Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00620

 

Б.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02254 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

Б.Өын нэхэмжлэлтэй

“Ж Т”ХХК, Ө.Бд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 39 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч У.Эрдэнэчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн төлөөлөгч У.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ж Т”ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс борлуулагч менежерээр ажиллах болсон ба тус компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 1109 тоот шийдвэрээр намайг “Ж Т”ХХК-ийн борлуулалтын менежерээр эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 440 496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192 164 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 366 000 төгрөг, нийт 558 164 төгрөгийг төлөхөөр болсон. Хариуцагч “Ж Т”ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11720 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. “Ж Т”ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин 3 440 496 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 192164 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 366 000 төгрөг, зэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан нийт 4 058 660 төгрөгийг төлсөн. “Ж Т”ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг өгсөн боловч ажилд авах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, намайг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн борлуулагчийн ажилд томилсон тушаал гаргасан боловч ажил хийх гэхээр маргааш ир, нөгөөдөр ир, захирал алга байна гээд ажиллах боломжоор хангаагүй, намайг олон удаа очиход хөөгөөд оруулаагүй болно. Шийдвэр гүйцэтгэгчийг ярихаар одоохондоо орон тоо байхгүй байна, наад хүнийг чинь ажилд авна гэдэг боловч үнэндээ ажилд аваагүй. Хариуцагч “Ж Т”ХХК нь нэр төдий тушаал гарган шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна, намайг ажилд авах байх гэж найдаж байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй. Иймд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1 500 000 төгрөг, бүгд 36 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг гаргуулж,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж Т”ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанид борлуулалтын менежер ажилтай байсан Б.Ө нь анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогдсон бөгөөд Б.Өыг компани дээр ирж ажилдаа орохыг хүлээж байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоёр байцаагч Б.Өын хэргээр манай компани дээр ирж шүүхийн шийдвэрийн дагуу 4 058 668 төгрөгийг төлүүлж, Б.Өыг ажилд томилох тушаалыг гаргаж өгөхийг шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар ажилд эргүүлэн тогтоох тухай 16/05 дугаартай тушаал 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, нэг хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, нэг хувийг Б.Ө өөрт нь хүргүүлсэн.Тушаал гарсны дараагаар Б.Ө манай компани дээр ирсэн боловч захирал надтай болон нягтлан Ө.Б нартай хэрүүл маргаан хийгээд хаалга саваад гарч явсан. Үүнээс хойш Б.Ө дахин ирээгүй бөгөөд ажилдаа ормоор байна гэж амаар болон бичгээр өргөдөл хүсэлт ч гаргаагүй, борлуулалтын ахлах менежер Г.Амартүвшинтэй ч ажилд орох талаар холбоо бариагүй. Гэтэл түүний нэхэмжлэлд ажилд орохоор олон удаа ирсэн гэх, захирал надтай огт уулзаагүй мэтээр бичсэн нь ор үндэсгүй худал зүйл болно. Манай компанийн борлуулалтын менежерүүд нь зөвхөн борлуулалт хийсэн үнийн дүнгээс шалтгаалан төлөвлөгөө норм биелүүлсэн тохиолдолд цалингаа тодорхой хувиар тооцож бодуулдаг журамтай. 2015 оноос борлуулагч нарын цалинд өөрчлөлт оруулж, сарын борлуулалтын төлөвлөгөө нь 54 782 936 / тавин дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг болгосон тул борлуулагч нарын сарын цалинг бодохдоо 1 500 000 төгрөгийг дээрх төлөвлөгөө 100% биелэгдсэн тохиолдолд олгох, хэрэв сарын төлөвлөгөө 100% биелээгүй бол биелэгдсэн тодорхой хувиар нь тооцож цалинг хувилж олгодог юм. Манай борлуулалтын менежер хийж байсан Б.Ө цалин хөлс нь хэрхэн тооцогддог гэдгийг сайн мэддэг атлаа нэг төгрөгийн ч борлуулалт хийгээгүй байж 2016 оны 05 дугаар сараас тооцож цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 онд манай компанийн борлуулалтын менежерүүд тодорхой хэмжээний борлуулалтын норм биелүүлэн тухайн сарын цалин нь хувилж гардаг учраас тушаал гарсан ч шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш Б.Ө нь ажлаа хийгээгүй улмаас цалин бодогдоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж Т”ХХК-д борлуулалтын менежерийн ажил хийж байсан Б.Өын борлуулалтын цалинг хийсэн борлуулалтын төлөвлөгөөний дагуу хувиар бодож олгодог байсан. Би тус компанид нягтлангийн ажил эрхэлдэг. Компани тогтмол нэрлэсэн цалинг олгодоггүй байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурлаар ажилд нь эгүүлэн авахаар шийдвэр гарсан боловч Б.Ө ажилдаа орох гэж ирээгүй бөгөөд нэг удаа ирээд миний дэргэд захиралтай хэрэлдээд явсан. Иймд Б.Өын нэхэмжилж байгаа цалинг өгөх ёсгүй, үндэслэлгүй гэж бодож байна. Олон удаа ирэхэд оруулаагүй гэдэг нь худал, өөрөө ажилдаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02254 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж Т”ХХК-иас 28 494 748 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 505 252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Ө.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 352 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02254 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын ...Б.Өд олгон гэсний дараа мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Ж Т”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж Т”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч У.Эрдэнэчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч “Жин-Туул” ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлгүй, нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй гэж үзэж байна. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Ажил олгогч “Жин-Туул” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн захирлын №16/05 дугаар тушаалаар Б.Өыг тус компанийн борлуулагчийн ажилд эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж байгаа боловч түүнийг ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүйгээс шүүхийн шийдвэрийг бодитоор биелэсэн гэж үзэх боломжгүй юм” хэмээн дүгнэсэн. Шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш, маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас түүнчлэн нотлох баримтын болон тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв, бодит эсэх, нотлох баримтын үнэн зөв байдал хэрэгт цугларсан бүх нотлох баримтын уялдаа холбоог харьцуулан судлаж, дэнсэлж, үнэлсний эцэст шийдлийг гаргах үүрэгтэй билээ. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Өд “ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй” гэх дүгнэлт хийхдээ нэг талын байр сууринаас хандаж, зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргасан хариуцагч компанийн захирал ажилдаа ирдэггүй, нягтлан бодох Ө.Б ажилд оруулаагүй гэх тайлбар нь түүнийг тус компани дээр ажилд орохоор нэг ч удаа ирээгүй талаар шүүхээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан Л.Энхтайван, Г.Амартүвшин нарын мэдүүлгээр няцаагдаж, ажилд эргүүлэн томилсон захирлын тушаал гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар дуусгавар болсон талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж дүгнэсэнгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш тус компанид хуучин ажилдаа орохоор огт ирээгүй, харин ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагаа хийлгэж мөнгөө бүрэн бүтэн авсан атлаа ажилдаа буцаж ороогүй, ажилд нь буцаан томилсон тушаал гарсан 2016 оны 5 дугаарын 2-ны өдрөөс хойш мөн л ирээгүй, учир нь 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн хороонд ухуулагчийн ажилд буюу өөр газарт тогтмол ажиллаж байсан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг “ажиллах нөхцөл боломж, бололцоогоор хангаагүй” гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Б.Ө ажилд буцаж орохгүй гэж харин халагдах тушаал гаргаж өгөхийг хүсч хоёр удаа албан ёсоор шуудангаар захиа илгээсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан энэ талаар тэмдэглэлд тусгагдсан байхад шүүх эсрэг дүгнэлт буюу ажилд оруулаагүй мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ажил олгогч үүргээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн Б.Өыг өмнөх албан тушаалд эгүүлэн томилсон тухай тушаал гаргасан бөгөөд уг тушаалын 1 дэх заалтаар тухайн ажилтны цалинг борлуулах төлөвлөгөөний дагуу хийснээр олгохоор, 2 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг дахин байгуулахаар заасан нь шүүхийн шийдвэрийг хариуцагч тал бүрэн биелүүлсэн болохыг нотолж байгаа болно. Борлуулагчийн ажлын байр нь байнгын ажлын байр тул Б.Ө ажилдаа орж, ажиллах эрх нь шүүхийн журмаар нээлттэй болсон байхад шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох үүрэг Б.Өд мөн үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх “ажиллах нөхцөл боломж, бололцоогоор хангаагүй” гэсэн дүгнэлт хийхдээ хариуцагчийн захирал У.Эрдэнэчимэг ажилдаа ирэхгүй байсан гэх, уулзуулахгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн нь У.Эрдэнэчимэг захирал нэгэнт гарын үсэг зураад ажилд нь эргүүлэн тогтоосон тушаал гаргасан байхад яах гэж захиралтай уулзах, ямар зорилготой болохыг тодорхойлолгүй ажилтанд ажилгүй байсан 27 сар 4 хоногийн хугацааны нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 1.6-т “Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Өыг ажилд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь буцаан авсан шийдвэрийг бичгээр гаргасан, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох үндсэн баримт болсон үр дагавар үүсгэсэн хууль зүйн фактыг үнэлж үзсэнгүй. Ажилд томилсон тухай тушаалыг Б.Ө гардан авсан боловч ажилдаа орох гэж ирээгүй, энэ тухай гэрч Г.Амартүвшин, А.Энхтайван, Ө.Б нар гэрчилсэн бөгөөд нэхэмжлэгч зөвхөн “Жин-Туул” ХХК-ийн нягтлан бодогч Ө.Бтай утсаар ярьдаг байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мөн удаа дараа Ө.Бтай ярьсан, утасдсан гэж тайлбарлан ажилд ороогүй ирээгүй явдалдаа Ө.БатОюуныг буруутган хариуцагчаар татсан байсан. Гэвч Ө.Б бол компанийн удирдах албан тушаалтан бус нягтлан бодогч хүн бөгөөд хүн ажилд томилох, халах эрх мэдэл байхгүй юм. Харин борлуулалтын албаны дарга Г.Амартүвшин, үйлдвэрийн дарга А.Энхтайван нар нь захирлын тушаалтай ажилд орсон хүмүүст ажил үүрэг хуваарилан үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх мэдэл бүхий хүмүүс учир тэдний мэдүүлэг нотлох баримтын чухал ач холбогдолтой гэж үзнэ. Эдгээр гэрч нар өдөр бүр ажил үүрэг гүйцэтгэж байсны хувьд нэхэмжлэгчийг ажилд орох гэж ирээгүй, компанийн хашаанаас хөөж тууж байгаагүй, харуулын албанаас Өсөхжаргал ирлээ гэж мэдэгдэж дуудаж байгаагүй болон Г.Амартүвшинтэй нэхэмжлэгч тааралдахдаа өөр ажил хийж байгаа гэж ярьж байсан, ажилд эргүүлэн тогтоосон тушаал нь гарсан байхад ажилд авах нь уу гэж асууж байсан гэсэн мэдүүлэг нь нэхэмжлэгч ажилд орох идэвхтэй үйлдэл хийгээгүй болохыг нотолж байгаа баримт мөн билээ. Б.Ө шүүхэд нэг удаа захиралтай уулзах гэж ирэхдээ “би харуул манаачийг таньдаг болохоор шууд орсон” гэж хэлсэн бөгөөд /хх-66/ харин давж заалдах шатны шүүх хуралдаанд 2-3 удаа очиход оруулаагүй Б.Өыг битгий оруул гэж үүрэг өгсөн байсан гэж зөрүүтэй худал хэлсэн байна. Анхан шатны шүүх тус компанийн захирал албан ёсоор тушаал гаргаж ажилд нь буцаан авсан байхад ямар нэр бүхий удирдах албан тушаалтай хүмүүс нэхэмжлэгчийг ажиллах нөхцөл боломж, бололцоогоор хэрхэн яаж хангаагүй, компани ямар буруутай гэдгийг шийдвэртээ огт тодорхойлолгүй орхисон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн ур дунд нь тохирсон цалин хөлс олгох, ажилтан нь энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг шүүх анхаарч үзсэнгүй. “Жин-Туул” ХХК нь талх нарийн боов үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаа явуулдаг, борлуулалтын албаны борлуулагч нар өндөр төлөвлөгөө нормтой ажилладаг, зөвхөн борлуулалтын үнийн дүнгээс шалтгаалан тодорхой хувиар өндөр цалин урамшуулал тооцож авдаг журамтай. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон тоо байхгүй байна, наад хүнийг чинь авнаа гэдэг гэж Ө.Быг хэлсэн мэтээр бичсэн нь оргүй худал үндэслэлгүй зүйл бөгөөд аль болох олон борлуулагч ажиллавал үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтад эерэг нөлөөтэй байхаас гадна нэгэнт тушаал гаргаад борлуулагчаар ажиллуулахаар томилсон байхад орон тоо байхгүй гэж тайлбар хийх нь угаасаа худал юм. Тэгээд ч зогсохгүй шийдвэр гүйцэтгэгчийг дагуулж очих гэхээр захирал алга ирэхээр нь яръя гээд таг болдог гэх мэтээр манай компанийг төдийгүй шийдвэр гүйцэтгэгч Ш.Оюунбилэгийн талаар үндэслэлгүй бичсэн нь нэхэмжлэлийг хангах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонд харамсаж байна. Б.Ө нь өнгөрсөн хугацаанд хувиараа өөр газруудад ажиллаж байсан, ажлаас халагдсан тушаал авах хүсэлтээ албан ёсоор гаргаж шуудангаар илгээж байсан гэх, түүнчлэн нэг ч өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй байж шүүхийн журмаар 27 сар 4 хоногийн хугацааны цалин хөлс авах болсон нь бусад борлуулагч нарын хүч хөдөлмөртэй харьцуулахад үнэхээр шударга бус үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг ажилд буцаан авсан тушаалыг гардуулсан байхад ажилдаа ороогүй, сонгуулийн хороонд ажиллаад ирээгүй гэх тайлбар нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх, борлуулагчийн ажлаас нь дахин халах, цалин хөлс олгохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна”, 369 дүгээр зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “гэрээний талууд аливаа үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлж буцаж ажилдаа орж хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгээгүй нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өөрийн сайн дураар ажил мэргэжлээ сонгох эрхээ эдэлсэн, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасантай адил нөхцөл байдал үүссэнийг шүүх шалгаж үзэлгүй нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан билээ. Нэхэмжлэгч бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөхөд компанийн захирал эзгүй гэх, захирал дарга нартай уулзуулдаггүй ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй гэж зөвхөн нягтлан бодогч Ө.Бтай утсаар ярьж лавлаж байсан гэх тайлбарынхаа үндэслэлээ өөр бусад нотлох баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан Ө.Б нь утсаар захирал байхгүй эзгүй байна гэж хэлж байснаар нэхэмжлэгчид ажиллах боломж нөхцөл бүрдүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь хэт нэг талын шийдвэр болсон гэж үзэж байгаа болно. Хэрэв ажилд буцаан авах тушаал нь гараагүй эсхүл тушаалд захирал гарын үсэг зурах шаардлагатай байсан тохиолдолд захирлын ажилд ирээгүй эзгүй байсан гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй гэж шүүхээс дүгнэх, хариуцагчийг буруутгах үндэслэл байж болохыг үгүйсгэхгүй юм. Ажлаас халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага нь гомдлоор үүсэх маргаан бөгөөд түүний гомдлын үндэслэл, шаардлага нотлогдож байгаа эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Өд Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 353 дугаар тогтоол үйлдсэн тухай мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон тухайгаа мэдсэн, мөн “Ж Т”ХХК-ийн захирлын ажилд томилох тухай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/05 тоот тушаалыг гардан авсан. Энэ талаар гэрч Амартүвшин болон нэхэмжлэгч ч тушаалаа гардан авсан тухай мэдүүлдэг. Иймээс эрх зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 353 дугаар тогтоол гарсан өдөр байх тул нэхэмжлэгч ажиллах боломж, ажлын байраар хангаагүй, цалин хөлс олгоогүй гэх гомдлыг 3 сарын дотор дахин шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж, эрх ашгаа хамгаалуулах байсан байна. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 11 өдөр нэхэмжлэл гаргасан нь дээр дурдсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч бүрэн ханган шийдвэрлэсэн болон давж заалдах шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалган нэмж өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Ө 2018 оны 9 сард 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хоёр жилийн хугацааны ажилласан жилийн баримт бүрдүүлэх шаардлагатай болсон талаар шүүх хуралдаанд тайлбар хийж байсан болно. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилготой байсан гэж үзэж болох бөгөөд хүсэлтийг нь хүлээн авснаар тушаал нь гарсан гэж хүний нөөцийн ажилтан Дөлгөөн мэдэгдсэн байна. 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.дах хэсэгт “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан буюу өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлнэ. 67.3.Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно” гэжээ. Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан эрхээ хамгаалуулж байсан учраас хариуцагч “Ж Т”ХХК нь тушаал гаргасан атлаа үнэхээр ажилд нь оруулаагүй, ажил олгоогүй, ажлын байраар хангаагүй шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж нэхэмжлэгч Б.Өын нэхэмжлэлд бичсэн үйл баримт бодит байсан бол 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2016 оны 2 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлт болох 794 дүгээр зүйлд заасан. 794.1 Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш гурван хоногийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгааныг судлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах шийтгэвэр гарган шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ. 794.2.Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол шүүгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно. 794.3.Энэ хуулийн 794.1.-д заасан шүүгчийн шийтгэврийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйд хэрэгжүүлнэ. тэж заасны дагуу албадлагын арга хэмжээ авахуулан асуудлыг тухайн үед бүрэн цэгцлэн шийдвэрлүүлэх журамтай байжээ. Гэтэл зөрчигдсөн гэж үзсэн эрх нь сэргээгдэж, тус компанид ажиллах эрх нь нээлттэй болсон, ажилд нь буцаан томилсон тушаал гарсан байхад нэхэмжлэгч өөрөө ажиллах хүсэл сонирхолгүй байсан, их хурлын сонгуулийн хороонд, дараа нь өөрийн танил хүний компанид ажиллаж байсан талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгсөн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болох нотлох баримтыг анхаарсангүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол үйлдэгдсэн нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Өын нэхэмжлэлд хариуцагч “Ж Т”ХХК нь “шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй, нэр төдий тушаал гаргасан” гэж бичсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зөрчлийн шинжтэй хариуцлага хүлээлгэх асуудал байтал анхан шатны шүүх (i)хариуцагч “Ж Т”ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй зөрчил гаргасан эсэх, зөрчилд шүүгчийн шийтгэвэрээр арга хэмжээ авагдсан эсэхийг нягтлан үзэлгүй (ii) ажилгүй байсан биш өөр газарт ажиллаж байсан гэсэн тайлбар мэдүүлэг нэхэмжлэгч өгсөн байхад шууд Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2016 оны 1 дүгээр сард ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш 2018 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 27 сар 4 хоногийн цалин хөлсийг тооцон олгохоор хууль буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. “Ж Т”ХХК-ийн захирлын тушаал гарсан боловч нэхэмжлэгч Өсөхжаргал нь үйлдвэрийн дарга, борлуулалтын албаны дарга нартай уулзаж ажиллах шаардлага огт тавьж байгаагүй төдийгүй хүний нөөцийн ажилтан Дөлгөөнтэй бас харьцаж уулзаж байгаагүй байх бөгөөд хүний нөөцийн ажилтан Дөлгөөн нь шуудангаар ирүүлсэн Өсөхжаргалын ажлаас халсан тушаал авах тухай хүсэлтийг хүлээн авсан гэдгийг мэдсэн гэж мэдүүлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд мөн л тусгагдсан байгаа болно. Тус компанийн захирал У.Эрдэнэчимэг би нэхэмжлэгч Өсөхжаргалыг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01109 дугаар шийдвэрийг хүндэтгэн давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны анхны шаардлагаар шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсний тооцоог шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар ажилд нь эргүүлэн томилсон тушаал гарган өөрийн бүхий л боломж чадлаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлсэн байхад, шүүхийн журмаар эргүүлэн тогтоогдсон ажилдаа орох үүргээ нэг ч өдөр биелүүлээгүй өөрийн хүсэл зоригоор Их хурлын сонгуулийн хороонд ухуулагчаар ажиллаж байсан Өсөхжаргалд их хэмжээний мөнгө төлөх болж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчид үндэслэлгүй хөрөнгөжих боломж олгож манай компани үйлдвэрт 40 шахам сая төгрөгийн хохирол алдагдал хүлээхэд хүргэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлагыг шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч “Ж Т”ХХК болон Ө.Бд  холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 39 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Б.Ө ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01109 дугаар шийдвэрээр түүнийг “Ж Т”ХХК-ийн борлуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 3 440 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

“Ж Т”ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/05 тоот тушаалаар  Б.Өыг ажилд нь эгүүлэн томилсон, мөн өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байх боловч шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлээгүй болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн болохыг ажил олгогч буюу “Ж Т”ХХК нотлох үүрэгтэй. Хариуцагч нь ажилтныг ажилд эгүүлэн авсан тушаал гаргасан гэснээс өөрөөр, ажилтныг ажиллах нөхцөлөөр нь хангасан, тушаалыг хэрэгжүүлсэн болохыг баримтаар нотлоогүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт маргааны бодит үйл баримтад нийцсэн байна. Ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн авах тухай тушаал гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан хэдий ч тушаалын дагуу ажилтан ажиллаагүй байна.

Хариуцагч нь ажилтныг өөрөө ажилдаа ирээгүй гэж маргасан, уг үйл баримтыг нотлуулахаар гэрчээр Г.Амартүвшин, Л.Энхтайван нарыг асуулгасан боловч ажилдаа ирэхийг ажилтанд хэрхэн мэдэгдсэн, ажилтан өөрөө ажилдаа ирээгүйгээс шийдвэр биелэгдээгүй болохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй, ажилтныг ажлын байраар нь хангасан болохыг хөдөлбөргүй нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүх үндэслэлтэй тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх олговор 28 494 748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь дэх хэсэгт нийцжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА