Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/47

 

 

 

 

 

  2022          01          06                                      2022/ШЦТ/47

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Ням-Очир, шүүгдэгч Г.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн  шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мт холбогдох эрүүгийн “2111 00000 1327” дугаартай, 186/2022/0019/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 18-252 тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.М,

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Г.М нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 16-2126 тоотод А.Алтангэрэлийг гэртээ байхад нь 774.600 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А52 маркийн гар утас, дотроо 260.000 төгрөг бүхий  хэтэвч зэргийг авч бусдад 1.034.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Алтангэрэлийн:...би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тараад ажпын хүмүүстэй жоохон архи уучихаад гэртээ ирсэн чинь хашааны хаалган дээр Мөнгөнхуягтай таараад манай гэрт хамт орсон чинь Мөнгөнхуяг халамцуу явж байсан, тэгээд Мөнгөнхуяг намайг ганц юм аваад өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь надаас утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь утсаа өгсөн чинь нэг дугаарт залгаад нөгөө дугаар нь авахгүй байсан тэгээд миний утсыг буцаагаад өгсөн, тэгээд бас архи аваад өгчих гээд гуйгаад байхаар нь би төрсөн ах Цэндсүрэнд утсаар залгаад энэ Мөнгөнхуяг орж ирээд архи аваад өгөөч гээд байна гэсэн чинь удалгүй манай ах ирээд Мөнгөнхуягийг аваад гараад явсан. Тэгээд би утас, хэтэвчтэй мөнгө хоёроо дэрэн доогуураа хийгээд унтаад өгсөн. Тэгээд удалгүй сэрээд дэрэн доор хийсэн утас, хэтэвчтэй мөнгө хоёроо авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг утсаа дэрэн доогуур хийж байхад Мөнгөнхуяг хараад байж байсан. Миний утас улаан өнгийн Самсунг А52 маркийн утас байсан, 2021 оны 8 дугаар сард хамт ажилдаг хүнээсээ 350.000 төгрөгөөр авч байсан. Миний хэтэвч хүрэн өнгөтэй 260.000 төгрөг, 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

          2.2. Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан Самсунг А52 загварын гар утас 774.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

             3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 40 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан Самсунг А52 загварын гар утас 774.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүгдэгч Г.М нь хохирогч А.Алтангэрэлд 16034000 төгрөгөө 3 сарын дотор төлж барагдууулна гэх бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Г.М нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 16-2126 тоотод А.Алтангэрэлийг гэртээ байхад нь 774.600 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А52 маркийн гар утас, дотроо 260.000 төгрөг бүхий  хэтэвч зэргийг хулгайлж  бусдад 1.034.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч А.Алтангэрэлийн:...би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тараад ажпын хүмүүстэй жоохон архи уучихаад гэртээ ирсэн чинь хашааны хаалган дээр Мөнгөнхуягтай таараад манай гэрт хамт орсон чинь Мөнгөнхуяг халамцуу явж байсан, тэгээд Мөнгөнхуяг намайг ганц юм аваад өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь надаас утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь утсаа өгсөн чинь нэг дугаарт залгаад нөгөө дугаар нь авахгүй байсан тэгээд миний утсыг буцаагаад өгсөн, тэгээд бас архи аваад өгчих гээд гуйгаад байхаар нь би төрсөн ах Цэндсүрэнд утсаар залгаад энэ Мөнгөнхуяг орж ирээд архи аваад өгөөч гээд байна гэсэн чинь удалгүй манай ах ирээд Мөнгөнхуягийг аваад гараад явсан. Тэгээд би утас, хэтэвчтэй мөнгө хоёроо дэрэн доогуураа хийгээд унтаад өгсөн. Тэгээд удалгүй сэрээд дэрэн доор хийсэн утас, хэтэвчтэй мөнгө хоёроо авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг утсаа дэрэн доогуур хийж байхад Мөнгөнхуяг хараад байж байсан. Миний утас улаан өнгийн Самсунг А52 маркийн утас байсан, 2021 оны 8 дугаар сард хамт ажилдаг хүнээсээ 350.000 төгрөгөөр авч байсан. Миний хэтэвч хүрэн өнгөтэй 260.000 төгрөг, 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг хохирлын үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байх үед нь түүний гэрт орж гар утас, хэтэвч  зэргийг нь  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Г.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Г.Мийг нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Г.Мийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Маас 1.034.000 төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч А.Алтангэрэлд 3 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсоныг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Г.Маас 1.034.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Алтангэрэлд олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

         

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ