Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1739

 

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01739

 

 

С.Авирмэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Авирмэдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хөх ган” ХХК-д холбогдох,

 

Ээлжийн амралтын олговор, тэтгэмж, хохиролд 705 748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнгөнжин

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2014-2015 онд “Хөх ган” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссон бөгөөд ажилчдад урьдчилан сануулж мэдэгдэлгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Авирмэдийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан .

Тушаалд ээлжийн амралт 26 хоногоор тооцож, ажилгүйдлийн тэтгэмж 1 сараар тооцож олгоно гэж заасан боловч олгоогүй.

Компанийн нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэлтэй удаа дараа очиж уулзахад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тэрээр 2015 оны амралтын мөнгө 268 798 төгрөг, 1 сарын цалин 302 650 төгрөг нийт 571 650 төгрөг олгоно гэж тооцож бичиж өгсөн.

Уг тушаалтай холбоотой асуудлаар удаа дараа Орхон аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан зардлын хамт нийт 705 748 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажлаас халагдсаны тэтгэмж болох мөнгөн дүн нь 268 000 төгрөг, нэг сарын цалин нь 302 650 төгрөг гэж нэхэмжилсэн байдаг. Уг шаардлагын үндэслэлдээ ажлаас чөлөөлөх тушаалд заасан дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гэдгийг хэрхэн тооцсон талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд ямар баримтыг үндэслэж гаргаж байгаа нь тогтоогдохгүй байна.

Мөн тус нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэхь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусаад аль хэдийн 2 жил өнгөрч байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу гомдлын шаардлага гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

Тийм учраас гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн, нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хөх ган” ХК-иас 571 448 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.Авирмэдэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 134 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17 793 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор, тэтгэмжид холбогдох 571 448 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл тус хэрэгт нэхэмжлэгч талаас ээлжийн амралтын олговор, тэтгэмж нь яг хэдэн төгрөг болохоо ажилтны нэг сарын дундаж цалин хөлс, түүнийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр гаргаж нотлохгүйгээр хэний бичсэн нь мэдэгдэхгүй гар бичмэлийг үндэслэн ээлжийн амралтын олговор, тэтгэмж нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаар нотлож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Авирмэд нь хариуцагч “Хөх ган” ХХК-д холбогдуулж нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 302 650 төгрөг, ээлжийн амралтын олговорт 268 798 төгрөг, хохиролд 134 300 төгрөг, нийт 705 748 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Хөх ган” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02/127 дугаар тушаалаар ажилтан С.Авирмэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнд ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг ажлын 26 хоногоор тооцож олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагйн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хэргийн 5 дахь талын арын хуудаст ээлжийн амралтын олговор, 1 сарын цалинг компанийн нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэлийн тодорхойлж бичсэн хэмжээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг бичилтийг  нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэл бичсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын ар талд бичигдсэн тооцоолол нь цалин, хөлс тодорхойлох баримт болохгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар тодруулах шаардлагатай байсан. 

 

            Түүнчлэн хариуцагч “Хөх ган” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 27 тоот албан бичгээс үзвэл нэхэмжлэгчид 02/127 тоот тушаалаар шийдвэрлэсэн ээлжийн амралтын олговор, тэтгэмжийг олгохоо ажил олгогч илэрхийлсэн байна. Уг албан бичгийг олгосон өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарах эсэх, хугацааг сэргээх эсэхийг дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн төлсөн 17 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА