Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 838

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

 

 

Д.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг, Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1899 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Д.М-т холбогдох 18410001190063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-н М, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Баянчандмань сумын ........ тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод түр оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 113 дугаар зүйлийн 113.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан /РД:...../;

 

Д.М нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудалд хохирогч Б.С-г 16 насанд хүрээгүй буюу 15 настай болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 38.2 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  БНХАУ-аас олж авч, хууль бусаар хадгалан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар уг 38.2 грамм “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биед хадгалсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

,

,0, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Д.С-гийн “ ...Д.М намайг хүчиндсэн...” гэх мэдүүлгийг хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн нь тодорхойгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Мт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж, дүгнэлгүйгээр шүүгдэгч Д.М-ын үйлдсэн Д.С-г 16 насанд хүрээгүй буюу 15 настай болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг дан ганц хохирогчийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэл нь тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт "Шүүх тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ", 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ насанд хүрээгүй хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дан ганц мэдүүлгийг үндэслэж хэргийг прокурорт буцаахдаа 1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд авагдсан гэрч М.О-ийн өгсөн "...2017 оны 06 сард би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, “Болор” зочид буудалд ресепшинээр ажилладаг байсан. Өдрийг нь сайн санахгүй байна, ойролцоогоор надтай нас ойролцоо нэг эмэгтэй, нэг залуутай хамт, манай буудлын 111 тоот өрөөнд орсон ба орохдоо буудлын өрөөг нэг цагаар аваад залуу нь тооцоог хийгээд хүүхэн нь түрүүлээд өрөө рүүгээ орчихсон. Тэгээд нэг цагийн дараа 111 тоотод орсон хүүхэн залуугийн хамт инээлдээд буудлаас гараад явсан. ... Би өрөөгөө цэвэрлэж амжаагүй байхад ойролцоогоор 2-3 цагийн дараа цагдаа нар ирээд үзлэг хийгээд даавууг нь хураагаад аваад явсан. Тэр эмэгтэй өөрөө түрүүлээд буудлын өрөө рүү орсон ба тэр хоёр чимээгүй байж байгаад л нэг цагийн дараа энгийн, зүгээр л гараад явсан шүү дээ. ..." гэх мэдүүлэг, 249 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8133 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг ямар үндэслэлээр үгүйсгэн няцааж байгаа талаараа шүүхийн шийдвэртээ тусгалгүй, зөвхөн насанд хүрээгүй хохирогч Д.Сгийн мэдүүлгийг хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн нь тодорхойгүй гэж, ойлгомжгүй байдлаар дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ", 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Д.Мт холбогдох эрүүгийн 1841000190063 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж гаргасан "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай" 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1402 дугаартай шүүгчийн захирамж мөн хууль ёсны шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ", мөн зүйлийн 5 дахь хэсэгт энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад энэ хуулиар харъяалуулсан асуудлыг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ", 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх"-ийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт тусгахаар хуульчилсныг зөрчиж Д.Мт холбогдох хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр тогтоосон мөртлөө шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр гаргаагүй, шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн.

Хэрэв шүүхийн дээрх шийдвэрт техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй хэвээр үргэлжлүүлэн Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан хэлэлцсэн гэж үзэх үндэслэл болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

Анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1899 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад заасан хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заагаагүй, захирамжийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй талаар дурдсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгоогүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Д.Мт холбогдох эрүүгийн 1841000190063 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1899 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн  эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Н.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Мт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангагдсан. Хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч огт ирдэггүй учраас хэргийн мөрдөн шалгах ажиллагаа маш их удсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний зүгээс хохирогчийг оролцуулах хүсэлтийг тавиад шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэхдээ гэм буруугийн хуралд хохирогч ирээгүй. Зүйлчлэлийн талаар хохирогч талаас ямар нэгэн гомдол гардаггүй. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, Д.Мт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн гэмт хэргүүд нь эмэгтэй хүний эрх чөлөө, бэлгийн халдашгүй байдалд халдаж, хохирогчийн сэтгэл санаа, эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг, ёс суртахууны эсрэг чиглэсэн нийгэмд аюултай үйлдэл байдаг. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан үйлдсэн байдаг бөгөөд хохирогч хүчиндүүлсэн гэж үзэх гол шинж нь эсэргүүцэл үзүүлсэн буюу хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байдгийг зайлшгүй харгалзан үзнэ.

Прокуророос Д.Мыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Болор” зочид буудалд хохирогч Б.Сг 16 насанд хүрээгүй буюу 15 настай болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хохирогч Б.Сгийн өгсөн “...Д.М намайг “ална шүү” гэж айлган буудалд авч орж, дургүй байхад хүчиндсэн...” гэх мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй ба түүний өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэдэг нь нөгөө этгээдийн зүгээс элдэв заналхийлэл, тулгалт, дарамт шахалт үзүүлээгүй, хохирогчоос зөвшөөрсний үндсэн дээр насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогч нөгөө этгээдтэй хурьцал үйлдэхийг зөвшөөрсөн байдаг онцлогоор энэ хэрэг нь хүчиндэх гэмт хэргээс ялгагдана.

 

Иймд, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Д.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байж болох нөхцөл байдлыг шалгах шаардлагатай гэж үзэв.

 

Д.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Д.Мт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1402 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжид хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр дурдсан ч шүүгч дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа гаргасныг анхааруулан тэмдэглэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож баримтлаагүй ч захирамжлах хэсэгт прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсан байна. Эдгээр зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэв. 

 

            Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар зарим асуудлыг хэлэлцэхгүй орхисон бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийн тогтоох хэсэгт зааж байх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1899 дүгээр захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1899 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Л.ДАРЬСҮРЭН