Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00243

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, утас ***************, ******, РД:СШ************* С овогт Ө ын Н гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, ****************, РД:БИ************* Ж овогт Ж Х т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , хариуцагч Ж.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ын эцэг Ж.Х мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж болон шинжилгээний хөлс гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 20-нд Ө сумын * дугаар багийн иргэн Ж.Х тай хамтран амьдарч байгаад хүү А ыг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн юм. Одоо А нь миний асрамжид байгаа юм. Ж.Х бид хоёр 2011 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж хурим хийсэн юм. Хүү А ыг хадамууд болох А.Ж, М.Б нар хууль бусаар үрчилж авсан тул шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 804 дугаартай шийдвэрээр хүүгээ буцааж авсан. Х бид хоёр гэр бүл болсноос хойш гэрлэлтийн баталгаа аваагүй, бид одоо тусдаа амьдарч байгаа. Иймд хүү А ын эцэг Ж.Х мөн болохыг тогтоож, тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хурадаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгч Ө.Н хүү А ын эцэг гэдгээ Ж.Х хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүү А ын эцэг Ж.Х мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ын эцэг Ж.Х мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхэдэд тэтгэмж тогтоолгон, эцэг тогтоох шинжилгээнд төлсөн 150000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний хамт Ж.Х аас гаргуулаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ж.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: А ыг манай аав, ээж асарч байхад энэ хүүхэд бол танай хүүгийн хүүхэд биш, би хүүгээ өгөхгүй гэж хэлээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гарган улмаар Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 804 дүгээр шийдвэрээр А ыг төрүүлсэн эх нь болох Ө.Н буцааж авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр одоо хуулийн хүчин төгөлдөр байна. Ингээд миний аав, ээж А ыг төрүүлсэн эхэд буцааж өгөөд 4 жил болж байна. Ө.Н нь хүүхдээ буцааж авах үед өөрийн гараар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Одоо ямар ч тооцоогүй гэсэн баримт өгч байсан юм. А ыг манай аав, ээжийн асрамжинд байх үед утсаар А Х ын хүүхэд биш эцэг нь Казахстанд байгаа ирээд хүүхдээ аваад явна гэсэн мессеж бичиж байсан юм. Иймээс А нь яг миний хүүхэд мөн эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

Хариуцагч Х.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний бие ДНК-гийн шинжилгээгээр А нь миний хүү мөн болж гарсан тул А ын эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэмжийг төлөх болно. Мөн эцэг тогтоохтой холбогдуулан гарсан шинжилгээний зардал 150000 төгрөг, нэхэжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний хамт төлж өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Н гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х т холбогдох 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ын эцэг Ж.Х мөн болохыг тогтоолгон, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэмж төлүүлэн, шинжээчийн шинжилгээний зардалд төлсөн 150000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Ж.Х нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр гаргасан болно.

Нэхэмжлэгч Ө.Н , Ж.Х нар нь дотно үерхэж, хурим хийж хэсэг хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан, эр эмийн харилцаатай байсан нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар, мөн 2010 оны 12 дугаар дугаар сарын 23-ны өдөр Ө.Н амаржиж, хүү А ыг төрүүлсэн болох нь РД:БД*********** А ын Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 231/00216 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-гаар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 2304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: ДНХ-ийн шинжилгээгээр 1...Ж.Х нь А ын биологийн эцэг байх боломжтой байна, 2. Ж.Х нь А ын биологийн эцэг байх магадлалыг тооцоож үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Ж.Х 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ын төрсөн эцэг гэдгийг хүлээн зөвшөөрч, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэмж болон шинжээчийн шинжилгээний зардалд төлсөн 150000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгний хамт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ө.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Х нь хүлээн зөвшөөрсөн тул

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-г баримтлан 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ын эцэг Ж овогт Ж Х мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж овогт Ж Х аар тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн хөлсөнд төлсөн 150000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг бүгд 220200 төгрөгийг хариуцагч Ж.Х нь нэхэмжлэгч Ө.Н д төлж өгнө гэснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ө.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК