Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1407

 

 

 

 

 

 

 

   2021         12          15                                   2021/ШЦТ/1407

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.А-т холбогдох эрүүгийн 2106 00000 2586 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод түр оршин суудаг гэх,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, регистрийн дугаар хх000000, Ш.А.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34в байрны 15-16 тоотод байдаг гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О-ын толгой руу хайруулын тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  гэмт хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ын өгсөн мэдүүлэг /хх-7-9, 11-12/, гэрч Б.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11703 дугаартай дүгнэлт /хх-28-29/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-24/, Ш.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч Ш.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-50-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ш.А-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34в байрны 15-16 тоотод байдаг гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О-ын толгой руу хайруулын тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд нөхөр Ш.А гаднаас согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байдалтай орж ирээд үүдэнд архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн байдалтай орж ирээд үүдэнд хэвтчихээр нь “миний хань босоод орондоо ороод унт” гэж хэлээд гадуур хувцсыг нь тайлахад үгэнд орохгүй болохоор нь гал тогооны өрөөнд орж хоол аягалаад өгөх гэж байхад нөхөр Ш.А хойноос ирж элдэв бусаар хэлж байгаад яг юугаар цохисон болохыг мэдэхгүй байна ямар нэг зүйлээр толгой хэсэг рүү цохиход ухаан балартаж сэрэхэд нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь гараар хамгаалж “боль ханиа” гэхэд тоохгүй цохиж байгаад больж том өрөөний буйдан дээр хэвтэхэд нь жижиг өрөө рүү орж дүү Б.Уянга руу залгаж “ Ах чинь согтуу ирээд намайг зодоод байна. Хурдан ирж намайг ав” гэж хэлж дуудсаныхаа дараа гэрээс гарч байрны гадна сууж байхад дүү Уянга ирээд миний нүүр хэсэг аймаар болсон болохыг харж цагдаагийн байгууллагад дуудлага өсгөн. ...Миний зүүн шанаа хэсэг хавдаж нүдний доод хэсэгт язарсан , чихний ард болон урд хэсэгт хөхөрсөн, зүүн мөр хэсэгт улайж ором гарч хавдсан, толгой маш их өвдөж байна. Нөхөр Ш.А миний толгой хэсэг рүү хайруулын тавгаар цохисон гэж бодож байгаа. Миний мах шарсан хайруулын таваг газар унасан, толгой хэсэг нэлэнхийдээ хоол болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-7-9, 11-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уянгын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1 цагийн орчимд манай эгч над руу залгаад Анхбаяр ах чинь намайг зодоод байна, чи хурдан хүрээд ирээч гээд уйлсан байдалтай ярьсан. ...эгчийн зүүн талын нүдний доод хэсгээс цус гарч хавдсан, духанд нь цус хурсан юм шиг улайчихсан байдалтай байхаар нь Анхбаяр ах хаана байгаа юм гэхэд гэртээ унтаж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11703 дугаартай дүгнэлтэд:

1. Б.О-ын биед зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөр, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалганд цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-28-29/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.А-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчимд үеэл Баярмагнай, үеэл дүү Эргэл, мөн Хонгороо гэх ахын хамт караокед орсон. Караокед ороод Баярмагнай, Хонгороо бид гурав 0.75 шилтэй 1 шил архи хувааж ууж мөн би 0.5 литрийн шилтэй Сэнгүр пиво 3 ширхэгийг уусан... Би нэлээд согтсон байсан бөгөөд ямар ч л байсан гэр рүүгээ орсны дараа эхнэрийг загнаад нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж байсныгаа санаж байна.” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

Шүүгдэгч Ш.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-50-51/  зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд Ш.А-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34в байрны 15-16 тоотод байдаг гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О-ын толгой руу хайруулын тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Ш.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Б.О нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ш.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш.А-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ш.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ш.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС