204/

            - Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 205-250, 2-р хх-ийн 1-3/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Эд мөрийн баримтаар бичлэг бүхийг CD-г шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Парис" бааранд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу зөрчлийг таслан зогсоож Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулах үеэр хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч *******, *******, ******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэрэг”-ийн буудлын хойд талд хохирогч Н.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөгт нь хутгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн цаг хугацаанд хохирогч Г.Батгэрэлийг зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж цээжин тус газарт нь  хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Батгэрэл, Н.Доржсүрэн, *******, *******, ******* нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Т.Цэцэг, Т.Энхтайван, Д.Ганцэцэг, Н.Гансүх, Г.Хосбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 513 тоот дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 524 тоот дүгнэлт, албан тушаалын тодорхойлолт, Цагдаагийн газрын  хэв журмын эргүүлийн чиглэл, хуваарь, эргүүлийн болон бусад алба хаагчдын өдөр тутмын ажлын дүн мэдээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хутга хэрэглэн хохирогч Г.Батгэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Доржсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 513 тоот дүгнэлт, “Н.Доржсүрэнгийн биед баруун зүүн нүд, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, гэх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 524 тоот “Г.Батгэрэлийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн хий шингэн хуралдалт, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Ч.Энхболдын “шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон хувийн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхэд саад учруулахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан  зэвсэг, зэвсгийн чанартай тусгайлан бэлтгэсэн зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 321 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 4 жил 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон болох нь /1-р хх-ийн 228-230/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар 30 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 4 жил 22  хоногийн  зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 3 сар 52 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батгэрэлийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Доржсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Г.Батгэрэл нь “эмчилгээний зардлын 900,000 төгрөгөө авсан, дахин нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Н.Доржсүрэн нь “хуульд зааснаар арга хэмжээ авч өгнө үү, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч *******, *******, ******* нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан  зэвсэг, зэвсгийн чанартай тусгайлан бэлтгэсэн зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/  сар 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар 30 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор өршөөлд хамруулан оногдуулсан 4 жил 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ жил 3 /гурав/ сар 52 /тавин хоёр/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад  оногдуулсан 9 жил 3 сар 52 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА

ШҮҮГЧИД                                         Л.БАТЖАРГАЛ

                                                          П.ПАГМА