Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0052

 

“Б т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн захирал Ч.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 753 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Тус компани нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 303 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Ж М” ХХК-ийн урд байршилтай, аж ахуйн зориулалтаар 3000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр шийдвэр гаргуулж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар хугацаа сунгуулж, газрын хэмжээг 2800 м.кв болгон 0294134 тоот гэрчилгээ авчГазрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан зөрчил гаргаагүй, газрын төлбөрийг тухай бүрт нь төлж, уг газрыг зориулалтын дагуу хашаа барьж, аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан. Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 8/02 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргаас 2013 оны А/287 дугаар захирамж гаргаж, газар эзэмших эрхийг хүчингүй болголоо… Захирамжийн эрх зүйн  үндэслэл  нь  хууль  бус  байх  тул  уг  захирамжийн  манай  компанид  холбогдох

заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 8/02 дугаар тогтоолын “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Газар эзэмшүүлсэн дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, мөн “Б т” ХХК нь анх 2008 он буюу газар эзэмшүүлснээс хойш зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчин газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, Баянгол дүүргийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу инженерийн шугам сүлжээ давхацсан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 303, 2012 оны А/437 дугаар захирамжийн Баттүвшин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 753 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/287 дугаар захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А давж заалдах гомдолдоо: ...“Б т” ХХК-д анх дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Ж М” ХХК-ийн урд 3000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн ба 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Ж М” ХХК-ийн урд 2800 м.кв газрын хэмжээ өөрчилсөн байдаг. Үүний дагуу дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар болон гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно хэмээн заасан байдаг.

...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар “дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан эсэх, өндөр хүчдэл, цэвэр усны шугамын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа талаарх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичиг, нотлох баримтаар хүргүүлсэн сансрын зураг баримтуудыг дурдалгүй орхигдуулсан. “Б т” ХХК маргаан бүхий газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан гэдгээ холбогдох нотлох баримтаар нотлоогүй ба анхан шатны шүүхийн шийдвэр нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэн Газрын тухай хууль болон холбогдох нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

“Б т” ХХК нь 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Э Ж М” ХХК-ийн урд 3000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн ба 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар БГД-ийн 20 дугаар хороо, “Э Ж М” ХХК-ийн урд 2800 м.кв газрын хэмжээг өөрчлөн, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг бөгөөд дээрх үүргийг биелүүлээгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 753 дугаар шийдвэрийг хянан үзэжхэргийг анхан шатны шүүхэд буцаан, дахин хянуулах магадлал гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

            “Б т” ХХК нь “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол болон Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.     Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “...газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг тусгайлан олгоогүй байна.

Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх нь аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад олгогдсон байна.

Үүнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа Засаг даргын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй байхад өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь буруу тул маргаан бүхий 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

2.  Маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жинст өгөөмөр” ХХК-ийн баруун талд аж ахуйн зориулалтаар 0.3 га газрыг нэхэмжлэгч “Б т” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар захирамжаар эзэмшиж байгаад 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/437 дугаар захирамжаар газрын байршил, хэмжээг өөрчилж, тус хорооны “Э Ж М” ХХК-ийн урд 2800 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улмаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэжээ.  

Ийнхүү нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр тухайн газрыг эзэмшиж байхад хариуцагчаас “нэхэмжлэгч хуулийн этгээдэд дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн, ...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон, ...хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг анхаараагүй, тус газрын төлөв байдлыг судалж дүгнэлт хийгээгүй, гэрээг цуцлах тухай газар эзэмшигчид мэдэгдээгүй атлаа хууль зөрчиж гарсан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу дээрх А/287 дугаар захирамжийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь “иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших хүсэлт гаргасан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байгаа эсэх”-ийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                              ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

                              ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР