Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 647

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, нэхэмжлэгч Ө.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овгийн Ө-ын Э

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд.     

Нэхэмжлэлийн шаардлага: ”Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э*******ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасныг үндэслэн  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний бие төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудад 31 жил ажиллахдаа сахилгын болон ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй ба сайдын Б/13 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас шууд халсанд гомдолтой байна.

Их сургуулийн бүсэд ажилтан, сонсогчид амиа алдсан гэх тушаалын үндэслэлд тайлбар өгөхөд, сонсогч Г.Г нь гэртээ, ажилтан Я.Э нь хүнд өвчний улмаас клиник байдлаар нас барсан, Ч.Ө нь сургуулийн бүсэд амь насаа алдсан явдлыг тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй ба сонсогч Г.Г, сантехнийн инженер Я.Э, сонсогч Ч.Ө нарын амь насаа алдсан шалтгаан нь сургуулийн удирдлага зохион байгуулалтын буруутай үйл ажиллагаа, оюутан сонсогчдын дотоод журам алдагдсан, оны ялгаа, зүй бус харилцаа, ёс суртахууны доголдоос хамаараагүй болох нь сургуулийн дотоод хяналт шалгалтын байгууллагаас гаргасан дүгнэлтээр тодорхойлогдоно.

Их сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Танилцуулга хүргүүлэх тухай” 01/2595, мөн 12 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/2600, “Сонсогч Ч.Ө*******ын талаар” 01/2601, “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/2602 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр албан бичгээр танилцуулгуудыг тухай бүр хүргүүлж, дээрх асуудлуудаар тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад удирдлагуудад өөрийн биеэр 88119099 дугаарын утаснаасаа танилцуулж байсан.

Бодит байдал ийм байтал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалын үндэслэх хэсэгт асуудлуудыг яам болон удирдлагад танилцуулаагүй гэж тэмдэглэсэн нь ойлгогдохгүй байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагч Хууль зүй, дотоод хэргийн сайдтай төсвийн шууд захирагч Хууль сахиулахын их сургуулийн захирал нь 2018 онд 44 нийтлэг арга хэмжээ, 8 тусгай арга хэмжээ, манлайллын зорилтын хүрээнд 21, мэдлэг чадвараа дээшлүүлэх 5 ажил арга хэмжээг төлөвлөж, үр дүнгийн гэрээг байгуулан, гэрээг үндэслэн Их сургуулийн 2018 оны төлөвлөгөөг 11 чиглэлээр 128 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, захирлын 2018 оны А/21 тоот тушаалаар баталж, хэрэгжилтийг ханган ажилласан. 2017 онд Их сургуулийн захирлаас Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 96,54 хувьтай биелүүлж, салбарын хэмжээнд тэргүүлсэн.

Миний бие Монгол Улсын Засгийн Газраас баталсан үндэсний хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны эрх зүй, сургалт, сурталчилгааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хууль сахиулах их сургуулийн хөгжлийн стратеги хөтөлбөр, Дээд газрын тогтоол шийдвэрүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлэхээр тавьсан зорилтуудыг хангахад удирдлага зохион байгуулалтын ажлыг чиглүүлж, Хууль сахиулах их сургуулийн захирлын ажлын байрны үндсэн зорилтуудыг ханган ажилласан.

2018 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд 44 нийтлэг арга хэмжээ, 8 тусгай арга хэмжээний хэрэгжилтийг ханган 97 хувьтай зохион байгуулж, үүргээ биелүүлсэн. Энэ хугацаанд удирдлага зохион байгуулалт суларснаас сургалт, хүмүүжлийн ажил хангалтгүй болсон, сонсогч суралцагчдын дунд оны ялгаа, Их сургуулийн дүрмийн бус үйл ажиллагаа, албан хаагчдаас гаргасан ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй байтал ажлаас халсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н*******ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалд бичигдсэн үндэслэлүүд нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримталж миний биеийг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн 18 заалтыг бүгдийг нь зөрчсөн гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б/13 тоот тушаалдаа үндэс болгосон нь хууль буруу хэрэглэж, тушаал гаргасан гэж ойлгогдож байна.

2. 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаа болон удирдлагын үйл ажиллагааг төлөвлөгөөт болон хэсэгчилсэн байдлаар шалгаж дүгнээгүй бөгөөд сахилгын болон ёс зүйн зөрчлөөр миний бие арга хэмжээ авагдаагүй байтал тушаалд албан үүргээ 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. Энэ үндэслэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны ямар нэгэн шийдвэрээр баталгаажсан нөхцөлд хэрэглэх заалт гэж бодож байна. Дээрх тайлбар, үндэслэлийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48.8-д заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-ийн гаргасан миний биеийг ажлаас халсан Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож Хууль сахиулах их сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж  шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дотоод хэргийн /Хууль сахиулахын/ их сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсгийн үндэслэл буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/13 тоот тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Энэ тушаалын үндэслэлд Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, сантехникийн инженер Я.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, сонсогч Ч.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуулийн удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна хоёр сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албанд ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн үү гэсэн асуудлыг ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг үндэслэл болгон шийдвэрлэдэг. Төрийн албан хаагч ажил үүргээ хэрхэн гүйцэтгэсэн гэдэг нь үр дүнгийн гэрээний биелэлтийн хуудсаар хэмжигддэг. Үүн дээр гурван удаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн асуудал яригддаг. Амь насаа алдсан гэсэн гурван хүний хэрэг цагдаа, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад сургуулийн ямар нэгэн нөлөөлөлгүйгээр, ар гэрийн дотоод асуудлын улмаас амь насаа алдсан, гэмт хэргийн шинжгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон. Тиймээс бид нар үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёр сар хүрэхгүй хугацаанд болсон хэргийг дээд шатны удирдлагад танилцуулаагүй байна гэж хэлж байна. Тухай бүрт нь танилцуулаад явж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/13 тоот тушаал нь анхнаасаа гарахдаа хууль бус байсан гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлгүй байгаа учир хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэсний хүрээнд тушаал гарсан. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн дүрэмд  “сургуулийн захирлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж чөлөөлнө” гэж заасны дагуу Ө.Э*******ийг Хууль зүй, дотоод  хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар томилсон. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн сонсогч “Г” нь сургуулийн бүсэд, ажилтан “Э” нь сургуулийн бүсэд, мөн адил сонсогч “Ө” нь сургуулийн бүсэд нас барсан гэсэн үйл явдал болсон. Эдгээр үйл явдлууд нь их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлд 12.1.6, 12.1.13 дугаар хэсэгт эрхлэх асуудлын хүрээнд Хууль зүйн сайдад агентлагийн захирал танилцуулж байх үүрэгтэй. Үүний дагуу танилцуулах ажиллагаа хийгдээгүй. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус болсон үйл явдлын талаар мэдээлэл өгсөн нь хэрэгт авагдсан. Энэ нь 12 дугаар сарын 27-ны өдөр буюу сар хагасын дараа эхний нас барсан үйл явдлыг мэдэгдсэн. Энэ нь уг дүрмийг зөрчсөн үйл явдал болсон. Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “багш, суралцагчийн аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавих үүрэг нь захирал багшид оногдож байгаа. Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэж байна.

Сургууль гэдэг нь боловсролын байгууллага. Сургууль дотор болсон үйл явдал нь урьд болж байгаагүй зүйл. Тухайн жилдээ 3 удаагийн дараалалтайгаар ийм зүйл болсон. Сургуулийн үйл явдал захирал болон сургуулийн бусад ажилтанд хамаарна. Сургуулийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг нь сургуулийн захиралд байдаг. Сургуулийн бүсэд болж байгаа үйл явдал нь дэглэлт болон бусад үйл явдлаас болоогүй гэж тайлбарлаж байгаа нь сургуульд ийм хууль бус үйл явдал болдог гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Хүний амьтай холбоотой асуудал тухайн жилдээ 3 удаа болсон учир тушаал гаргах бүрэн үндэслэл болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбартай санал ижил байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан Ө.Э-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус сургуулийн ажилтан болон сонсогч нар амь насаа алдсан нь сургуулийн удирдлага зохион байгуулалт алдагдсан нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн Хууль зүйн, дотоод хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан тайлбар хийгдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажилдаа хариуцлагагүй хандсан учир нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болжээ. Дээрх хэрэгтэй холбоотой мэдээллийг сар орчмын дараа танилцуулсан байдаг. Сургуулийн журамд заасны дагуу Хууль зүйн сайдад гарсан хэрэг явдал, зөрчлийн талаар мэдээлэх, нэн яаралтай хүргэх зохицуулалт байдаг. Хүний амь нас эрсдсэн байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдэгдээгүй байсан. Гурав дахь сонсогчийн амь насанд эрсдэл учирсны дараа мэдэгдэл хүргүүлж байгаа нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч Ө.Э нь ...надад ямар нэгэн хамаарал байхгүй, шалгадаг байгууллагаар нь шалгуулаад дүгнэлт гаргасан гэж хэлж байгаа. Цагдаагийн байгууллага амь нас алдсан 3 хүнийг ямар нэгэн гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоох ёстой болохоос биш энэ хүний ажилдаа хариуцлагагүй хандсан талаарх дүгнэлт гаргахгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ө.Э-ийг анх удаа захирлаар томилохдоо тухайн сургуулийн удирдлага зохион байгуулалт, суралцагчийн сэтгэл зүй гээд бүгдийг судлаад явуулдаг байх, ямар ямар хүн дээр анхаарал хандуулах  шаардлагатай зэргийг дурдахдаа тухайн сонсогчийн нэрийг оролцуулж, анхааруулсан байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтууд ирээгүй байгаа учраас энэ талаар тодорхой ярьж чадахгүй байна. Эхний хэрэг гарсан даруйд энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдэгдэж яамнаас арга зүйн зөвлөгөө аваад явах ёстой байсан. Гэтэл тухайн үед ийм нөхцөл байдлаар хангуулаагүй.

Мэдээлэл хүргүүлээгүйгээс болж дараагийн учрал болсон. Иймээс тухайн үеийн сургуулийн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор дээрх үйл явдлууд болсон гэж үзэж байгаа. Гурав дахь удаа хүн нас барснаас 2 хоногийн дараа энэ талаар мэдэгдэхгүй бол болохгүй юм байна гэж үзээд Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэл хүргүүлсэн байсан. Төрийн нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авч, Хууль зүйн сайд зохих арга хэмжээгээ авч, түүнийг ажлаас чөлөөлсөн. Хүний амь насны асуудал яригдаж байхад Ө.Э нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсалтай байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/13 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан, “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э*******ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас халж, цаашид хөдөлмөр эрхлэх нөхцөлгүй болгож байгаа нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан тушаал үндэслэл бүхий бөгөөд хүний амь настай холбоотой асуудал тухайн жилдээ гурван удаа гарсан нь тушаал гаргах үндэслэл болсон гэж татгалзлаа тайлбарлаж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчаас гаргасан тушаал нь үндэслэлтэй буюу сургуулийн ажилтан болон сонсогч нар амь насаа алдсан нь удирдлага зохион байгуулалт алдагдсантай холбоотой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д: “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.6-д: “зэвсэгт хүчин ...  дотоодын цэрэг, ... цагдаа ... байгууллагын офицер, ...”, 10 дугаар зүйлийн 10.3-т: “энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж тус тус зааснаас, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх ба багш, ажилтан нар нь төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол хэрэглэж, ялгах тэмдэгтэй байна”, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т: “их сургуулийн захирал нь цэргийн болон албаны дээд цол хэрэглэнэ” гэснээс үзвэл нэхэмжлэгч /албан хаагч/-ийн эрх зүйн байдал нь төрийн тусгай албан тушаал байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаал[1] нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг үндэслэн гарсан ба нэхэмжлэгч Ө.Э-ийг “Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, сантехникийн инженер Я.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, сонсогч Ч.Ө нь 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна, хоёр сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй” хэмээн тэмдэглэн буруутгасан, нэхэмжлэгч нь уг тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас халж хууль зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Үйл баримтын хувьд:

-Хууль сахиулахын их сургуулийн суралцагч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны 79 тоот буюу 9 давхараас унаж нас барсан гэх мэдээллийг шалгаснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 136 дугаар Прокурорын тогтоол[2];

-Хууль сахиулахын их сургуулийн суралцагч, сонсогч Ч.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахтулахын их сургуулийн сонсогч нарын цайны газрын доод талын подвалд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан гэх мэдээллийг шалгаснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 551 дүгээр Прокурорын тогтоол[3];

-Хууль сахиулахын их сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний газрын сантехникийн инжинер Я.Э нь 2018 оны 12 сарын 17-ны өдөр ажлын байр буюу тус сургуулийн В1 давхарт нас барсан тухай мэдээллийг шалгаснаар зүрх судасны өвчний улмаас нас барсан гэж шалтгааныг тогтоон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоолууд тус тус үйлдэгдэж, энэхүү хүний амь нас эрсдсэн гурван тохиолдлыг гэмт хэргийн шинжгүй, аливаа нэг бусдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нас барсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж холбогдох эрх бүхий байгууллага үзжээ.

Түүнчлэн Хууль сахиулах их сургуулийн захирлын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 26, 27-ноор огноолж, “Мэдээлэл хүргүүлэх тухай” агуулга бүхий албан тоотуудыг[4] Хууль зүй дотоод хэргийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нэр дээр хүргүүлсэн баримтууд авагдсанаас гадна нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой баримтууд, сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээ, уг гэрээг дүгнүүлж байсан илтгэх хуудас, Хууль сахиулахын их сургуулиас 2018 болон 2019 онд хэрэгжүүлэх нийтлэг арга хэмжээ, мөн сургуулийн дотоод журам, Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн дүрэм зэрэг баримтууд тус тус хэргийн материалд авагдсан байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс “Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 12.1.13-т зааснаар буюу удирдлагыг мэдээллээр хангах, сургуулийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байтал дээрх гурван тохиролдолд энэ үүргээ хэрэгжүүлэн хариуцлагатай ажиллаагүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д заасан хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэдэгт хамаарна, мөн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7-д зааснаар багш суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих үүрэгтэй ба энэ үүргээ гүйцэтгээгүй байна[5]” гэжээ.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

Хариуцагчийн гаргасан тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т: “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж хуульчилсаныг, Төрийн албаны тухай 37 дугаар зүйл: төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т: “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг тус тус үндэслэжээ.

Тэгвэл хариуцагчид, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Хууль сахиулахын их сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг хууль болон дүрмээр олгосон байна.

Гэвч хариуцагч захиргааны байгууллага энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, нэхэмжлэгч болох төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг зөрчиж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүхээс дүгнэв. Яагаад гэвэл, Төрийн албаны тухай 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг заасан, ингэхдээ 37.1.1-ээс 37.1.18 хүртэл  жагсаан тодорхой үүргүүдийг хуульчилсан байтал, хариуцагч тушаалдаа уг зүйлийг бүхэлд нь барьж үндэслэсэн нь учир дутагдалтай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хуулийн 37.1.18-д заасан хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэдэгт хамаарч нэхэмжлэгч нь энэ үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна. Зүй нь хуулийн 37.1.18-д заасан үүрэг нь өөр бусад ямар хууль тогтоомжид заасан үүрэг байсан, уг үүргийг нэхэмжлэгч хэзээ, хэрхэн зөрчсөнийг тогтоож байж, захиргаа нэхэмжлэгчийг төрийн албанаас халах байсан байна.

Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийг үндэслэсэн, энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нэг үндэслэл байхаар хуульчилагдсан аж. Удаа дараа /гурван удаа/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн заалтыг хэрхэн ойлгож, маргаан бүхий актыг гаргаснаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа, хариуцан удирдаж байгаа их сургуулийнх нь албан хаагч болон сонсогч нарын амь насаа алдсан учралтай /3 удаа/ холбож, ялангуяа эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй гэснийг шүүх үзэхдээ, нэр бүхий албан хаагч болон сонсогч нар амь насаа алдсан учрал нь нэхэмжлэгчээс ямар албаны үүргээ үл биелүүлснээр эсхүл, хангалтгүй биелүүлснээр болсон бэ гэдгийг, түүнчлэн хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын өмнө хүлээсэн албаны ямар үүргийг зөрчсөн нь, мэдээлээгүй эс үйлдэхүй нь яагаад буруу гэдэг нь нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Үйл баримтын хувьд, амь насаа алдсан гурван учрал нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан албан үүргээ гурван удаа хангалтгүй биелүүлсэн гэж ажил үүргийн чиг үүргийн хувьд шууд хамаарах боломжгүй юм. Энэ утгаараа бодит нөхцөлд тохирсон арга хэмжээ болоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнээд, хариуцагч захиргааны байгууллага нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна дүгнэлээ.

Цалин гаргуулах болон бусад шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж зааснаар эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахтай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхтэй” холбоотой  хэсгийг шийдвэрлэв.            Нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн тодорхойлолт[6] ёсоор үндсэн цалин 1026128 /нэг сая хорин зургаан мянга нэг зуун хорин найм/ төгрөг ба төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 45% буюу 439799 /дөрвөн зуун гучин есөн мянга долоон зуун ерөн ес/ төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25% буюу 244333 /хоёр зуун дөчин дөрвөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, цолны нэмэгдэл 30% хувь буюу 239199 /хоёр зуун гучин есөн мянга нэг зуун ерөн ес/ төгрөгөөр тус тус тооцож, сүүлийн гурван сарын цалингийн дундажийг тогтмол тоонд хуваан /977332₮:21,2=93079₮/ нэг өдрийн цалинг тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 7 сар 7 хоногоор бодож, нийт /1954663*7+93079*7/ 14334194 /арван дөрвөн сая гурван зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан “төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны ... нэмэгдлээс бүрдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн байна. Хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох энэ хэсгийг мөн ханган даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилах, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Э-ийг Дотоод хэргийн /одоогийн нэршил/ их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 14334194 /арван дөрвөн сая гурван зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН


[1] 1-р хавтаст хэргийн 66-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 78-80-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 74-77-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн83-89-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 64-65-р хуудас

[6] Хавтаст хэргийн 90-91-р хуудас