Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

 

­

 

2022       01          05                                      2022/ШЦТ/40

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч Э.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. Б холбогдох эрүүгийн “2111 00646 1085” дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 14-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүлэг” ресторанд менежер ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамтаар амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол 48а байрны 65 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.Б,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 2 давхраас хохирогч А.Ариунболорын “Каннондал”/Саnnondale/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн виллаж” хотхоны 336 дугаар байрны 2 дугаар орцны 3 дугаар давхарт байрлуулсан иргэн Б.Хоролмаагийн эзэмшлийн “Мерида” загварын унадаг дугуй хулгайлж 374,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хоёр:Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ариунболорын:..2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 45 минутын үед би гэрээсээ гарахдаа хаалганы үүдэнд тавьсан өөрийнхөө дугуйг унаад гарсан. Намайг гарах үед манай хүүхдийн дугуй тавьсан газраа байсан. Ингээд би 16 цаг 50 минутын орчимд гэртээ эргэж ирэхэд манай хүүхдийн дугуй алга болсон байсан. Өөрийн хүүхэд Ангараг руу утсаар залгаад “чи дугуйгаа найздаа унуулж болно гэж хэлсэн үү, чиний дугуй байрлуулсан газраа байхгүй байна” гэхэд тэрээр “би хэн нэгэнд дугуй ав гэж хэлээгүй” гэж хэлэхэд дугуйг хулгайд алдсан байна гэж ойлгосон. Ингээд байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд манай хүүхдийн дугуйг 15-20 орчим насны эрэгтэй хүүхэд хулгайлаад аваад гарч байсан. Би цагдаагийн ажилтанд хандаж манай дугуйг олон жил янзалж, засдаг, “Нарантуул” худалдааны төвийн “Баялаг ундраа”-д дугуйн худалдаа хийдэг Эрка гэх залуу манай “Cannondale” загварын дугуйг хэн нэгэн хүнд зарахаар ирэх бол надад мэдэгдээрэй гэж захиж хэлсэн ба цагдаагийн ажилтан бид 2 хамт байрны хяналтын камерын бичлэгийг үзэж байтал Эрка надруу залгаад танай хулгайд алдсан гэх дугуйг зарахаар хүн ирсэн байна гэхээр нь би тэр даруй хамт байсан цагдаагийн ажилтан Алтансүхэд хэлээд тэр хүнийг олж авсан. Дугуй хулгайлсан хүнийг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. “Cannondale” унадаг дугуйг албан ёсны дэлгүүрээс 2018 оны 5-р сард Хаан банкны лизингээр 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо лизинг төлж дууссан ба рулийг өргөн бариулаар сольсон, цэнхэр өнгийн цоожтой, хар хөх өнгийн дугуй байгаа. Би дугуйгаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хоролмаагийн:...манай хүүхдүүд унадаг дугуйгаа гэртээ оруулдаггүй, хаалганы гадаа үлдээдэг юм. 2021 оны 06 дугаар сарын 11-ний орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд манай хүүгийн унадаг дугуй гэрийн үүднээс алга болсон байсан...би камер шүүлгээд энэ хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэг шүүхэд хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн пүүзтэй, үс нь сорлосон юм шиг шар өнгийн үстэй, маск зүүж нүдний шил зүүсэн эрэгтэй хүн унаад гарч явж байгаа бичлэг байсан...би унадаг дугуйгаа цоожпоогүй, гэрийн үүдний хэсэгт тавьдаг юм. Хулгайд алдагдах үед цоожгүй байсан. Миний унадаг дугуйг хулгайлаад унаад гарч байсан хүнийг танихгүй...2018 оны 06 дугаар сард “Мерида Монголиа” гэх нэртэй унадаг дугуйн төрөлжсөн дэлгүүрээс 870,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 84 дүгээр тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Эрдэнэбатын:..М.Ариунболор үйлчлүүлэгч орцноосоо дугуйгаа алдчихлаа, зах дээр дугуй маань харагдвал надад хэлээрэй гэсэн. Тухайн үед 20 орчим насны залуу “ахаа та дугуй авах уу” гэж асуусан ба би тэр дугуй нь үйлчлүүлэгч Ариунболорын дугуй болохыг хараад л таньсан. Тэгээд тэр залуугаас “ахын дүү наад дугуйгаа хаанаас авсан юм” гэж асуухад “Тедигийн ойролцоо хүнээс 30.000 төгрөгөөр авсан. Хэдэн цаас нэмээд заръя гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэгээд би “наад дугуй чинь манай байнгын үйлчлүүлэгчийн дугуй байна” гэж хэлээд Ариунболорлуу дугуй чинь ороод ирсэн байна гээд залгасан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг дугуйны хамт аваад явсан гэх мэдүүлэг./хх-ийн 55-56 дугаар тал/

2.4. Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Мерида” загварын унадаг дугуйг 374,000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 91 дүгээр тал/,

           2.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Ариунболорын мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/, хохирогч Х.Хоролмаагийн мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр тал/, Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Каннондал” /Cannondale/ унадаг дугуйг 1,080,000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 25 дугаар тал/,

Э.Баттулгын хувийн байдалтай холбоотой баримтууд, Э.Баттулгын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-43 дугаар тал / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.

 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 2 давхраас хохирогч А.Ариунболорын “Каннондал”/Саnnondаlе/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саншайн виллаж” хотхоны 336 дугаар байрны 2 дугаар орцны 3 дугаар давхарт байрлуулсан иргэн Б.Хоролмаагийн эзэмшлийн “Мерида” загварын унадаг дугуй хулгайлж 374,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

           

              - хохирогч А.Ариунболорын:..2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 45 минутын үед би гэрээсээ гарахдаа хаалганы үүдэнд тавьсан өөрийнхөө дугуйг унаад гарсан. Намайг гарах үед манай хүүхдийн дугуй тавьсан газраа байсан. Ингээд би 16 цаг 50 минутын орчимд гэртээ эргэж ирэхэд манай хүүхдийн дугуй алга болсон байсан. Өөрийн хүүхэд Ангараг руу утсаар залгаад “чи дугуйгаа найздаа унуулж болно гэж хэлсэн үү, чиний дугуй байрлуулсан газраа байхгүй байна” гэхэд тэрээр “би хэн нэгэнд дугуй ав гэж хэлээгүй” гэж хэлэхэд дугуйг хулгайд алдсан байна гэж ойлгосон. Ингээд байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд манай хүүхдийн дугуйг 15-20 орчим насны эрэгтэй хүүхэд хулгайлаад аваад гарч байсан…ингээд цагдаагийн ажилтан бид 2 хамт байрны хяналтын камерын бичлэгийг үзэж байтал Эрка надруу залгаад танай хулгайд алдсан гэх дугуйг зарахаар хүн ирсэн байна гэхээр нь би тэр даруй хамт байсан цагдаагийн ажилтан Алтансүхэд хэлээд тэр хүнийг олж авсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар тал/,

- хохирогч Б.Хоролмаагийн:...Манай хүүхдүүд унадаг дугуйгаа гэртээ оруулдаггүй, хаалганы гадаа үлдээдэг юм. 2021 оны 06 дугаар сарын 11-ний орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд манай хүүгийн унадаг дугуй гэрийн үүднээс алга болсон байсан...Би камер шүүлгээд энэ хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэг шүүхэд хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн пүүзтэй, үс нь сорлосон юм шиг шар өнгийн үстэй, маск зүүж нүдний шил зүүсэн эрэгтэй хүн унаад гарч явж байгаа бичлэг байсан...Би унадаг дугуйгаа цоожпоогүй, гэрийн үүдний хэсэгт тавьдаг юм. Хулгайд алдагдах үед цоожгүй байсан. Миний унадаг дугуйг хулгайлаад унаад гарч байсан хүнийг танихгүй...2018 оны 06 дугаар сард “Мерида Монголиа” гэх нэртэй унадаг дугуйн төрөлжсөн дэлгүүрээс 870,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 84 дүгээр тал/,

         - гэрч М.Эрдэнэбатын:..М.Ариунболор үйлчлүүлэгч орцноосоо дугуйгаа алдчихлаа, зах дээр дугуй маань харагдвал надад хэлээрэй гэсэн. Тухайн үед 20 орчим насны залуу “ахаа та дугуй авах уу” гэж асуусан ба би тэр дугуй нь үйлчлүүлэгч Ариунболорын дугуй болохыг хараад л таньсан. Тэгээд тэр залуугаас “ахын дүү наад дугуйгаа хаанаас авсан юм” гэж асуухад “Тедигийн ойролцоо хүнээс 30.000 төгрөгөөр авсан. Хэдэн цаас нэмээд заръя гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэгээд би “наад дугуй чинь манай байнгын үйлчлүүлэгчийн дугуй байна” гэж хэлээд Ариунболор руу дугуй чинь ороод ирсэн байна гээд залгасан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг дугуйны хамт аваад явсан гэх мэдүүлэг./хх-ийн 55-56 дугаар тал/

         -  Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Мерида” загварын унадаг дугуйг 374,000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 91 дүгээр тал/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван бусдад зарж борлуулах гэсэн шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгон  цааш нь бусдад зарж борлуулах гэсэн шунахайн сэдэлттэй, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Э.Баттулгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Баттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа  дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Э.Баттулгыг нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Ариунболор, Б.Хоролмаа нар нь “...хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг утсаар ярьсан  тэмдэглэл болгон үйлдсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хадгалах,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТЖАРГАЛ