Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

2022        01        10                                             2022/ШЦТ/16

                                               

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Иргэний нэхэмжлэгч ******* /онлайн/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Лхагжавын Баттулгад холбогдох эрүүгийн 2121002770397 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ******* тоотод бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-12 тоотод  оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын Баттулга. /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр баг “Эхэн  худаг” гэх газраас 2021 оны 09  дүгээр сарын  02-ноос  03-нд  шилжих шөнө хохирогч *******ын эзэмшлийн 267 тооны хонь, 78 тооны ямааг хулгайлж 35,800,000 төгрөгийн, хохирогч *******ын эзэмшлийн 204 тооны хонь, 53 тооны ямааг хулгайлж 25,550,000 төгрөгийн хохирол буюу бусдын 602 тооны (олон тооны) бог мал  хулгайлж нийт 61,350,000 төгрөгийн  хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Матад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай. 2021 оны 09 дүгээр сарын 02-03-ныг шилжих шөнө дүү надад хонь, ямаа алга болсон талаар хэлэхээр нь  хайгаад ол, холдоогүй байх гэж хэлсэн. Удалгүй дүү над руу яриад би цаг гаран малаа хайлаа, олдохгүй байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 4 машин, 5 мотоциклтой хүн хөлслөөд малаа хайсан. Мал хулгайлсан хүнийг Сүхбаатар суманд байна гэж мэдээд шөнө  явж очоод Мөнхсайхан гэх хүнээс сураг гаргасан. Мөн дэлгүүрийн худалдагчаас Л.Баттулгын мэдээллийг олж авсан. Сүхбаатар, Дорнод аймгийн цагдаа нартай хамтарч ажиллаад алдсан 602 тооны хонь, ямаагаа олж авсан. Дүү бид хоёр нийт 685 тооны хонь, ямаа алдсан. Одоогийн байдлаар хонь, ямаа нийлсэн 83 тооны малыг олж авч чадаагүй. Манай малыг 200 гаран километр газарт туусан учраас ядарч, сульдсан байсан. Гэрч нар Л.Баттулгыг манай хонь, ямааг адуу шиг тууж явсан талаар ярьсан. Сүхбаатар аймгаас хонь, ямаагаа автомашинд ачуулж нутагтаа авчирсан. Тиймээс автомашин, жолооч нарын хөлс, хоол хүнсний зардал болон 83 тооны хонь, ямааны үнэ нийт 6,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд хадам дүү над руу утсаар яриад нэг хүн мал туугаад явж байна, худалдаж авах уу гэхээр нь би чи өөрөө мэд гэж хэлсэн. Ингээд Л.Баттулгын тууж явсан малаас нийт 175 тооны хурга, ишгийг 9,480,000 төгрөгөөр тооцож авсан. Худалдаж авсан малдаа им, тэмдэг тавиад орой нь Сүхбаатар аймгийн төв рүү явсан. Шүүгдэгчээс мал худалдан авсан 9,480,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг 30 минутын орчим босоход манай хонь, ямаа байгаагүй. ...бэлчсэн байх гэж бодоод хонь, ямааныхаа араас явахад гэрээс зүүн урагш 2 км орчим 165 тооны хонь, ямаа тасарчихсан, ...700 орчим тооны хонь, ямаа байгаагүй. ...тухайн үед тийм олноор нь хүн туугаад явчихгүй байх, шөнө тасраад явчихсан байх гэж бодоод ойр орчмын айлуудаар хайсан боловч олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...эрэл, сурал болж явсаар байгаад 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн Энхтуяагаас 51 тооны эм хонь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн Мөнх-Учралаас 212 тооны хурга, ишиг голдуу мал, Б.Баатар-Эрдэнээс 173 тооны хонь, ямаа О.Энхжаргалаас 129 тооны хонь, ямаа хүлээн авч, зарсан мотоциклыг нь буцаан өгсөн. ...нийт 602 тооны хонь, ямааг хүлээн авсан. ...83 тооны хонь, ямаа дутуу байна. Манай хонь, ямааг хулгайлсан ******* гэх залуу хэрэг болохоос 20 орчим хоногийн өмнө манай гэрт морьтой ирээд, хоноод явсан залуу мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхлээд бид нар хонь, ямаа тийм ихээр нь хулгайд алдагдаагүй байх, тасраад ойр хавиар байгаа байх гэж бодоод хамаатан садангаараа нийлж, нутгийн хил залгаа газруудаар 2, 3 хоног хайж яваад ...сураг гаргаагүй учраас албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсан. ...Бид иргэдээс 602 тооны хонь, ямааг эргүүлэн авсан. Одоо 83 тооны хонь, ямаа дутуу байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгийн Шинэбаяр, Оокоо нарын хамтаар огт танихгүй 30 орчим насны залуу дэлгүүрт орж ирсэн. ...тэр залуугаас хонь хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад эм хонь 120,000 төгрөгөөр зарна гэсэн. Би тэр залуугаас нэг хоногийг 120,000 төгрөгөөр бодож 50 тооны эм хонь худалдаж авсан. ...6,000,000 төгрөгийг дугаартай дансанд шилжүүлсэн. ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хонины эзэн Ганбат гэх залуу цагдаа нартай ирээд Дорнод аймгийн Матад сумаас алдсан хонь танд зарагдсан байна гэж хэлээд 51 тооны хонь аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...эм хонь 120,000, хурга 45,000, ишиг 35,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 31 тооны ишиг, 143 тооны хурга, 30 тооны эм хонийг авахаар болсон. ...Асгат сумын ХААН банкнаас тэр залуугийн өгсөн ******* ******* гэх данс руу 9,480,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ...хулгайн мал худалдаж авсан талаар мэдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч нар манайхаас малаа авч явсан. Би Баттулгаас 9,480,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Ч.Отгонзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн ах ******* ******* гэх залуугаас эм хонь 120,000, хурга 45,000, ишиг 35,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 31 тооны ишиг, 143 тооны хурга, 30 тооны эм хонийг авч ... ******* ******* гэх данс руу 9,480,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Гэрч О.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баттулга надад ...Онгон суманд хүн түрээслэж малаа харуулж байгаад малаа аваад ирсэн. Та хараад өг гэсэн. Би бүгдийг нь харж чадахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч Б.Баатар-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 06 цагийн орчим манай гэрт танихгүй залуу орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад Дарьганга сумаас хонь, ямаа тууж яваа юм, та дүүгийнхээ хэдэн хонь, ямаар хараад өг, гарсан төлийг нь өөрөө аваарай гэсэн ...” гэх мэдүүлэг

Гэрч О.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн орчим морьтой залуу манай гадаа ирээд гэрт орж ирсэн. Тухайн залууг хаанаас хаа хүрч яваа талаар асуухад мал худалдаж авч явна, дарга араас Land-200 маркийн машинтай явж байгаа ... тэгээд манайд хоноод явсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

- Гэрч Б.Гансувдын мэдүүлэг /хх-ийн 59-60/

- Гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 62-63/

- Гэрч Ц.Батхүүгийн мэдүүлэг /хх-ийн 65-67/

- Гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 69/

- Л.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/

- Л.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/

- Unitel ХХК-ний 6 дугаарын дуудлагын түүх /хх-ийн 104-107/

- Mobicom ХХК-ийн дугаарын дуудлагын түүх /хх-ийн 108-112/

- Skytel ХХК-ийн дугаарын дуудлагын түүх /хх-ийн 113-117/

- Хаан банкны *******, тоот дансны хуулга /хх-ийн 118-141/

- Төрийн банкны тоот дансны хуулга /хх-ийн 146-147/

- *******, ******* нарын малын А дансны тодорхойлолт /хх-ийн 151-158/

- Матад сумын малын жишиг үнэлгээ /хх-ийн 160/

- Эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримтууд /хх-ийн 161-165/

- Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 168-176/

- Матад сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /177-180/

- Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /181-182/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 187-189/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 191-194/

- Л.Баттулгын урьд ял шийтгэл хүлээж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөнд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр баг “Эхэн  худаг” гэх газраас 2021 оны 09  дүгээр сарын  02-ноос  03-нд  шилжих шөнө хохирогч *******ын эзэмшлийн 267 тооны хонь, 78 тооны ямааг хулгайлж 35,800,000 төгрөгийн, хохирогч *******ын эзэмшлийн 204 тооны хонь, 53 тооны ямааг хулгайлж  25,550,000 төгрөгийн  хохирол буюу бусдын  602  тооны  (олон тооны)  бог мал  хулгайлж нийт 61,350,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Баттулгын “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй... би уурлаж хорсоод малыг нь туусан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ын “...Дүү бид хоёр нийт 685 тооны хонь, ямаа алдсан. Одоогийн байдлаар хонь, ямаа нийлсэн 83 тооны малыг олж авч чадаагүй... малаа хайхад зарцуулсан зардал, үлдэгдэл 83 хонь, ямааны үнэ нийт 6,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч *******ын “... тэр залуугийн өгсөн ХААН банкны ******* дугаартай ******* гэх данс руу 9,480,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******, иргэний нэхэмжлэгч С.Энхтуяа нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Ганзориг, Ч.Отгонзориг, О.Энхжаргал, Б.Баатар-Эрдэнэ, О.Золжаргал, Г.Даваасүрэн, Ц.Батхүү нараас хууль сануулж авсан мэдүүлэг, Unitel ХХК-ний 6, Mobicom ХХК-ийн , Skytel ХХК-ийн дугааруудын дуудлагын түүх, ХААН банкны *******, тоот дансны хуулгууд, хохирогч *******, ******* нарын малын “А” дансны тодорхойлолт, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримтууд, эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүгдэгч ******* нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөнд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хэргийн  зүйлчлэлийн талаар маргаагүй болно.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ын Баттулгыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн

буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт *******ын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч Л.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т 267 тооны хонь, 78 тооны ямаа буюу 35,800,000 төгрөг, хохирогч *******ад 204 тооны хонь, 53 тооны ямаа буюу 25,550,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар хулгайд алдсан 602 тооны бог малыг буцаан авсан болох нь хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгчээс нийт 602 тооны хонь, ямаагаа буцаан авсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “мал эрж хайх болон малаа зөөвөрлөж ирсэн зардал, жолоочийн ажлын хөлс, дутуу 83 тооны хонь ямааны үнэ нийт 6,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэж мэдүүлж байгаа боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй  байна гэж үзлээ. Хохирогч *******ын  6,000,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч С.Энхтуяа, ******* нарын хонь, ямаа худалдан авсан үнийг буцаан төлөөгүй байх тул шүүгдэгч *******ас 15,480,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Энхтуяад 6,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* 9,480,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Ц.Батхүүгээс “Toyota Alex маркийн 06-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 3,500,000 төгрөгөөр худалдан авч бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй болох нь тогтоогдож байхаас гадна иргэн Ц.Батхүү нь “би зар тавьж машинаа худалдсан. Миний машиныг унаж яваад эвдсэн байсан. Би машин худалдсан мөнгөө байрны засвартаа зарцуулчихсан учраас машинаа буцаан авах шаардлага байхгүй. Харин бичиг баримтыг нь  шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй” гэж /хх-ийн 66-67/ мэдүүлжээ. Уг тээврийн хэрэгсэлийг Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээний комисс  3,000,000 төгрөгөөр /хх-ийн 181/ үнэлсэн байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/15 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, 3,000,000 төгрөгний үнэлгээ бүхий “Toyota Alex маркийн 06-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л.Баттулгын баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Баттулгыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ын Баттулгыг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баттулгын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ас 15,480,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Энхтуяа 6,000,000 төгрөгийг, *******д 9,480,000 төгрөгийг тус тус олгох, хохирогч нарт шууд учирсан хохирол төлөгдсөн бөгөөд хохирогч ******* нь шууд бус хохиролд нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Л.Баттулгын эзэмшлээс Toyota alex маркийн 06-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн Toyota Alex маркийн 06-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА