Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

  2022         01          17                                    2022/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн 2206 00000 0048 дугаартай хэргийг шүүх 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа машин зардаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13 дугаар гудамж 114 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, А.А.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамжинд байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2106000002313 дугаартай хэрэгт, гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед зодооны асуудал болсон байхад зодоон болоогүй гэж худал мэдүүлэг өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ган-Очирын иргэн Б.Мөнхжаргалаас гаргасан “2021 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 505 тоотод бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх утга агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/, А.Алтантулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-10-11/, А.Алтантулгын яллагдагчаар өгсөн /хх-37/, гэрч Г.Нямсүхийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/, шүүгдэгч А.Алтантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамжинд байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2106000002313 дугаартай хэрэгт, гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед зодооны асуудал болсон байхад зодоон болоогүй гэж худал мэдүүлэг өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтантулгын гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 15 цагийн залгаад орой уулзъя, ажил тараад явж байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгсэн чинь Г.Нямсүх нь 18 цагийн над руу залгахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой залгаж хаана байгаа талаар асуусан. Тэр үед би гадуур хувийн ажилтай явж байсан юм. Тэгээд надтай яриагүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цагийн үед гэж одоо санаж байна над руу “найзыгаа ирээд авчихаач, найз нь айлд байна” гэж хэлсэн. Надтай ярих үедээ бол гар утасны цаана хүнтэй маргалдаад байгаа юм шиг л сонсогдож байсан юм. Тэгээд тухайн газрыг нь гар утсаар заалгаад явж очиж нөгөө айл руу орсон чинь үл таних эрэгтэй хүнтэй маргалдсан байдалтай, архи уугаад сууж байсан юм. Намайг гэрт орсон чинь Г.Нямсүх нь шууд “за за явъя” гэж хэлээд бид хоёр гэрээс нь гараад явж байхад Г.Нямсүх нь хашааны хаалгыг хөлөөрөө хүчтэй жийгээд гарсан. Улмаар би Г.Нямсүхийн гэр рүү буюу “Өргөө” кино театрын зүүн талд “Номин” их дэлгүүрийн ард талын байрны гадаа буулгаж өгөөд би гэр рүүгээ харьсан юм. Намайг гэрт нь орох үед тэр хоёр маргалдсан, хэрэлдсэн байдалтай л байсан. Харин зодоон болсон юм шиг гэр доторх эд зүйл эмх замбараагүй болоогүй, Г.Нямсүх, үл таних эрэгтэй хоёрын биед ил харагдах гэмтэл огт байхгүй, харагдахгүй байсан юм. Би угаасаа гэрт ороод л буцаад гарсан юм. Намайг гэрт орох үед Г.Нямсүх, тэр хоёр эрэгтэй хүн хоёр хоёулаа нэлээн согтсон байдалтай л байсан юм....” гэх мэдүүлэг /хх-10-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нямсүхийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хорооллын Өргөөгийн тэнд А.А-тай уулзаж гэрийнхээ гадна машинаа тавьчхаад буцаад А.Алтантулгын машинтай 1 дүгээр хорооллын тийш ээ очиж найзыг нь аваад дахиад Гандан орж нэг найзыг нь аваад бид 4 А.Алтантулгын машинд архи ууж эхэлсэн юм. Тэгээд А.Алтантулгын дүү нь ирээд машин бариад Сансарт ирж караоке руу орж сууж байгаад тэндээсээ бид 5 гарч нэг найз нь гэр рүүгээ яваад өгсөн юм. Улмаар би тэр гуравт манай найзынд очиж үргэлжпүүлж ууя гэж хэлээд Б.Мөнхжаргалын гэр рүү дагуулж явсан юм. Тэгээд гэрийнх нь гадна талд ирээд би түрүүлээд орчхоод ирье гэж хэлээд архи авч орсон юм. Улмаар би архиа ууж сууж байгаад Б.Мөнхжаргалтай маргалдаж улмаар бид хоёр зодолдсон. Тэгээд би гэрээс нь гараад А.Алтантулгын машинд суугаад Зуун айлын автобусны буудал дээр бууж аав Гансүхтэй хамт гэр рүүгээ явсан юм. Би тухайн үед бол яг найз гэж хэлээгүй, айлд очъё л гэж хэлсэн юм. А.А найзынх нь гээд тэр үедээ ойлгосон байна. Би А.А-тай маргалдсан зүйл байхгүй, зүгээр л ганц нэг ам мурийсан юм. Би А.А-д цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө намайг тухайн гэрээс ороод авсан, маргалдсан зүйл байхгүй байсан гэж хэлээд өгөөрэй л гээж хэлсэн юм. Тэрнээс би А.А-д мөнгө өгөөд худлаа мэдүүлэг өг гэж хэлээгүй, гуйж л хэлсэн юм. Учир нь бид хоёр найзууд юм...” гэх мэдүүлэг /хх-/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтантулгын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа би бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа. Хохирол барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-37/,

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ган-Очирын иргэн Б.Мөнхжаргалаас гаргасан “2021 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 505 тоотод бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх утга агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/,

 

          Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

          Мессэжийг гэрэл зургаар баталгаажуулсан тэмдэглэл /хх-18-20/,

 Шүүгдэгч А.Алтантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Алтантулгын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамжинд байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2106000002313 дугаартай хэрэгт, гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед зодооны асуудал болсон байхад зодоон болоогүй гэж худал мэдүүлэг өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Худал мэдүүлэх гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллгаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч А.Алтантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар А.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

         Шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.А-г “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар А.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС