Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 433

 

Ц.Мөнххуягийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 634 дүгээр магадлалтай, Ц.Мөнххуягийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.Мөнххуягийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 634 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнххуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 634 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актаар иргэн Ц.Мөнххуягт газар эзэмшүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаа Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гэж үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хууль бус захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад газар эзэмших эрхтэй мэтээр төөрөгдүүлж, бүрдүүлбэл зохих баримтуудыг үнэн зөвөөр бүрдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй, нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дагуу нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, “хүсэлтэд дурдсан газрыг нэхэмжлэгч ямар зориулалтаар эзэмших гэж байгаа, тухайн газрын эзэмших эрх дуусгавар болсон эсхүл шинээр эзэмших газар мөн эсэх, түүнд хавсаргасан баримтууд нь үнэн зөв эсэх”-ийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэж маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэснээрээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээг үгүйсгэж, дээрх заалтуудыг буруу тайлбарлан шийдвэр гаргасан.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 634 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хянавал:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “...хуурамч баримт бүрдүүлэн газар эзэмших эрх олж авсан нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн шалгалтаар тогтоогдож, тус газраас арга хэмжээ авч, хариу ирүүлэх тухай албан тоот ирүүлсэн” гэж дурдаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 дугаар захирамжийн Ц.Мөнххуягт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнххуяг нь дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй, энэ талаар нотлох баримтгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг шүүх тогтоогоогүй” гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Ц.Мөнххуяг нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар эзэмшсэн 1100 м.кв газар дээрээ граж барьж, бусдад худалдсан ба өөрийн эзэмшилд үлдээсэн “гражийн газрын эзэмших эрхийг баталгаажуулах, хажууд нь өргөтгөлийн зориулалтаар нэмж газар эзэмшүүлэх”-ийг хүссэн агуулгатай өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг даргын орлогчид хандан гаргасныг үндэслэн, нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаар Ц.Мөнххуягт “ногоон байгууламж, тохижилт”-ын зориулалтаар 503 м.кв газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000590149 дугаартай гэрчилгээ олгож, нэгж талбарын 178007/0058, 18642309657672 дугаар бүхий уг газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ.

Уг газрын эзэмших эрхийг нийслэлийн Өмч харилцааны газрын албан тушаалтанд “хээл хахууль өгч, хууль бусаар олж авсан” гэж иргэн Д.Батбаяр мэдээлэл гаргасныг Авилгатай тэмцэх газар  шалгаж, уг мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, харин Д.Батбаяр, П.Зоригт нарыг “Ц.Мөнххуягийн нэрийг ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, газар эзэмших гэрчилгээ гаргуулан авсан байна” гэж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06/7960 дугаартай албан бичгээр “...503 м.кв газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу шийдвэрлэх”-ийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдсэний дагуу нийслэлийн Засаг дарга 2016 оны А/189 дүгээр захирамжийг гаргасан болох нь тогтоогдсон байна.

Үүний зэрэгцээ Авилгатай тэмцэх газрын албан бичигт дурдагдсан асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хянан шалгах явцад нэхэмжлэгч Ц.Мөнххуяг нь “...дүү П.Зоригтоор бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдүүлсэн, газар эзэмшүүлэх гэрээг өөрөө байгуулж, гэрчилгээг гардан авсан, газар эзэмших эрхээ хэвээр хадгалуулах хүсэлтэй” гэдгээ илэрхийлж байжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан... этгээдэд мэдэгдэнэ”” гэж заасан байна.

Эндээс үзвэл, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь зөрчил гаргасныг тогтоосон байх хуулийн зохицуулалттай, нэхэмжлэгч Ц.Мөнххуяг нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болох нь тогтоогдоогүй, уг байдлыг давж заалдах шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангажээ.

Түүнчлэн Ц.Мөнххуяг нь төлөөллийн талаар маргаагүй, түүнийг маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль бусаар олж авсан гэм буруутай болохыг эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүх “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах замаар 503 м.кв газар эзэмших эрхийг олгосон, энэ нь Газрын тухай хуулийн 37.1-д заасантай нийцэхгүй” гэж хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй асуудлыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Учир нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1100 м.кв газар дээр гражууд баригдаж, бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн ба уг газрын хувьд Ц.Мөнххуягийн эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болсон, харин нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 503 м.кв газарт Ц.Мөнххуягийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөлийнх нь 3 гражийн газар, үүний хажуугийн сул чөлөөтэй газар орсон, газрыг “ногоон байгууламж, тохижилт”-ын зориулалтаар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,  нийслэлийн Засаг дарга нь 2016 оны А/189 дүгээр захирамжийг хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчсөн гэх агуулгаар гаргаагүй байна.

Иймд, хариуцагчийн “...хууль бус захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн, анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх байдалд үндэслэн  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 634 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ