Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 667

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “А Т” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “А Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Уг шийтгэлийн хуудсыг ерөнхийд нь үйл баримтын хувьд болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтан иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Өргөдлийн агуулгаас үзэхэд зар сурталчилгаа явуулж байна гэдэг агуулгаар гомдол гаргасан байдаг. Харин хариуцагчийн хувьд манайхыг өөр барааны тэмдэг, лого ашиглан зар сурталчилгаа явуулсан эсэх үйл баримтыг тогтоолгүйгээр шийтгэлийн хуудас ногдуулсан. Манайх ямар нэгэн байдлаар “К Г Л” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаж зар сурталчилгаа явуулсан гэх зүйл байхгүй.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зар сурталчилгаа гэж юу болох талаар тодорхойлон хуульчилж өгсөн. Бид тухайн компанийн барааны тэмдгийг ашиглаж зар сурталчилгаа явуулсан зүйл байхгүй байхад шийтгэлийн хуудаст зар сурталчилгаа явуулсан байна гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт авагдсан материалаар зар сурталчилгааг яаж явуулсан талаарх үйл баримтыг тогтоогоогүй. Энэ нь “Коко групп ложистик” ХХК-ийн өргөдөлд хавсаргасан баримтаар нотлогдож байна гэж байгаа. Гэтэл тус компаниас өгсөн өргөдөлд хавсарган өгсөн баримт нь фото зураг байдаг. Өөрөөр хэлбэл, фото зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд иргэн хуулийн этгээдээс гаргасан нотлох баримт нь нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй бол үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж заасан. Хэрэв байцаагч фото зурагт авагдсан мэдээлэл үнэн гэж үзсэн бол өөрийн биеэр очиж танилцаж, бэхжүүлэх боломжтой байсан. Байцаагч зөрчлийг нотлох, зөрчлийг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн сошиал ертөнцөд хэрэглэгчийг төөрөгдүүлж байна гэдэг агуулгатай гомдол гаргасан. Хариуцагч нь дээрхтэй адил хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нь нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл манай компани сошиал ертөнцөд, фэйсбүүк, твиттер, телевиз, радиогоор ямар зар сурталчилгааг ямар байдлаар явуулсан гэдгийг тогтоогоогүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд зөрчлийг нотлох тухай зохицуулалт байгаа. Эдгээр зар сурталчилгаа нь ямар агуулгатай ямар зар сурталчилгаа явуулсан гэдгийг тогтоогоогүй атлаа шийтгэх хуудас ногдуулсан гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн шийтгэх хуудас нь хууль зүйн хувьд дараах байдлаар үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж бидэнд 3 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан. Гэтэл уг хуулийн заалт нь “...барааны тэмдгийг бараа түүний сав баглаа боодол үйлчилгээнд хэрэглэсэн бол” гэж заасан байдаг. Барааны тэмдэг газар зүйн зүйлийн тухай хуулийн дагуу бол барааны тэмдэг, логог бараанд ашигласан байхыг тогтоох ёстой байсан. Гэтэл манай компани уг тэмдгийг ямар бараа, баглаа боодолд ашиглан үйлчилгээнд хэрэглэсэн талаар тогтоогоогүй. Тодруулбал, бид тээвэрлэж буй ачааны ачаандаа наасан, эсхүл гадна сав баглаанд нь нааж ашигласан уу гэдгийг тодруулаагүй. Барааны тэмдэг газар зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлд барааны тэмдгийн зөрчил гэсэн тус тусдаа зохицуулалт байна. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “...барааны тэмдгийг албан бичиг танилцуулга, бусад баримт, интернет сурталчилгаанд ашигласан бол” зөрчилд тооцохоор гэж заасан. Гэтэл Улсын байцаагч Зар сурталчилгаа интернет орчинд барааны тэмдгийг ашигласан нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн. Хэрэв тухайн үйл баримтыг биечлэн тогтоож шалгасан бол энэ нь дээрх хуулийн заалтад хамаарах байсан.

Гэтэл Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримталсан. Шийтгэлийн хуудаст маш тодорхой бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, зар сурталчилгаа явуулж, сошиал ертөнцөд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нь нотлогдсон гэж байгаа. Хэрэв нотлогдсон бол түүнийгээ нотлох баримтаа цуглуулж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар шийтгэх хуудас оногдуулж, арга хэмжээ авах ёстой байсан.

Мөн ямар зар сурталчилгааг яаж явуулсан талаар тайлбар, мэдүүлэг байхгүй. Албан бланк байсан учраас шалгах шаардлага байгаагүй гэдэг тайлбар хэлж байна. Хэрэглэгч “...зар сурталчилгаа явуулж, манай лого тэмдгийг ашиглаж байна” гэж гомдол гаргасан байдаг. Гэтэл байцаагч үүнийг тогтоолгүйгээр барааны тэмдэг ашигласан мэтээр шийтгэлийн хуудас ногдуулсан. Бид ямар учраас барааны тэмдэгтэй албан вланк бүхий тайлбарыг өгсөн гэхээр “...9.600.000 төгрөг өгч хийлгүүлсэн барааны тэмдгийг бид өөрсдөө хийлгэсэн” гэдэг утгаар зориуд харуулахаар болсон. Харин уг вланкаар өөр газартай харьцсан эсэхийг байцаагч тогтоох ёстой байсан. Эдгээр нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн барааны тэмдэг эзэмшигч биднийг албан вланкдаа барааны тэмдэг ашигладаг гэж гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл маргаагүй зүйлийг маргасан мэтээр ойлгож зөрчил ногдуулж, шийтгэлийн хуудас бичсэн.

Мөн “К Л Г” ХХК нь зар сурталчилгаа явуулж, хэрэглэгчийг сошиал ертөнцөд төөрөгдүүлээд байгаа учраас уг үйл баримтыг шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа шийтгэх хуудаст зар сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн. Үнэхээр Зар сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон гэж үзсэн бол ямар зар сурталчилгааг, ямар хэлбэрээр, яаж явуулсан гэдгийг нотлох ёстой байсан.

Улсын байцаагч шийтгэх хуудасны доор прокурорт гомдол гаргах эрхтэй гэж бичсэн байдаг. Үүний дагуу бид гомдлоо прокурорт хандсан боловч бид шийдвэрлэхгүй гэж тайлбарласан учраас бид шүүхэд хандсан. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү”гэв.

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт Зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн үед Оюуны өмчийн газарт ““А Т” ХХК нь манай барааны тэмдгийг ашигласан гэдэг агуулга бүхий гомдол ирүүлсэн. Үүний дагуу шалгаж “А Т” ХХК-ийн зүгээс н.Т болон н.С гэх хүмүүс ирж уулзсан. Тухайн үед ирүүлсэн гомдлын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу ажиллагааг хийсэн. 

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэж “А Т” ХХК нь барааны тэмдгийг үйлчилгээнд хэрэглэсэн гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эхний 14 хоног прокурорт байлгаж байх явцад “А Т” ХХК нь хугацаа сунгуулах тухай хүсэлтийг холбогдох материалын хамтаар өгсөн. Дээрх хүсэлтийг гаргахдаа “А Т” ХХК нь албан бичигтээ уг барааны тэмдгийг ашигласан байдаг. “А Т” ХХК нь өөрсдөө барааны тэмдэг ашигладаг гэдгээ баталсан гэж үзсэн.

Мөн “К Г Л” ХХК нь барааны тэмдгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотойгоор Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг авсан. ““А Т” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дээрх барааны тэмдгийг бүртгүүлэхээр хандсан боловч бид бүртгэх боломжгүй гэдгийг тайлбарлаж буцаасан байдаг. Үүнийг Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн газрын мэргэжилтэн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд ирж хэргийн материалтай танилцаж байсан этгээдүүд гэрчилнэ.

Хэрэв албан бичигтээ ашиглаж байгаа л бол Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн дагуу 3 сая төгрөгөөр торгуулахаар байгаа. Гэхдээ би шийтгэлийн хуудастаа тухайн үндэслэлийг бичээгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад, гомдол гаргагч ““К Г Л”  ХХК-иас н.А гэдэг хүний дүү ирж мэдүүлэгтэй танилцаж байсан. Тухайн үед холбогдох баримт материалуудаа хавсаргаж байсан.

Гомдол гаргагч нь хэрэглэгч нарынхаа өмнөөс манайд гомдол гаргасан байгаа. Иймээс бид хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “...Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасан байгаа. Дээрх дурдагдсан хоёр компанийн хувьд ижил үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хуулийн заалтыг баримтлах ёстой талаар тайлбартаа тусгасан байгаа.

Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол” гэж заасны дагуу бид үйлчилгээнд хэрэглэсэн гэдэг хэсгийг тодотгон удирдлага болгосон байгаа. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.14, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т: “оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, ... 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.14, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн маргааны зүйлд хамаарах хуулиудад зохицуулж өгчээ.

Гомдол гаргагч “А Т” ХХК-ийн зүгээс “ ... барааны тэмдгийг бараа түүний сав баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн зүйл байхгүй ба ийнхүү хэрэглэсэн гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй тул зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлгүй” гэж маргаж байна.

Хариуцагчийн зүгээс “... Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг зөрчиж, “А Т” ХХК нь өөр компаний бүртгэлтэй барааны тэмдгийг үйлчилгээндээ хэрэглэсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

 “К Г Л” ХХК нь  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болж гэрчилгээ авчээ. Уг барааны тэмдгийг буюу лого-г холбогдогч “А Т” ХХК ашигласан хэмээн оюуны өмчийн улсын байцаагч үзэж, зөрчлийн хэргийг үүсгэн шалгасан байна. Ингэхдээ хариуцагч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол” барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж хуульчилсан ба энэ тохиолдолд гомдол гаргагч /холбогдогч/-ийг “үйлчилгээнд хэрэглэсэн” гэж буруутгажээ.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, шалган шийдвэрлэх зэргийг хариуцагч оюуны өмчийн улсын байцаагчаас гүйцэтгэхдээ хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, гомдол гаргагч А Т” ХХК-ийн 2018 оны 8 сарын 01-ний өдрийн 018/123 дугаар албан бичгийг бичихдээ ашигласан албан бланкид маргаж буй лого бүхий барааны тэмдэг байгаа гэсэн хариуцагчийн тайлбар, холбогдогчоос авсан тайлбар, 1802000273 дугаартай зөрчлийн хэргийн материалаар гомдол гаргагч нь зөрчил гаргасан нь нотлогдож байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.10-д заасныг баримтлан “А Т” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “А Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН