Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0027/Э |
Дугаар | 2022/ШЦТ/21 |
Огноо | 2022-01-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
2022 01 11 2022/ШЦТ/ 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвдөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Дамдины Бат-Эрдэнэ, Боржигон овогт Алтантулгын Ганхүү нарт холбогдох эрүүгийн 2221000000006 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* ******* 11 дүгээр баг Хивсний 04в-03 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хорих ялаар тогтоож байсан, Бүргэд овогт Дамдины Бат-Эрдэнэ. РД: /*******/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* ******* шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Алтантулгын Ганхүү. РД: /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* ******* 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Мустанг” баарны гадна 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* ******* 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Мустанг” баарны гадна 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Д.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой манай эхнэр над руу Мустанг баарнаас ирээд авчих гэж утсаар ярьсан. Тэгээд би Мустанг ороход манай эхнэр нэг залуугийн хүзүүгээр тэврээд бүжиглэж байхаар нь эхнэрээ дуудаж гаргаад юун залуу юм бэ гэхэд өмнө нь хамт ажиллаж байсан залуу байгаа юм, бид хоёрын дунд юу ч байхгүй, худлаа гэвэл дуудаад ирье гээд орсон. Тэр залууг гарч ирэхээр нь би чи юун залуу билээ, яагаад манай эхнэртэй бүжиглээд байгаа юм бэ гэхэд тэр залуу намайг хараалын үгээр хэлээд байхаар нь уур хүрээд шилбэ рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Өөр хаана нь яаж зодсон талаар мэдэхгүй байна... Ганхүү гэх залуу намайг олон удаа цохисон, миний зовхи язраад 5 оёдол тавиулсан ...бид хоёр барьцалдаад авахад Ганхүүгийн өмсөж байсан цамц нь урагдсан. ...миний толгой руу олон удаа цохиод байхаар нь би хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой нөгөө ангийн найзтайгаа таараад юм ярьж суухаар болоод Мустанг орсон. Тэнд сууж байгаад агаар амьсгалахаар гадаа зогсож байхдаа өмнө нь банканд хамт ажиллаж байсан Нараа эгчтэй таараад мэнд мэдээд ярьж байхад Бат-Эрдэнэ гэх залуу ирээд миний зүүн шилбэ рүү 2-3 удаа өшиглөөд толгой руу 2-3 удаа цохисон. Намайг яагаад байгаа юм бэ гэхэд тэр залуу манай эхнэртэй юу яриад байгаа юм бэ гэхээр нь гайхсан. Учир нь би Нараа эгчийн өмнөх нөхрийг нь таньдаг байсан болохоор тэр залууг нөхөр нь гэж бодоогүй. Тэгээд тэр залуу намайг боож унагаад миний цавь хэсэг хүү өшиглөсөн... Бат-Эрдэнэ гэх залуу миний зүүн шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн, толгой руу 2-3 удаа цохисон, мөн зүүн шанаанд цохиж, хувцсаар маань боож, эмзэг эрхтэн рүү маань 2-3 удаа өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Б.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг баарнаас гарч ирэхэд манай найз Ганхүү газарт хэвчихсэн, нөгөө залуу нь дээр нь гарчихсан өшиглөөд зодож байсан. Манай найзын хувцас нь дүүрэн шороо тоос болоод хувцас нь урагдчихсан, босож чадахгүй атиралдаад газарт хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн цавины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. ...гэжээ. /хх-ийн 27-28/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:
1. Д.Бат-Эрдэний биед баруун хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 33-34/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
-Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09, 12/
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26, 35/
-Шүүгдэгч Д.Бат-Эрдэний мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42/
-Шүүгдэгч *******гийн мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 61/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-56, 63-79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Бүргэд овогт Дамдины Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн ******* ******* 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Мустанг” баарны гадна 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн цавины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Боржигон овогт Алтантулгын Ганхүү нь Дорнод аймгийн ******* ******* 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Мустанг” баарны гадна 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд “яллагдагч, хохирогчоор” болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Оршихийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Бат-Эрдэний эрүүл мэндэд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хөнгөн хохирол, хохирогч *******гийн эрүүл мэндэд шүүгдэгч Д.Бат-Эрдэний үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Бүргэд овогт Дамдины Бат-Эрдэнэ, Боржигон овогт Алтантулгын Ганхүү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Дамдины Бат-Эрдэнэ, Боржигон овогт Алтантулгын Ганхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамдины Бат-Эрдэнэ, Алтантулгын Ганхүү нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА