Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

 

 

 

  2022        01        12                                   2022/ШЦТ/58

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны  шүүхийн байранд

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1911 00418 0453” дугаартай, 186/2022/0016/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа “Ган трейд” ХХК-нд нүүрс түгээгч цагийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ 4 дүгээр хэсэг, гудамжны 104 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Мон-Лаагийн 17-1 тоотод оршин суудаг гэх

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Цогтбаатарын Мөнх- Эрдэнэ /РД:МЮ94080713/,

          Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь  иргэн Ч.Мягмардоржоос “хямд үнээр нөүтбүүк худалдан авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг, мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айфоне центр” төв дотор бэлнээр 300.000 төгрөгийг тус тус авч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1.Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Мягмардоржийн:..надад зөөврийн компьютер хэрэгтэй болоод тэрийгээ Мөнх-Эрдэнэд ярьж хэлэхэд манай эгч ПС моллд ажилладаг, гайгүй үнээр бэлэн мөнгөөр нь авна, ахдаа мөнгө өгчихөө тэгээд аваад өгье гээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 300.000 төгрөгийг Улсын их дэлгүүрт, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороо Айфоне центрийн    АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад өөрт байсан 100.000 төгрөгтэй нийлүүлээд 300.000 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 600.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд өгсөн. Надаас авахдаа компьютер авахад чинь нэмэрлэнэ гэж хэлээд авсан боловч надад компьютер авч өгөөгүй. Бас авсан мөнгөө огт өгөөгүй.ПС моллруу цуг яваагүй. Надад эхлээд эгчээсээ авч өгнө гэж байгаад мөнгө авсныхаа дараа сүүлд банкнаас лизингээр авахаар цуг очиж уулзсан. Гэтэл урьдчилгаанд 200.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь 300.000 төгрөг болгоод Мөнх- Эрдэнэд өгтөл компьютер лизингээр аваагүй. Мөнгөө буцааж авмаар байна гэх мэдүүлэг       /хх-ийн 25/,

        Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас         /хх-ийн 34 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, хохирогч Ч.Мягмардоржийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Ч.Мягмардорж нь Ц.Мөнх-Эрдэнээс 600.000 төгрөгний хохирлоо гаргуулах тухай шүүхэд бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь  иргэн Ч.Мягмардоржоос “хямд үнээр нөүтбүүк худалдан авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг, мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айфоне центр” төв дотор бэлнээр 300.000 төгрөгийг тус тус авч нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - хохирогч Ч.Мягмардоржийн:..надад зөөврийн компьютер хэрэгтэй болоод тэрийгээ Мөнх-Эрдэнэд ярьж хэлэхэд манай эгч ПС моллд ажилладаг, гайгүй үнээр бэлэн мөнгөөр нь авна, ахдаа мөнгө өгчихөө тэгээд аваад өгье гээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 300.000 төгрөгийг Улсын их дэлгүүрт, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороо Айфоне центрийн    АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад өөрт байсан 100.000 төгрөгтэй нийлүүлээд 300.000 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 600.000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд өгсөн. Надаас авахдаа компьютер авахад чинь нэмэрлэнэ гэж хэлээд авсан боловч надад компьютер авч өгөөгүй. Бас авсан мөнгөө огт өгөөгүй.ПС моллруу цуг яваагүй. Надад эхлээд эгчээсээ авч өгнө гэж байгаад мөнгө авсныхаа дараа сүүлд банкнаас лизингээр авахаар цуг очиж уулзсан. Гэтэл урьдчилгаанд 200.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь 300.000 төгрөг болгоод Мөнх- Эрдэнэд өгтөл компьютер лизингээр аваагүй. Мөнгөө буцааж авмаар байна гэх мэдүүлэг       /хх-ийн 25/,

            - “Хаан” банкны  депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хх-ийн 16-18 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилаж авсаныг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь  “...манай эгч ПС моллд ажилладаг, гайгүй үнээр бэлэн мөнгөөр нь авна, ахдаа мөнгө өгчихөө тэгээд аваад өгье гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан түүнээс 600.000 авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ц.Мөнх-Эрдэнийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн үйлдсэн  гэмт хэрэг нь цаг хугацааны  хувьд  2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн болох  нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд  хамаарна” гэж хуульчилсан байх тул                    Ц.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамрагдаж байх тул шүүгдэгчид  оногдуулсан  хорих ялыг  өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

Ц.Мөнх-Эрдэнийн урьд 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заалтад хамрагдаж байх тул Ц.Мөнх-Эрдэнийн 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй  байна гэж шүүх үзлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “ Энэ хуулийн 5.2, 5.3-д заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын  дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь гэм буруугийн талаар маргаагүй,                     Ц.Мөнх-Эрдэнээс 600.000  төгрөгний хохирол гаргуулж хохирогч Ч.Мягмардоржид олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2, Өршөөл үзүүлэх тухай /2021.07.02/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4, 12.7 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнийг /РД:МЮ94080713/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ц.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.3 дугаар зүйлийн  1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнээс 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мягмардоржид олгосугай.

6. Ц.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.