Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0270/З/Т |
Дугаар | 221/МА2016/0023 |
Огноо | 2015-12-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2016/0023
М.У- нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч М.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын гаргасан давж заалдах гомдлоор, М.У- нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалаар урьдчилан мэдэгдэлгүй гэнэт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Намайг Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэлийн албан тушаалаас орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр чөлөөлсөн атлаа миний оронд тус газарт Т.Быг зөрүүлэн улсын бүртгэгчээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дүгээр заалтыг зөрчсөн...
Бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон бидэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шалгаруулалт хийгээгүй нь холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн. Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, уг тушаалын хавсралтын 94 дугаарт бичигдсэн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, зохих бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Д.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...М.У- нь тус газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.24-т заасан шиг нь нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин тус хуулийн 27.2.3-т заасантай нэгэн адилаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс нь газарт нэгтгэгдэх замаар өөрчлөгдөн улмаар түүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн боловч тухайн улсын бүртгэгчийн албан тушаал нь 6 оронтой байснаа 5 оронтой болон цөөрсөн байна. Иймд М.Уянгыг цомхотгосон асуудал нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Уянгыг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.Уянгыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгож, М.У- нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: ...Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүтэц, орон тоо үйл ажиллагааны стратеги, хөтөлбөр шинэчлэн батлах тухай” А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Үүний дагуу тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус байгууллагын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилсон. Батлагдсан шинэ бүтэц, орон тооны дагуу томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан хаагчийг шалгаруулан, эгүүлэн томилсон байна.
Тус газрын Иргэний бүртгэлийн газар нь /хуучнаар/ 2 хэлтэстэй, нийт 17 улсын бүртгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Хууль зүйн сайдын А/16 дугаар тушаалаар Иргэний бүртгэл, гадаад паспортын газар болон өөрчлөгдөж, газар нь дотроо хэлтэсгүй байхаар зохион байгуулалтын өөрчлөлт орж, нийт 12 улсын бүртгэгчтэй байхаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Мөн тус газрын Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний үнэлгээний дүнд М.У- нь тус хэлтсийн хамт олноос хамгийн доогуур “С” буюу 79 гэж үнэлэгдсэн.
Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, тус газрын 5 улсын бүртгэгчийг хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасны дагуу “ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, томилох эрх бүхий албан тушаалтан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрөө шалгаруулж авах эрхтэй, заавал ажлын хэсэг байгуулахыг хуулиар шаардаагүй. Мөн эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тус газрын Тамгын газрын дарга болон Иргэний бүртгэлийн газрын даргыг оролцуулан шалгаруулалтыг явуулсан нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.
Иймд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн 2015 оны 604 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн гаргаагүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч М.У- нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлохдоо “...тушаал хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болгосон тогтоолыг үндэслэл болгосон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тооны хязгаарыг тогтоолын хавсралтаар баталсан байхад тогтоолоор баталснаар бичсэн, мөн тушаалыг илэрхий алдаатай бичсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9-д заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэл болж байна” гэх үндэслэлээр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.3-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаал нь хууль бус болохыг тогтоон, уг тушаалын хавсралтын 94 дүгээрт бичигдсэн М.У-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн нэхэмжлэгчид учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр “...сонгон шалгаруулалт явуулахгүйгээр бусад улсын бүртгэгч нарыг ажилд нь эгүүлэн томилсон атлаа зөвхөн нэхэмжлэгчийг эрхэлж байсан үүрэгт ажилд нь эгүүлэн томилоогүй, хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах заалтыг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан мөн өдрөөр тасалбар болгон тус газрын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүтэц, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлах тухай” А/16 дугаар тушаалын 2 дахь заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дотроо Иргэний бүртгэл, гадаад паспортын газартай байхаар зохион байгуулалтын бүтцийг баталжээ.
Харин дээрх Сайдын тушаалыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 389 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой тус газрын албан хаагчдыг хавсралт ёсоор мөн өдрөөс эхлэн томилж, уг тушаалын хавсралтаар Иргэний бүртгэл, гадаад паспортын газрыг Улсын ахлах байцаагч 4, Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч 4, Улсын бүртгэгч 4 байхаар баталсан байна.
Дээрх тушаалуудаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн ажлын байрны чиг үүрэг нь Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт харъяалагдах болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах, түүн дотроо байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс үүдэн өөрийг нь өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгох, улмаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр өөрчлөн бий болсон байгууллагын орон тоонд буюу мэргэжил, мэргэшлийн дагуу “Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч”-ийн ажил, албан тушаал эрхлэх ашиг сонирхол байгаа болох нь илэрхийлэгдэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийж, улмаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар тодорхойлогдож байгаа нэхэмжлэгчийн хүсэл зорилго нь юу болох, төрийн байгууллага, албан тушаалтны ямар буруутай үйл ажиллагаанаас болж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар, уг зөрчигдсөн гэх эрхийг сэргээх боломжтой эсэх зэрэг шалтгаан нөхцлийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР