Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00269

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багт оршин суух, Пайвал овогт Яйшигийн Баасанжав /РД: ТГ53112719/-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00279/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1953 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, бага боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багт оршин суух, Пайвал овогт Яйшигийн Баасанжав /РД: ТГ53112719/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1970-1973 онд грушик хийж байгаад цэрэгт явсан. 1977 онд цэргээс халагдаж ирээд 1977-1980 онуудад тус нэгдэлдээ нормчин, мужаанаар ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй үлдсэн тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Баасанжав нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал грушик,, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дугаартай цалингийн лавлагаа, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Цэен-Ойдовын өгсөн ... Я.Баасанжав нь 1970 оноос 1973 онд Булган аймгийн Шинэ амьдрал нэгдэлд грушик хийж байгаад 1974 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1977 оноос 1980 оныг дуустал тус нэгдэлдээ мужаан, норомчноор ажиллаж байсан. Би тухайн үед Булган аймгийн Шинэ амьдрал нэгдлийн даргаар нь ажиллаж байсан юм. Я.Баасанжав миний даалгасан ажлыг сайн хийдэг байсан. Ер нь ажилдаа их сайн байсан ... гэх мэдүүлэг, гэрч Ж.Ритагийн өгсөн ... Я.Баасанжав нь намайг сургуулиа төгсөөд Шинэ амьдрал нэгдэлд ажилд ороход тэр нэгдэлд ажилладаг байсан. Я.Баасанжав нь 1980 оныг дуустал ажилласан. Мужааны ажил хийдэг байсан. Миний мэдэхээр намайг ажилд орсон он буюу 1974 оноос 1980 оныг дуустал туслах үйлдвэрт ажиллаж байсан. Бид Шинэ амьдрал нэгдэлд дээрх хугацаанд хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Пайвал овогт Яйшигийн Баасанжав /РД: ТГ53112719/-ыг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, грушик, мужаанаар нийт 8 /найм/ жил ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН