Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

 

 

 

  2022        01        13                                  2022/ШЦТ/60

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Э.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Айраг овогт Ганзоригийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн “2103 00243 0378” дугаартай, 186/2022/0045/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 6  дугаар хороо, 46 дугаар байрны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г.Т,

          Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Тасганы овооны Петровис шатахуун түгээх станцын хойд замд “Toyota Рассо” маркийн 17-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөделгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна:                г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 12.3.’Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Хатанбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Г.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

           1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04 цагийн орчимд над руу цагдаагийн байгууллагаас танай нөхөр осолд орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд намайг очиход манай нөхөр машинд дайруулсан байсан. Миний нөхөр нь муу зуршилгүй хүн байсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Шүүгдэгчийн зүгээс 7.000.000 төгрөг төлсөн байгаа. Манай нөхөр, бид хоёр 18.000.000 төгрөгийн машин авсан. Би өөрөө 2 хүүхдээ хардаг ажил хийж чаддаггүй. Тийм учраас машины мөнгийг төлөх шаардлагатай байна. Мөн 2 хүүхдээ 18 нас хүртэл нь тэтгэмж авах хүсэлтэй байна гэв. 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонтуяагийн:..манай нөхөр Б.Хатанбаатар нь 100-н айлд хувиараа ачаа буулгаж ачдаг ажил хийдэг юм. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед би хүүхдийнхээ 85022899 дугаараас нөхрийнхөө дугаарлуу залгасан чинь дуудаж байгаад унтарчихаар дахиад залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд шөнийн 04 цагийн үед Замын цагдаагаас ярьж байна гээд “манай нөхрийн овог нэрийг асуугаад эргээд залганаа гэж хэлсэн” Оршуулгын зардалд 5.800.000 төгрөг гарсан. Маш их гомдолтой байна,  дахиад өшөө юм хийж бүтээх байсан, дээр нь би 2 хүүхэдтэйгээ үлдчихлээ, ар гэр ахуй амьдралаа авч явдаг байсан. Нэхэмжпэх зүйлийн талаар одоохондоо хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг.                      /1 дүгээр хавтаст хэргийн, 35-36 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.Энхжавхлангийн:...хүү Төгөлдөр миний эзэмшлийн “Toyota Рассо” маркийн 17-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоод халтуур хийнэ гээд гарсан. Тэгсэн 04 цагийн үед манай хүү Төгөлдөр надруу 99681882 дугаараас залгаад ээжээ би хүн мөргөчихлөө та хүрээд ирээч гэсэн гэх мэдүүлэг.                     /1 дүгээр хавтаст хэргийн, 93-94 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Дөлгөөний:....бид нар         зургуулаа 1 литрийн виски, 8 шил пиво хувааж уусан. Шөнийн 2 билүү 3 цаг өнгөрч байсан байх бөөндөө гарахад Төгөлдөр хамгийн түрүүнд за баяртай гээд явсан. Төгөлдөр би нээх уухгүй ээ гээд пиво уугаад байсан шиг санагдаж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтаст  хэргийн, 101 дүгээр тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1821 дугаартай:..

      1. Талийгаач Б.Хатанбаатарын цогцост зүүн шилбэний шаант ясны бампер хугарал гол судасны нум хэсгийн язарч урагдсан шарх, голт хэсгийн цус хуралт, гавлын дух, зулайн заадасны дунд хэсгээс баруун тийш, дух, баруун зулайн заадсаар салж, чамархайгаар суурийн баруун дунд хонхрын голоор, чулуулаг ясны урд хэсэг шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, дагзны  гадна хажуу, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхан доорх цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнд цус хуралт, баруун өвдөгний үений мултрал, холбоосны урагдал, зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зулайн зүүн урд хуйх, зүүн бугалганы гадна ба ар доод хэсэг, тохойнд язарсан шарх, духны зүүн хөмсөг, нүд зовхины гадна хэсэг, зүүн чамархай, чих, хацар, шанаа, эрүүний зүүн хэсэг, мөрний ар хэсэг, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн бугалганы гадна ба ар доод тохой, шууны гадна дунд хэсэг, баруун сарвуу, тохой, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам ослын үед автомашинд мөргүүлснээс үүссэн байна.

         3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай,  зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун үений мултрал, холбоосны урагдал, гол судасны нум хэсгийн язарч урагдсан голт хэсгийн цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнд цус хуралт, гавал, тархины битүү гэмтэл, биеийн гадаргуугийн шарх, зулгаралт, цус хуралт, гэсэн дарааллаар үүсэн байх боломжтой.

         4. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

         5. Талийгаач нь гол судасны нум хэсгийн язарч урагдсан шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас баржээ.

         6. 2020.09.04-ний 07:50 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3 цаг орчим болсон байжээ.

            7. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Ахлах шинжээч, эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, 110-111 дүгээр тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2530 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн хар цамц 250*140мм, хар фудволка 330*290мм, 130*70мм, хар жинсэн өмд 80*20мм хэмжээтэй талбайд хатуу зүйлтэй харилцан үрэлтийн хүч үйлчлэх үед үүссэн шинэ халцралт, саарал оймс 25*7мм хэмжээтэй талбайд хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цоорсон  гэмтлүүдтэй байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн хар цамц, хар фудболка, хар жинсэн өмдөнд үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн хар цагаан пүүзэн гутал ямар нэгэн гэмтэлгүй байна.

            4. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад автомашины дугуйн тосон мөр илрэхгүй байна.

            5. Шинжилгээ хийхэд шинээр нөхцөл байдал илрээгүй болно. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Галбадрах гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 124-125 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4091 дугаартай:

           1. Шинжилгээнд ирүүлсэн Төгөлдөр гэж хаягалсан, улаан өнгийн тагтай “001214885” гэсэн дугаартай хуруун шилтэй, 0.05 мл цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

           2. Уг хуруу цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. Бактериологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Г.Цаст-Оргил гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, 151-152 дугаар тал/,

           2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4090 дугаартай:

           1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Төгөлдөр гэж хаягласан хуруу  шилтэй цусанд 1.4 промилли спирт илэрсэн. Илэрсэн 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргал гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, 155-156 дугаар тал/,

           2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугар сарын 01-ний өдрийн 4122 дугаартай:

            1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн цамц, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, хар саарал өнгийн оймс, цагаан алаг өнгийн хос пүүз, хар өнгийн фудволкан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Билогийн шинжээч, цагдааийн ахмад Ц.Бямбадорж гэх дүгнэлт./ дүгээр хавтас, 162-163 дугаар тал/,

            2.7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 722 дугаартай:

            1. Г.Т нь сэтгэцийн хувьд F.20.0 шизофрений хий үзэгдэл, дэмийрэлийн хэлбэр байна. Дээрх эмгэг нь засрал сайжралын байдалтай байна. F.20.0 шизофрени өвчин нь дотоод буюу олон шалтгаантай сэтгэцийн архаг эмгэг болно.

            2. Г.Т нь сэтгэцийн хувд F.20.0 шизофрений хий үзэгдэлт дэмийрэлийн хэлбэр өвчтэй боловч одоогоор дээрх эмгэг нь засрал сайжралын байдалтай байгаа тул мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3. Г.Т нь одоогоор болж буй үйл явдлыг бодитоор тусган ойлгох чадвартай байна.

             4. Г.Тийн F.20.0 буюу шизофрени өвчин нь дотоод буюу олон шалтгаант эмгэг болно. Комиссын дарга О.Баатар, гишүүн Я.Ганхүү, илтгэгч Л.Баттулга гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, 171-174 дүгээр тал/,

            2.8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 893 дугаартай:

            1. Г.Т нь осол хэрэг гарах үеийн үйл явдлыг бодитоор тусган ойлгох, мэдүүлэх чадвартай байна.

            2. Г.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга Д.Дэжидмаа, гишүүн Я.Ганхүү, илтгэгч Л.Баттулга гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, 186-187 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн 207 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 208 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  дүгнэлтүүд,  мөрдөгчийн магадлагаа /хх-н 190-191 дүгээр тал, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Тасганы овооны Петровис шатахуун түгээх станцын хойд замд “Toyota Рассо” маркийн 17-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөделгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна:                г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 12.3.’Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Хатанбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

    - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонтуяагийн:..шөнийн 04 цагийн үед Замын цагдаагаас ярьж байна гээд “манай нөхрийн овог нэрийг асуугаад эргээд залганаа гэж хэлсэн” Оршуулгын зардалд 5.800.000 төгрөг гарсан. Маш их гомдолтой байна,  дахиад өшөө юм хийж бүтээх байсан, дээр нь би 2 хүүхэдтэйгээ үлдчихлээ, ар гэр ахуй амьдралаа авч явдаг байсан. Нэхэмжпэх зүйлийн талаар одоохондоо хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг  / 1 дүгээр хавтаст хэргийн, 35-36 дугаар тал/,

    -  иргэний хариуцагч Д.Энхжавхлангийн:...хүү Төгөлдөр миний эзэмшлийн “Toyota Рассо” маркийн 17-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоод халтуур хийнэ гээд гарсан. Тэгсэн 04 цагийн үед манай хүү Төгөлдөр надруу 99681882 дугаараас залгаад ээжээ би хүн мөргөчихлөө та хүрээд ирээч гэсэн гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн, 93-94 дүгээр тал/,

    -  гэрч А.Дөлгөөний:....бид нар зургуулаа 1 литрийн виски, 8 шил пиво хувааж уусан. Шөнийн 02 билүү 03 цаг өнгөрч байсан байх бөөндөө гарахад Төгөлдөр хамгийн түрүүнд за баяртай гээд явсан. Төгөлдөр би нээх уухгүй ээ гээд пиво уугаад байсан шиг санагдаж байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтаст  хэргийн, 101 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1821, 2530, 4091, 4090, 4122, шүүх сэтгэц эмгэг судлалын 722, 893 дугаартай дүгнэлтүүд, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, замын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон Г.Тийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл буюу автомашин жолоодож болохгүй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний  амь нас  хохирсон,  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна.  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Тийг  “Авто тээврийн  хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, түүнтэй  холбоотой гарах зардлууд болох оршуулгын зардал, өмгөөлөгчийн төлбөр, мөн амь хохирогчийн өөрийнх нь линзингээр авсан автомашины зээлийн төлбөр зэрэг нийт 21.121.215 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч оршуулгын зардалд 7.000.000 төгрөг төлснийг  хохирогч хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Г.Төөс үлдэх 14.121.215 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч О.Оюунтуяад олгох нь зүйтэй  байна гэж  шүүх үзлээ.

Шүүх  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтуяад өмгөөлөгчийн төлбөр, болон амь хохирогчийн амьд  байхдаа өөрийнхөө нэр дээр “Фикс Фанд” ББСБ-гаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ  байгуулж авсан                            AZK10-2008034 арлын дугаартай мөнгөлөг өнгийн Toyoto sai маркийн автомашины зээлийн төлбөр зэргийг шүүгдэгчээс гаргуулж олгохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтуяагийн ахуй амьдрал, төлбөр төлөх нөхцөл, боломж, 1-7 насны буюу бага насны  хоёр хүүхэдтэй, ажил хийх нөхцөл бололцоо байхгүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг  харгалзаж үзлээ.  

Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  дээрхи зардлуудыг гаргахад  татгалзах зүйлгүй,  өөрийнхөө  боломжоороо хохирогчид  хохирлыг  төлж барагдуулна гэж   шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгааг дурьдах нь  зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч О.Оюунтуяагаас 2 хүүхдийг  насанд хүрэх хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүний зөрүүг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх  баримт дутуу, шүүхэд гаргаж өгсөн баримт  нь хуулийн шаардлага хангахгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, харин цаашид нотлох баримтаа хууль журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич  нэхэмжлэх эрхтэй  болохыг  дурьдаж  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Тт  7 /долоон/ жилийн хугацаагаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Авто тээврийн  хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоон/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Төөс 14.121.215 /арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван таван / төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонтуяад олгосугай.    

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонтуяа нь хүүхдийн тэтгэлгийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Тт авсан хувийн гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ