Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/48

 

 

 

 

 

  2022         01         06                                     2022/ШЦТ/48

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Аэд холбогдох эрүүгийн “2102 00000 0324” дугаартай, 186/2022/0023/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа эсгий улавч хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамж 52 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын   20-ний өдрийн 20 дугаартай магадлалаар 2 жил 8 cap 22 хоног болгон өөрчлөлт оруулж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, М.А,

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, КFС хоолны газрын орчим автомашины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 1.0 грамм тетрагидроканнабинолын /tetrahydrocannabinol/ агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

   1.1.Шүүгдэгч М.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр М.Аийн мэдүүлсэн:..2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байх үед “Тэнгис” кино театрын ойролцоо байдаг КFС-ийн баруун талд байрлах автомашины ил зогсоол дээр эхнэр Ганчимэгийн нэр дээр байдаг 96-24 УАА улсын дугаартай хар өнгийн тоёото приус-20 тээврийн хэрэгсэлд ганцаараа сууж байхад цагдаа барьсан.  Миний бие ТНС агууламжтай шавар гэх мансууруулах бодис байсан. Би цагдаад баригдаад мансууруулах бодис хадгалж байсан газраа сайн дураараа хэлсэн. Тухайн мансууруулах бодис нь миний өмсөж явсан бор өнгийн савхин хүрмэний баруун талын дотор халаасанд хаан сүүтэй цайны уутанд наасан байдалтай байсан. Мөн хуйлсан 50 төгрөгний дэвсгэрт, асаагуур хар өнгийн савхин түрүүвч байсан. Миний биед болон машин дотор өөр хууль бус зүйл байгаагүй. Би энэ бодисыг машинаа цэвэрлэж байгаад хогоо сэгсэртэл газарт унах үед нь олсон. Би өөрөө таксинд явдаг болохоор хэзээ, хэн суухдаа үлдээснийг мэдэхгүй байна. Би өөрөө өмнө энэ асуудлаар хорих хэрэгт холбогдож, хорих ял авч байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 2 удаа хэрэглэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганчимэгийн:..бид гэр бүл болоод 15 жил болж байна, 3 хүүхэдтэй,том нь 8 дугаар анги, дунд хүүхэд 5 дугаар анги,  бага нь 5 настай. Том хүүгээ гарсны дараа тусдаа гарч байсан. Алтансүх аавтайгаа хамт тендерийн ажил их хийдэг. БНХАУ-аас цахилгааны төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж 3 дугаар цахилгаан станцад нийлүүлдэг байсан. Аав нь ажлаа солиод манай хүн ганцаардаж нэг хэсэг ажилгүй байсан. Мах маркетэд мэргэжлээрээ ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Өмнө нь хар тамхины хэргээр 2016 онд баригдаж, 6 жилийн хорих ял авч, чанга дэглэмтэй хорих байгууллагад ял эдэлсэн. Хуулийн тэгштгэлээр гарч ирсэн, гарч ирсэнээсээ хойш ямар ч хамаагүй хар, бор ажил гололгүй хийдэг болсон. Ямарч асуудалгүй ажлаа хийдэг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

           2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5115 дугаартай:...

           1.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Баавар сүүтэй цай” гэсэн бичиглэлтэй гялгар уутанд ороосон бор ногоон өнгийн зүйл, АY5829960 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/  илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсалтанд багтдаг болно.

           2.”Баавар сүүтэй цай” гэсэн бичиглэлтэй гялгар уутанд ороосон бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 1.5гр цэвэр жин нь 1.0гр байна. Химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэсэн дүгнэлт. /хх-ийн 24-25 дугаар тал/,

          2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5116 дугаартай:...

           1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М.А нь ХЕ85081219, 2021.11.02” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino[D1] /  илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-30 дугаар тал/,

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас            /хх-ийн 38 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын       15-ны өдрийн 5115 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5116 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 24-25, 29-30 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС хоолны газрын орчим автомашины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 1.0 грамм тетрагидроканнабинолын /tetrahydrocannabinol/ агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

- гэрчээр М.Аийн мэдүүлсэн:..2021оны 11 дүгээр сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байх үед Тэнгис кино тетарын ойролцоо байдаг КFС-н баруун талд байрлах автомашины ил зогсоол дээр эхнэр Ганчимэгийн нэр дээр байдаг 96-24 УАА улсын дугаартай хар өнгийн тоёото приус-20 тээврийн хэрэгсэлд ганцаараа сууж байхад цагдаа барьсан.  Миний бие ТНС агууламжтай шавар гэх мансууруулах бодис байсан. Би цагдаад баригдаад мансууруулах бодис хадгалж байсан газраа сайн дураараа хэлсэн. Тухайн мансууруулах бодис нь миний өмсөж явсан бор өнгийн савхин хүрмэний баруун талын дотор халаасанд хаан сүүтэй цайны уутанд наасан байдалтай байсан. Мөн хуйлсан 50 төгрөгний дэвсгэрт, асаагуур хар өнгийн савхин түрүүвч байсан. Миний биед болон машин дотор өөр хууль бус зүйл байгаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

- гэрч Д.Ганчимэгийн:..бид гэр бүл болоод 15 жил болж байна, 3 хүүхэдтэй,том нь 8 дугаар анги, дунд хүүхэд 5 дугаар анги,  бага нь 5 настай. Том хүүгээ гарсны дараа тусдаа гарч байсан. Алтансүх аавтайгаа хамт тендерийн ажил их хийдэг. БНХАУ-аас цахилгааны төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж 3 дугаар цахилгаан станцад нийлүүлдэг байсан. Аав нь ажлаа солиод манай хүн ганцаардаж нэг хэсэг ажилгүй байсан. Мах маркетэд мэргэжлээрээ ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Өмнө нь хар тамхины хэргээр 2016 онд баригдаж, 6 жилийн хорих ял авч, чанга дэглэмтэй хорих байгууллагад эдэлсэн. Хуулийн тэгштгэлээр гарч ирсэн, гарч ирсэнээсээ хойш ямар ч хамаагүй хар, бор ажил гололгүй хийдэг болсон. Ямарч асуудалгүй ажлаа хийдэг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5115 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5116 дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 24-25, 29-30 дугаар тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А “энэ бодисыг машинаа цэвэрлэж байгаад хогоо сэгсэртэл газарт унах үед нь олсон. Би өөрөө таксинд явдаг болохоор хэзээ, хэн суухдаа үлдээснийг мэдэхгүй байна” гэж  мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлдэг боловч шүүгдэгч энэ  шаардлагатай баримт, мэдүүлгийнхээ    эх сурвалжийг үндэслэлтэй эсэхийг шалгуулахаар мөрдөн байцаалтын  ажиллагаа хийлгэх эрхтэй ч энэ талаар мөрдөн  шалгах ажиллагааны, прокурорын хяналтын,  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  явцад ямар нэг хүсэлт гаргаагүй  нь шүүгдэгчийн дээрхи мэдүүлгийг үгүйсгэж байна.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Аийг сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аэд 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэ-Болор нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг зааж өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулсан ял шийтгэл оногдуулах ёстой. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх гэсэн байгаа.Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял шийтгэгдсэн боловч ялаа эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөн гэмт хэрэг. Иймд шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 5 хүртэлх жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд 01 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:

АҮ5829960 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 грамм шавар мэт зүйл, “Баавар сүүтэй" гэсэн бичиглэлтэй гялгар цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АҮ5829960 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1грамм шавар мэт зүйл, “Баавар сүүтэй" гэсэн бичиглэлтэй гялгар цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

 


 [D1]tjx