Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00241

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, утас ***********, РД:БЗ********** Ж овогт Б н Ж ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг (цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А , утас **********)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А , хариуцагчийн өмгөөлөгч Х.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09, Б/10 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус цэцэрлэгт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч асан Ш.У гийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот тушаалаар туслах тогоочоор ажилд орж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үүрэгт ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Харин ч аймаг, сумуудын цэцэрлэгүүдийн дунд жил болгон уламжлан зохион байгуулагддаг урлаг, спортын арга хэмжээнд тасралтгүй амжилттай оролцож, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ажилласан юм. Мөн 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч асан Ш.У тай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Тус сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 10 дугаар сард шинээр томилогдсон С.А нь 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалаар намайг ажлаас хууль бус чөлөөлж мөн өдрийн Б/10 тоот тушаалаар жирэмсний амралт аваад явсан Д.Б ийн оронд намайг түр хугацаагаар томилох тухай гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй болохоор шүүхэд хандаж байгаа болно. Учир нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь заалтыг үндэслэж тушаал гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дээр "Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэж заасан байдаг ба ажлаас чөлөөлсөн үндэслэлд ямар ч холбогдолгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дугаар заалтад зааснаар намайг ажлаас чөлөөлөх бус Ш ы С ийг ажлаас чөлөөлж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байсан. Учир нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр миний бие сул орон тоонд туслах тогоочоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүсэж мөн өдөр Ш.С нь өөрийн хүсэлтээр туслах багшийн орон тоонд ажилд орсон юм. Ш.С нь Р.Е ийн оронд 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн туслах багшаар ажилд орсон бөгөөд Р.Е ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан туслах багшийн орон тоонд эргэн орсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасны дагуу намайг бус Р.Е ийн оронд ажиллаж байсан Ш.С ийг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох зохицуулалт хийх ёстой байсан. Тэгээд ч намайг ажилд орсноос хойш саяхан сүүлийн ганц, хоёр жилийн хугацаанд улирлын шинж чанартай ажилладаг гэр цэцэрлэг болон 1-р цэцэрлэгт түр тушаалаар хүний оронд тогооч болон сав угаагчаар ажиллаж ирсэн Ж.С ыг ажлаас чөлөөлөх байтугай бүр тушаал гаргаж, ажилд авсан нь шударга ёсонд нийцэх үү. Сүүлд ажилд орсон гэсэн утгаар болон улс төрийн үзэл бодлоор намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасанд миний бие маш их гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай Б/09 тоот тушаал болон мөн өдрийн намайг түр ажилд томилох тухай Б/10 тоот хууль бус тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, холбогдох хууль, журмын дагуу миний бие Б.Ж ийг урьд өмнө эрхэлж байсан туслах тогоочийн орон тоонд эргүүлэн томилох тухай шийдвэр гаргахыг Цэнгэл сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч С.А д даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Б.Ж нь Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Ж нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар туслах тогоочийн ажилд бүр томилогдон ажил олгогч буюу тус цэцэрлэгийн эрхлэгчтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Гэтэл тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч С.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн үндэслэлээр Б.Ж ийг туслах тогоочийн албан тушаалаас нь чөлөөлж тус цэцэрлэгийн сав угаагчийн ажилд 4 сарын хугацаатай түр томилсон тушаал гаргажээ. Энэ нь Б.Жийн эрхийг зөрчсөн гэж үзээд Б.Ж нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн дагуу хариуцагч С.А нь хариу тайлбараа бичгээр ирүүлсэн. Энэ шүүхийн шийдвэрээр Р.Е ийг тус цэцэрлэгийн туслах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоосон учраас Б.Ж ийг чөлөөлж ажилтай болгох үүднээс түр томилгоо хийсэн гэж тайлбарласан. Бид хүсэлт гаргаж Р.Е ийг шүүхийн шийдвэрээр ямар албан тушаалд эгүүлэн тогтоосон талаар тодруулга авахаар Р.Е ийн холбогдох хэргээс шийдвэр, магадлалыг авч хэрэгт хавсаргасан. Энэ дээр Р.Е ийг туслах тогоочийн биш туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Тийм учраас Р.Е ийн эрх нь сэргээгдэж шүүхийн шийдвэрээр туслах багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон асуудал нь Б.Ж ийг туслах тогоочийн ажлаас чөлөөлөх асуудалд ямар ч холбоогүй учраас эрх нь зөрчигдсөн байна. Хариуцагч бол тайлбартаа би цаашид Б.Ж ийг бүр мөсөн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй, өөртөө нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр саналыг харгалзан түр томилгоо хийсэн гэсэн. Үүнийг тухайн үед нэхэмжлэгч Б.Ж зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл жирэмсний амралт авсан хүний оронд түр томилсон учраас яваандаа тэр хүн хуулийн дагуу жирэмсний амралт нь дуусаад ажилдаа оронгуутаа тэр хүн ажилгүй болох магадлалтай байна. Хариуцагч дараа нь тайлбараа зөвтгөж нэмэлт тайлбар ирүүлсэн. Энэ тайлбартаа мөн адилхан Р.Е ийг шүүхийн шийдвэрээр ажилд томилсон учраас тэр шийдвэрийн дагуу Б.Ж ийг ажилд томилох асуудал мөн адилхан хамаарна гэсэн. Р.Е ийг туслах багшийн ажилд шүүхийн шийдвэрээр томилсноос болж туслах тогоочийн ажилд ажиллаж байсан Б.Жийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Р.Е нь ажилд томилогдсон учраас С нь ажилгүй болсны хувьд С бол 4 жилийн өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон гэж тайлбар ирүүлсэн. Хэрэв С нь туслах багшийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэвэл шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах байсан. Тийм учраас Б.Ж бол 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу туслах тогоочийн ажилд хэвийн ажиллах нь хуульд нийцнэ гэж бодож байгаа юм. Шууд Б.Жийн оронд туслах тогоочоор С ийг томилсон асуудал бол хууль бус гэж үзэж байна. Тийм учраас Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/10 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгож урьд нь эрхэлж байсан туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ж нь Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот тушаалаар анх туслах тогооч Ш ы С ийн оронд томилогдон ажиллаж байсан. Гэтэл шат шатны шүүхийн шийдвэрээр иргэн Р.Е ийг тус цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан юм. Нэгэнт Р.Е ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... бол хуулийн 36.1-д зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авна гэж заасны дагуу Р.Е ийг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалд томилсон шийдвэр гаргасан болно. Иймд тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш.С ийг туслах багшийн албан тушаалаас нь чөлөөлж, өмнөх эрхэлж байсан туслах тогоочийн албан тушаалд буцаан томилсон бөгөөд улмаар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Б.Ж ийг тус цэцэрлэгийн туслах тогоочийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Б.Ж ийг гал тогооны угаагчаар 4 сарын хугацаатайгаар түр томилсон юм. Нөгөө талаар, Б.Ж ийг бүрмөсөн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй, өөртэй нь ярьж тохиролцсоны үндсэн дээр буюу түүний саналыг авснаар дээрх томилгоо хийгдсэн бөгөөд Б.Жийн хувийн байдлыг харгалзан үзэж бололцоогоороо ажиллуулж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан намайг ажлаас чөлөөлөх бус Ш.С ийг ажлаас чөлөөлөх талаар гаргасан үндэслэлийн хувьд, Ш.С нь Б.Жээс өмнө ажилд орсон бөгөөд Б.Ж анх Ш.С ийн оронд томилогдож байсан болно. Мөн Цэнгэл сум нь Баян-Өлгий аймгийн бусад сумуудаас хүн амын тоогоор аймагт тэргүүлдэг бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо сумуудаас илүү байгаа. Энэ намар тус цэцэрлэгт бүлэг нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа тул орон тоо нэмэгдэх боломжтой байгаа учраас Б.Ж ийг жинхлэн өөр ажил, албан тушаалд томилох болно гэдгийг дурдмаар байна. Тиймээс Б.Жээс тус шүүхэд гаргасан Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот, мөн өдрийн Б/10 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Б.Ж ийг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн улс төрийн үзэл бодол агуулаагүй. Урьд нь ажиллаж байсан С ийг туслах тогоочоор шилжүүлэн ажиллуулсан. Гэхдээ С ийн оронд Б.Ж ийг томилсон гэх 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалын дагуу Б.Ж ийг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтаар бололцооны дагуу Б.Жд ажилд өөр өгсөн. Энэ хүнийг бүр мөсөн ажлаас гаргаагүй. Одоо манай цэцэрлэг нь 2017 оны 6 дугаар сар хүртэл ажиллана. Дараа нь 9 дүгээр сард тус цэцэрлэгт тогоочийн орон тоо гарах учраас ажилтай болгоно гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай Ажилчин ажилд томилох тухай тушаалаар мөн өдрөөс туслах тогооч Ш овогтой С ийн оронд Б овогтой Ж ийг томилон, мөн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан нэхэмжлэгч Б.Ж, Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.У нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг тус тус үндэслэн туслах тогооч Б.Ж ийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч шууд цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-ийн дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй. Гэтэл мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Р.Ж ийг ажлаас чөлөөлж хууль зөрчсөн.

-Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2016/00027 дугаартай Магадлалаар Р.Е ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосон байхад тус цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан Б.Ж ийг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг буруу хэрэглэсэн байна.

Улмаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 ба 23.2.3 дах заалтыг тус тус үндэслэн Б.Ж ийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гал тогооны угаагчаар 4 сарын хугацаатайгаар түр томилоход Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногт амралт олгоно гэж заасан байхад нэхэмжлэгч М.Ж ийг хуулийн энэ заалтыг үндэслэн ажилд томилсон нь, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч Б.Ж ийг 4 сарын хугацаагаар ажилд түр томилсон нь тус тус хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн болохыг нотолж байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Жийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ж ийг ажлаас чөлөөлөх тухай Б/09 тоот тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ж ийг ажилд түр томилох тухай Б/10 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ж ийг Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ж ийг ажлаас чөлөөлөх тухай Б/9 тоот тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ж ийг ажилд түр томилох тухай Б/10 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч РД:БЗ********** Ж овогт Б н Ж ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК