Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0428/З |
Дугаар | 221/МА2016/0041 |
Огноо | 2016-01-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2016/0041
“С х у” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С х у” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Засгийн газрын 2014 оны 239 дугаар тогтоолоор тогтоож өгсөн солбицлын хүрээнд манай компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061077 өргөдлийн дугаарыг авч, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15:45-16:00 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 2024 га талбай бүхий газарт, мөн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061022 өргөдлийн дугаар авч, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08:30-08:45 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах 2245 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг ханган гаргасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь үндэслэлгүйгээр манай компанийн гаргасан өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэхгүй буцаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус зөрчин, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна… Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061077, Х201504061022 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг хүлээн авч бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж, манай компанийн хуульд заасан эрхийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа... “С х у” ХХК нь 2015 оны 04 дүгээр сард хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч хүлээн авч бүртгээгүй шалтгаан нь Ашигт малтмалын тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын чиг үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн солбицлыг нийтэд мэдээлэх гэсний дагуу 2014 оны 239 дүгээр тогтоол гарсан. Нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар түрүүлж, бүртгүүлж шийдвэрлүүлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Ашигт малтмалын хайгуулын тухай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль хүчингүй болж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг уртрагийн 104 дүгээр градусаар баруун болон зүүн тал гэж хувааж, эхний ээлжинд 104 дүгээр градусаас баруун талд дараа нь буюу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэмж зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа явагдсан. Манай компани 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим дугаар олголтоос 103 дахь дугаарыг авсан ба 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хуваарийн дагуу Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүлээлгэж өгсөн. “С х у” ХХК нь шаардлага хангаагүй өргөдөл гаргасан тул Ашигт малтмалын газар өргөдлийг бүртгэхгүй, буцаагаад өгч байгаа нь хууль ёсны учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16-д заасныг баримтлан Сайхан Хайрхан Уул ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Сайхан Хайрхан уул ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүссэн Х201504061022, Х201504061077 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй буцаасан Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “С х у” ХХК-ийн захирал Д.Б давж заалдах гомдолдоо: Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.19-д зааснаар дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг баримтлан хийсэн үндэслэлгүй дүгнэлт байна. Учир нь, дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхтэй бид маргаан үүсгээгүй. Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс үндэслэлгүй татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа. Түүнээс Ашигт малтмалын газарт хуулиар олгосон бүрэн эрхтэй маргаагүй, төрийн захиргааны байгууллага өөрт нь хандаж гаргасан иргэн хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь тухайн байгууллагын үүрэг гэж үзэж байна.
Мөн “...уртрагийн 104 дүгээр градусаас зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “С х у” ХХК-ийн өргөдлийг бүртгэх нь тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлахаар байна.” гэж шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Манай компанийн нэхэмжлэлтэй холбоотойгоор бусад этгээдийн тэгш боломжийг хязгаарлах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, бид VPN төхөөрөмжийн төлбөрт 500.000 төгрөг төлөн төхөөрөмжөө авч, өргөдөл гаргах эрхээ нээлгэн, зөвшөөрөгдсөн өдөр нь холбогдох журмын дагуу /онлайнаар/ дугаар аваад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл хүлээн авахаар заасан хугацаанд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу үйлчилгээний төлбөрөө төлөн өргөдлөө гаргасны хувьд төрийн эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргаж хянуулах үйлчилгээ авахыг хүссэн хүсэлтээ тавьсан. Энэ нь бусдын тэгш боломжийг хязгаарлахад хүрсэн гэж үзэхгүй байна. Бусад этгээдэд ч өргөдөл гаргах эрх нь нээлттэй байсан, харин ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь манай гаргасан өргөдлийг хүлээн авалгүйгээр буцааж бидний эрхийг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газар нь хуулийн этгээдээс гаргасан өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
“С х у” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Жалга” нэртэй 2024 га талбайд, Төв аймгийн Баян сумын нутагт 2245 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж тус тус өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан дээрх өргөдлүүдийн талбай нь нутаг дэвсгэрийн зүүн хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас зүүн тийш байна” гэсэн үндэслэлээр хүлээн авахгүй буцаасан байна.
Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг, мөн Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг уртрагийн 104 дүгээр градусаас баруун талд олгосон ажлын үр дүн болох зүүн талд олгох бэлтгэл ажлын талаар Уул уурхайн сайд, Засгийн газрын гишүүдэд танилцуулж, үүнтэй холбогдуулан уртрагийн 104 дүгээр градусаас зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгон, нутгийн удирдлагатай нь зөвшилцсөний үндсэн дээр хайгуулын зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад тус тус даалгасан байна.
Хэрэгт авагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 67/28 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэл, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичиг зэргээс үзвэл Уул уурхайн яам нь Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэж, тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй, төлөвлөгөөтэйгөөр олгох үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэхдээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг 104 дүгээр градусаар хувааж, эхний ээлжинд нутаг дэвсгэрийн уртрагийн 104 дүгээр градусын баруун талд байгаа өргөдлийн талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна.
Түүнчлэн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хийсэн хэвлэлийн бага хурлаар болон 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газрын цахим санд “2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “Тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө, оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ” гэж олон нийтэд мэдээлсэн байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч “С х у” ХХК-ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Жалга” нэртэй 2024 га талбайд, Төв аймгийн Баян сумын нутагт 2245 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус хүсэж 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөдөл гаргах үед нутаг дэвсгэрийн уртрагийн 104 дүгээр градусаас зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхлээгүй болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төрийн захиргааны байгууллага шийдвэрлэсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд мэдээлсэн байхад нэхэмжлэгч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарлагдаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж байгаа нь буруу юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан байршил нь өргөдөл хүлээн авах баруун хэсэгт бус, зүүн хэсэгт байх тул Х201504061022, Х201504061077 дугаараар гаргасан түүний өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бусад иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар “түрүүлж ирүүлсэн өргөдлөөр бүртгүүлж, шийдвэрлүүлэх эрхгүй” тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй учраас “...Төрийн эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргаж, хянуулах үйлчилгээ авахыг хүссэн хүсэлтээ тавьсан нь бусдын тэгш боломжийг хязгаарлахад хүрсэн гэж үзэхгүй байна... манай өргөдлийг хүлээн авалгүйгээр буцааж, эрхийг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР