Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

  2022        01        05                                   2022/ШЦТ/39

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч С.Солонго, шүүгдэгч Х.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эт холбогдох эрүүгийн “2111 00000 1303” дугаартай, 186/2022/0022/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “Сорус” ХХК-д алт мөнгөний дарханаар ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 2-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Э

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжинд хохирогч М.Билэгтсайн-Одын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би  өөрийнхөө бурууг ойлгож байна, хийсэн  хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Билэгтсайн-Одын...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би найз залуу болох Билгүүний хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд Сити 102-47 тоот гэртээ байхад 22 цаг өнгөрч байхад гаднаас найз болох Хишигмөнх ирээд Билгүүнтэй 1 том 2.5 литрийн пиво уугаад дуусгачхаад байж байхад гаднаас манай найз болох Мөнхсаруул эгчийнхээ машинтай ирээд бид нар гараад 3, 4 хорооллын Өргөө кино театрын ард талд байдаг Мишээл нэртэй караокед орж дуулж байгаад Билгүүн бид хоёр ажлын шалтгааны улмаас бага зэрэг маргалдаж муудалцаад, би найз Мөнхсаруулыг Номин-Эрдэний гэрт хүргээд өгчих гээд гараад явсан. Тэгээд бид хоёр Номин-Эрдэний гэрийн гадаа ирээд машин дотор юм яриад байж байхад араас Хишигмөнх такси барьж ирээд, бензин дуусч байсан болохоор бид нар бензинд явсан. Тэгээд бид нар бензинд явж байхад Хишигмөнх рүү Билгүүн залгаад цаана хүнтэй маргалдаад байхаар нь бид нар буцаад явцгаасан. Номин-Эрдэний гэрийн гадаа ирээд Хишигмөнх, Мөнхсаруул нар машинаас буугаад Билгүүнийг авчрах гэж байгаад удаад байхаар нь Номин-Эрдэнэ бид хоёр машинаас буугаад харахад зодоон болж байсан. Тэгээд Билгүүний урд талаас нь нэг залуу, хойд талаас нь нэг залуу зогссон чулуу барьсан байхаар нь би очоод үстсэн.Тэгээд би тэр чулуу барьсан залууг боль гээд юм ярьж байхад тэнд байсан нэг эмэгтэй нь манай найз Номин-Эрдэнийг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр охиныг чи хүн андуураад байгаа юм биш үү болиоч гээд бид хоёр хоорондоо заамдалцаад байж байхад дундуур нь нэг залуу орж ирээд намайг тавь гэхээр нь би чи өөрөө энийг эхлээд тавиул гэсэн. Тэгээд бид хоёр заамдалцахаа болиод зогсож байхад нэг залуу намайг цохисон. Би хэсэг манарч байгаад харсан Номин-Эрдэнийг бас цохисон байсан. Тухайн үед маргалдаж байсан урт үстэй шар цамцтай залуу нь миний баруун хацар луу нэг удаа гараараа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

        2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Номин-Эрдэнийн:..Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-671 тоотод байх хашааныхаа гадаа Билэгтсайн-Од, Хишигмөнх, Саруул нарын хамт яваад очтол. Билгүүнийг 5-6 залуу бөөгнөрсөн байдалтай 2 эмэгтэй хүн хараад байж байсан. Тэнд бөөн зодоон болоод хэн хэнийгээ цохиод зодоод байгаа нь мэдэгдэхээ байсан. Манай найз болон бид хоёрыг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн манай найз Билэгтсайн-Од нь тухайн эмэгтэйтэй заамдалцаад автал нэг танихгүй эрэгтэй ирээд салгаж байснаа манай найзын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тухайн эрэгтэй нь шар өнгийн цамцтай туранхай, урт үстэй залуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,

       2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гэрч Д.Билгүүний:...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-671 тоотын гадаа очиход нэг улаан Приус 30 маркийн машин, цагаан өнгийн Приус 11 маркийн машин байхаар нь би Хишигмөнхийн барьж явсан такси байна гэж бодоод цагаан Приус 11-н цонхыг нь тогшоод Хишигмөнх андаа хайр байна уу гэж асуухад тухайн машин дотроос хайр чинь түрүүн яваад өгсөн гээд инээлдээд байсан. Тэгэхээр нь би хаяад Номин-Эрдэний хашааны хаалгыг тогшиход хүн онгойлгохгүй байсан ба би утсаа гаргаж ирээд Хишигмөнхтэй яриад та хэд байхгүй байна шүү дээ гэж асуугаад байж байхад Номин-Эрдэний гэрийнх нь гадаа байсан машинаас нэг залуу гарч ирээд найз охин чинь чамайг хаяад явцан байна шүү дээ азгүй банди минь гэхээр нь би яасан гэнээ гээд байсан чинь Приус 11 машинаас 3-4 залуучууд бууж ирээд хэл амаа олохгүй маргалдаад байж байсан....тэгээд байж байхад Хишигмөнх, Менхсаруул, Билэгтсайн-Од, Номин-Эрдэнэ нар нь ирсэн байсан.Тэгээд намайг сахалтай залуу нь боож байсныг Билэгтсайн-Од хараад тэр залууг үстээд, надаас холдуулах үед би дээгүүрх өмсөж байсан цамцаа тайлаад яасан гэнээ бандиудаа гээд намайг боож байсан сахалтай залууг хоёр удаа цохисон. Энэ үед тухайн залуучуудын хамт явж байсан гэх хоёр эмэгтэй гарч ирсэн ба Номин-Эрдэнэтэй маргалдаад, шар үстэй гичий минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь Билэгтсайн-Од өмөөрөөд нэг эмэгтэйтэй нь муудалцаж байхдаа нэг залууд нь цохиулаад баруун нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би уурандаа эхнэрийг цохисон залууг тухайн залуучуудаас асуухад гаргаж ирэхгүй, машин дотроо байлгаад байсан, урт үстэй, өндөр туранхай залуу нь Номин- Эрдэнэ болон Билэгтсайн-Од нарыг цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

       2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхсаруулын:...бид нар 00 цаг гээд гараад Билэгтсайн-Од бид хоёр Номин-Эрдэнийн эмээгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33 дугаар гудамжинд Номин-Эрдэнийг аваад байж байтал, араас Мөнххишиг таксигаар ирсэн. Бид нар ойролцоох шатахуун түгээх газраас шатахуун авах гээд явж байтал Билгүүн Номингийн гадаа ирчихлээ гээд залгасан. Залгаад ярьж байснаа цаанаа Билгүүн хүнтэй маргалдаад байх шиг байсан. Бид нарыг өмнө Номингийн гэрийн гадаа очиход улаан Приус 30, нэг нь цагаан өнгийн Приус машинтай нэлээн олон залуучууд хоорондоо маргалдаж байсан. ...тэр залуучуудын нэг нь Билгүүнийг өдөж үл таних залуу цохиж байхыг бид нар ирж байхдаа харсан. Бид нар машинаа ойролцоо байрлуулан гуйж Билгүүн дээр очоод бөөн хэрүүл маргаан зодоон болсон.  Манай найз болох Билэгтсайн-Одын баруун талын нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан. Үл таних залуу гараараа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/,

      2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Отгонбаярын:..хоёр эмэгтэй нь цохьчихлоо гээд маргалдаж байсан ба тухайн үед Эрдэнэ-Очир, Хүслэн хоёр байсан. Би Эрдэнэ-Очироос асуухад ямар хүн цохисноо харанхуй байсан болохоор харж чадаагүй, ямар ч байсан нэг хүн цохисон гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ-Очирыг машинаас нь гаргаж ирээд уучлалт гуйлгуулаад салцгаасан. Эрдэнэ-Очир нь урт үстэй, тухайн үед шар цамц өмссөн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 44 дүгээр тал/,

       2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10848 дугаартай:..

       1. Э.Номин-Эрдэнийн биед дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

       3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

       4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт./ хх-ийн 50-51 дүгээр тал/,

       2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10850 дугаартай:..

       1. М.Билэгтсайхан-Одын биед баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

       3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Д.Даваасүрэн гэх дүгнэлт. /хх-ийн 55-56 дугаар тал/,

     Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 64 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10848 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10850 дугаартай дүгнэлтүүд /хх-н50-51, 55-56 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Х.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 03-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33 дугаар гудамжинд хохирогч М.Билэгтсайн-Одтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         - хохирогч М.Билэгтсайн-Одын...тэгээд бид хоёр заамдалцахаа болиод зогсож байхад нэг залуу намайг цохисон. Би хэсэг манарч байгаад харсан Номин-Эрдэнийг бас цохисон байсан. Тухайн үед маргалдаж байсан урт үстэй шар цамцтай залуу нь миний баруун хацар луу нэг удаа гараараа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

        - гэрч Э.Номин-Эрдэнийн:..манай найз болон бид хоёрыг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн манай найз Билэгтсайн-Од нь тухайн эмэгтэйтэй заамдалцаад автал нэг танихгүй эрэгтэй ирээд салгаж байснаа манай найзын нүүр хэсэгрүү нь нэг удаа цохиод авсан. Тухайн эрэгтэй нь шар өнгийн цамцтай туранхай, урт үстэй залуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,

        -  гэрч Д.Билгүүний:...Номин-Эрдэнэтэй маргалдаад, шар үстэй залуу гичий минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь Билэгтсайн-Од өмөөрөөд нэг эмэгтэйтэй нь муудалцаж байхдаа нэг залууд нь цохиулаад баруун нүд нь хавдчихсан байсан…урт үстэй, өндөр туранхай залуу нь Номин- Эрдэнэ болон Билэгтсайн-Од нарыг цохисон  гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

         -   гэрч Б.Мөнхсаруулын:...бид нарыг өмнө Номингийн гэрийн гадаа очиход улаан Приус 30, нэг нь цагаан өнгийн Приус машинтай нэлээн олон залуучууд хоорондоо маргалдаж байсан...тэр залуучуудын нэг нь Билгүүнийг өдөж үл таних залуу цохиж байхыг бид нар ирж байхдаа харсан. Бид нар машинаа ойролцоо байрлуулан гуйж Билгүүн дээр очоод бөөн хэрүүл маргаан зодоон болсон.  Манай найз болох Билэгтсайн-Одын баруун талын нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан. Үл таних залуу гараараа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/,

          -  гэрч Э.Отгонбаярын:..хоёр эмэгтэй нь цохичихлоо гээд маргалдаж байсан ба тухайн үед Эрдэнэ-Очир, Хүслэн хоёр байсан. Би Эрдэнэ-Очироос асуухад ямар хүн цохисноо харанхуй байсан болохоор харж чадаагүй, ямар ч байсан нэг хүн цохисон гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ-Очирыг машинаас нь гаргаж ирээд уучлалт гуйлгуулаад салцгаасан. Эрдэнэ-Очир нь урт үстэй, тухайн үед шар цамц өмссөн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 44 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10850 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/ болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  Э.Эрдэнэ-Очирын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Эыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

Хохирогч М.Билэгтсайн-Од нь шүүгдэгч Х.Этой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

                                   

Шүүхээс шүүгдэгч Х.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.                                                       

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

    

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ