Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

  2022        01        06                                   2022/ШЦТ/46

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч В.З/Wang Zhu/, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.З/Wang Zhu/-д холбогдох эрүүгийн “2111 001136 1348” дугаартай, 186/2022/0021/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын          10-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 4-33 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, В.З,  

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч В.З/Wang Zhu/ нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 22 дугаар гудамжны 311 тоотод нагац дүү Ван Хэмэн /Wang Неmеng/-тэй маргалдаж улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч В.З/Wang Zhu/  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би өвчтэй эгчтэйгээ хамт амьдардаг. Тухайн үед би хөдөө явж ажилаад ирсэн байсан. Тухайн үед надад шилжиж ирсэн гэсэн цагдаагийн бичиг хэрэг болоод би тухайн бичигийг эгчээсээ асуухад номын тавиур дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн бичгийг номын тавиурт хайхад байхгүй байсан. Тэгээд эгчийн хүүхдээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад түүн рүү чулуу шийдсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ван Хэмэн A/Wang Неmеng/-ийн “2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 22 дугаар гудамжны 311 тоотод байх өөрийн гэртээ ганцаараа үлдээд орноосоо босолгүй хэвтэж байтал өглөө 10 цагийн орчим ээжийн төрсөн дүү нь болох В.З/Wang Zhu/ гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд нэг бичиг хайж байгаад надаас “цагдаагийн бичиг хаана байна” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь В.З/Wang Zhu/ ах уурлаад шкафанд байсан эд зүйлсийг авч шидээд байхаар нь би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд босож ирээд В.З/Wang Zhu/ ахын мөрлүү нь гараараа түлхсэн чинь В.З/Wang Zhu/ ах гараараа миний уруул орчимд нэг удаа цохьсон. Тэгээд В.З/Wang Zhu/ ах манайхаас гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал бэр эгч болох Цэнгэл орж ирэхээр нь би болсон зүйлийг хэлээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дугаар тал/,

            2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэнгэлийн:...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 22-311 тоотод хашаандаа мод хагалж байхад манай хүргэн дүү болох В.Знамайг гэртээ орж бай би модыг чинь хагалаад өгье гэж хэлсэн тэгээд би гэртээ ороод 5 минутын дараа эргээд хашаан дотор гараад ирэхэд В.Збайхгүй байсан гэтэл Ван Хэмэнгийн байшингаас орилох чимээ гарсан тэгэхээр нь би байшинруу нь яваад ороход Ван Хэмэн нүүрээ гараараа дарчихсан уйлж байхаар нь би яасан бэ гэж асуухад надаас шар хаданд өгөх цагдаагийн бичгийг асуухад нь би мэдэхгүй гэхэд В.Зах уурлаж уцаарлаад миний уруул руу гараараа цохьсон гэж надад хэлсэн тэгээд Ван Хэмэн өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан юм...гараараа амаа дарсан уйлсан байдалтай зогсож байсан. Тэгээд ам нь цус болсон байхаар нь дараа нь харахад уруул нь хавдсан байсан. Тухайн өдөр эмнэлэг явж оёдол хийлгэсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,

           2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны  өдрийн 8511 дугаартай:..

          1.В.Хэмэн-ийн биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.     

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт.  /хх-ийн 31-32 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

             3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 95 дугаар тал/, Монгол улсад оршин суух үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8511 дугаар дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,  шүүгдэгч В.З/Wang Zhu/-ээс хохирогч Хөмөнгийн  нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч В.З/Wang Zhu/ нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 22 дугаар гудамжны 311 тоотод нагац дүү Ван Хэмэн /Wang Неmеng/-тэй маргалдаж улмаар түүний нүүр тус газар нь гараараа цохиж  түүний биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

        -  хохирогч Ван Хэмэн /Wang Неmеng/-ийн:...тэгээд нэг бичиг хайж байгаад надаас “цагдаагийн бичиг хаана байна” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь В.З/Wang Zhu/ ах уурлаад шкафанд байсан эд зүйлсийг авч шидээд байхаар нь би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд босож ирээд В.З/Wang Zhu/ ахын мөрлүү нь гараараа түлхсэн чинь В.З/Wang Zhu/ ах гараараа миний уруул орчимд нэг удаа цохьсон….гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дугаар тал/,

        - гэрч Б.Цэнгэлийн:...Ван Хэмэнгийн байшингаас орилох чимээ гарсан тэгэхээр нь би байшин руу нь яваад ороход Ван Хэмэн нүүрээ гараараа дарчихсан уйлж байхаар нь би яасан ба гэж асуухад надаас шар хаданд өгөх цагдаагийн бичгийг асуухад нь би мэдэхгүй гэхэд В.Зах уурлаж уцаарлаад миний уруулруу гараараа цохьсон гэж надад хэлсэн тэгээд Ван Хэмэн өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан юм...тухайн өдөр эмнэлэг явж оёдол хийлгэсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны  өдрийн 8511 дугаартай дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой цагдаагийн бичиг хаана байгаа талаар маргалдаж, үл ойлголцон бие биедээ хүндэтгэлтэй ханддаггүйгээс шалтгаалан уураа барьж дийлэлгүйгээр хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  Ван Зүүгийн /Wang Zhu/ гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  В.З/Wang Zhu/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч Ван Хэмэн /Wang Нemеng/ нь шүүгдэгч В.З/Wang Zhu/-ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.З/Wang Zhu/ нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн  баримтаар ирүүлсэн хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч  В.З/Wang Zhu/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.З/Wang Zhu/-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.З/Wang Zhu/оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.З/Wang Zhu/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.  Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.З/Wang Zhu/авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

.      

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ