Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

 

 

 

 

2022        01        07                                   2022/ШЦТ/50

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Э.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн “2011 01471 1112” дугаартай, 186/2022/0020/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын засвар үйлчилгээний мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 8 дугаар хороо, Уурхайчны 1-28 тоотод оршин суух хаягтай, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Э.Э,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Сава Монтаж” ХХК-ийн жолоочоор ажиллаж байх үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн гражаас нэг бүр нь 695.980 төгрөгийн үнэлгээ бүхий DH-SD49292T-HN маркийн хяналтын камер 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Болдод 1.391.960 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болдын:.. би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хойд агуулахад менежер болох Х.Ундрахын хамт очиж тооллого хийсэн тухайн өдөр би агуулахад  байсан бараа материалыг өөрийн  биеэр тоолж Ундрахаар бичүүлсэн юм. Тухайн өдөр хойд  агуулахад  29 нэр төрлийн бүтээгдэхүүн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд тооллого хийхэд SD49212M-HN загвараас 39 ширхэг үлдсэн бас бичигч энэ тэр нь бүгд байсан.Сава монтаж ХХК-ийн бараа бүтээгдэхүүн гаалиар оруулж ирсэн гаалийн мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бараа материал тооллогын бүртгэл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах болзолтой 5 ширхэг акт болон гар утсаараа сүүлд 2020 оны 04 дүгээр сард дарсан хураалттай камерын зургийг хавсаргуулъя. Эдгээр баримтуудаас өөр надад алдагдсан камерын тоог гаргуулах баримт байхгүй. Гаалиар 2019 оны 11 дүгээр сард 48 камер орж ирсэн. Үүнээс ус сувгийн удирдах газар 9 ширхэг камер суурилуулаад агуулахад 2019 оны 12 дугаар сарын 29-ний тооллогоор агуулахад 39 ширхэг камер байна гэж бүртгэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зарсан зураг дээр 40 ширхэг цагаан хайрцагтай зүйлээс 7 ширхэг нь бичигч байгаа юм. Тэгэхээр тэнд 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 32 ширхэг камер үлдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-42 дугаар тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Зулцэцэгийн:.. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр үдээс хойш буюу өдрийн 15 цагийн орчим Болд гэх хүний жолооч Эрдэнэ-Өвөөлж гэх залуу манай ажил дээр ирээд надад камер байгаа танайх авах уу гэсэн. Манайх зөвшөөрөөд камерыг чинь үзье гэж хэлэхэд гаднаас 2 хяналтын камер барьж орж ирээд манайх 2 ширхэгийг нь 500.000 төгрөгөөр авахаар тохирч эхний өдөр нь 400.000 төгрөг шилжүүлж өгөөд 2 камерыг нь авч, үлдсэн 100.000 төгрөгийг нь маргааш нь Эрдэнэ-Өвөөлж гэх хүн залгаад танайх мөнгөө шилжүүлчих би камерын холболтын утас аваад очно гэж хэлээд дансаар авсан гэх мэдүүлэг. /хх-ийн  59-61 дүгээр тал/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ундрахын:..тухайн гражны түлхүүр Болдод байдаг өөр ямар нэгэн хүнд байдаггүй. Тухайн гражид ямар нэгэн хүн түлхүүртэй орох боломжгүй гэж бодож байна. Ингээд хэсэг хугацааны дараа Г.Болд захирал над руу залгаад Эрдэнэ-Өвөөлж машиныг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад байх шиг байна чи машины түлхүүр аваад хэрэгцээтэй үед нь Эрдэнэ-Өвөөлжид өгч бай гэж хэлсэн. Эл-200 машины түлхүүрийн оосор дунд гражны түлхүүр байдаггүй байсан гэх мэдүүлэг./хх-ийн 62-63 дугаар тал/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Сүлдцэцэгийн:..2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлж авч байсан. Ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй байна. Камер гэсэн утгатай мөнгө орсон байсныг өөрөө миний картаас гаргуулж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 75 дугаар тал/,

2.5.“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-21-536 дугаартай дүгнэлт.  /хх-ийн 78-79 дүгээр тал/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 114 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан 1.391.960 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 78-79 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүгдэгч Э.Э нь хохирогч Н.Болдод 1.391.960 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг талж барагдуулах тухай  хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Сава Монтаж” ХХК-ийн жолоочоор ажиллаж байх үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн гражаас нэг бүр нь 695.980 төгрөгийн үнэлгээ бүхий DH-SD49292T-HN маркийн хяналтын камер 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь :

- хохирогч Г.Болдын:..2019 оны 12 дугаар сарын 29-ний тооллогоор агуулахад 39 ширхэг камер байна гэж бүртгэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зарсан зураг дээр 40 ширхэг цагаан хайрцагтай зүйлээс 7 ширхэг нь бичигч байгаа юм. Тэгэхээр тэнд 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 32 ширхэг камер үлдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-42 дугаар тал/,

-  гэрч А.Зулцэцэгийн:.. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр үдээс хойш буюу өдрийн 15 цагийн орчим Болд гэх хүний жолооч Эрдэнэ-Өвөөлж гэх залуу манай ажил дээр ирээд надад камер байгаа танайх авах уу гэсэн. Манайх зөвшөөрөөд камерыг чинь үзье гэж хэлэхэд гаднаас 2 хяналтын камер барьж орж ирээд манайх 2 ширхэгийг нь 500.000 төгрөгөөр авахаар тохирч эхний өдөр нь 400.000 төгрөг шилжүүлж өгөөд 2 камерыг нь авч, үлдсэн 100.000 төгрөгийг нь маргааш нь Эрдэнэ-Өвөөлж гэх хүн залгаад танайх мөнгөө шилжүүлчих би камерын холболтын утас аваад очно гэж хэлээд дансаар авсан гэх мэдүүлэг. /хх-ийн  59-61 дүгээр тал/,

-   гэрч Х.Ундрахын:..тухайн гражны түлхүүр Болдод байдаг өөр ямар нэгэн хүнд байдаггүй. Тухайн гражид ямар нэгэн хүн түлхүүртэй орох боломжгүй гэж бодож байна. Ингээд хэсэг хугацааны дараа Г.Болд захирал над руу залгаад Эрдэнэ-Өвөөлж машиныг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад байх шиг байна чи машины түлхүүр аваад хэрэгцээтэй үед нь Эрдэнэ-Өвөөлжид өгч бай гэж хэлсэн. Эл-200 машины түлхүүрийн оосор дунд гражны түлхүүр байдаггүй байсан гэх мэдүүлэг./хх-ийн 62-63 дугаар тал/,

-  гэрч Н.Сүлдцэцэгийн:..2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлж авч байсан. Ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй байна. Камер гэсэн утгатай мөнгө орсон байсныг өөрөө миний картаас гаргуулж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 75 дугаар тал/ гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван бусдад зарж борлуулсныг  шүүгдэгч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Э.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Э.Эид нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

Шүүгдэгч нь бусдад учруулсан 1.391.960 төгрөгний хохирлоос 500000 төгрөгийг төлж барагдуулсан  үлдэх 891960 төгрөгийн хохирлыг графикийн дагуу нөхөн  төлөхөө илэрхийлж  шүүхэд  бичгээр  хүсэлт  гаргаж өгч байгааг шүүх  хүлээн  авч Э.Эөөс 891960 төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Г.Болдод сар бүр 500.000 төгрөг өгч төлж барагдуулахаар тохиролцсоныг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Э.Эөөс 891960 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болдод олгосугай.

6. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч         Э.Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ