Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 33

 

 

                                    

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх /томилолтоор/;

шүүгдэгч: О.Амартүвшин өөрийгөө өмгөөлж оролцов.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мянгат овогт Одгэрэлийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 201625021200 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:   

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ын Удирдлага санхүүгийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 1 ах, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 17 дугаар байрны 26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УИ97060219 регистерийн дугаартай, Мянгат овогт Одгэрэлийн Амартүвшин.

Прокуророос баталж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолоор:

Яллагдагч О.Амартүвшин нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр иргэн Ч.Алтанхуягийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч О.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хэрэг бүртгэлтэнд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

    Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Алтанхуяг /хх-ийн 12-13/, гэрч Ө.Энхсайхан /хх-ийн 14-15/, О.Амарбаяр /хх-ийн 16-17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5338 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, О.Амартүвшингийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/, О.Амартүвшингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, О.Амартүвшингийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 30/, Монголын үндэсний их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 31/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Амартүвшин нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Ч.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            хохирогч Ч.Алтанхуягийн /хх-ийн 12-13/: “…2016 оны 04  дүгээр сарын 14-ний өдрийн 17-18 цагийн үед Монгол 3 дугаар сургуулийн хойд тоглоомын талбай дээр сагс тоглохоор очсон юм. Тэгээд тоглож байтал эсрэг талд тоглож байсан багийн залуу намайг эргэж хараад шууд /нүүр уруулын хавьд/ гараараа нэг удаа цохьсон. Би хойшоо хөл алдаад унатал намайг цээжин тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би босож ирээд “чи нүүр яаж байгаа юм бэ?” гэтэл “ална шүү чамайг, аятайхан байгаарай” гээд надруу дайраад байсан. Тэнд тоглож байсан хүмүүс биднийг салгаж цагдаа түргэн дуудсан. Түргэн ирж миний аманд оёо тавьж өгсөн…” гэх мэдүүлэг,

 

           гэрч Ө.Энхсайханы /хх-ийн 14-15/: “..2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би сургуулийнхаа сагсны талбай дээр очсон юм. Тэгтэл хэдэн хүүхдүүд сагс тоглож байсан. Би тэдэнтэй хамт багт нь ороод тоглосон юм. Миний тоглож байсан багт Амартүвшин байсан. Тэгтэл Амартүвшинг нөгөө багт тоглож байсан ах дээрэлхээд түлхээд мөн тоглож байхдаа булхайцаж тоглоод байсан юм. Тэгтэл тэр 2 тоглоомноос болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд нөгөө ах Амартүвшинг цохих гээд далайсан чинь Амартүвшин өрсөөд тэр ахын нүүрэнд нь цохих шиг болсон. Тэгтэл тэр ахын уруул нь сэтэрчихсэн байсан. Тэр ах цагдаа дуудаад хүүхдүүд ч тал тал тийшээ тараад явчихсан. Би Амартүвшинг сайн танихгүй. 2 сарын өмнөөс сагсны талбай дээр хааяа нэг сагс тоглож байхад нь харж байсан юм. Ер нь бол зүс л харж байсан. Алтанхуяг гэх ах Амартүвшинг сагс тоглож байхдаа дээрэлхээд ахархаад байсан. Тэгээд үүнээс болж маргалдаад зодоон болсон...” гэх мэдүүлэг,

 

О.Амартүвшингийн сэжигтнээр өгсөн /хх-ийн 24-25/: “…2016 оны 04  дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед би гэрээсээ гараад Монгол 3 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр хүүхдүүдтэй нийлээд сагс тоглосон юм. Тэгээд сагс тоглож байхад эсрэг талын багийн нэг ах намайг тоглох үедээ мөрлөөд, тохойлдоод байсан. Тэгэхээр нь би “та зүгээр тоглооч ээ” гэж хэлэхэд “юу гэнээ баньдаа, чи муу зүгээр байгаарай” гээд зодчих гээд дайраад гар далайхаар нь би түрүүлээд гараараа нүүрэн тус газар нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Алтанхуягийн биед үзлэг хийж “зүүн завьжны хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 5338 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 19/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

О.Амартүвшин “сагсан бөмбөг тоглохдоо мөрлөлөө, тохойлдлоо, булхайцлаа” гэх шалтгааны улмаас буюу тодорхой сэдэлттэй, таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр хохирогч Ч.Алтанхуягийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

 

Энэ хэргийн хохирогч Ч.Алтанхуяг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд түүний бичгээр ирүүлсэн “цаашид гомдол саналгүй, нэхэмжлэл гаргахгүй, сайн дураар эвлэрсэн тул О.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтээр батлагдаж байна.

 

Шүүгдэгч О.Амартүвшин нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч Ч.Алтанхуяг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Уг хэрэг хэрэгсэхгүй болж байгаатай холбогдуулан шүүгдэгч О.Амартүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мянгат овогт Одгэрэлийн Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч О.Амартүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар О.Амартүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч .Амартүвшинд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Амартүвшинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ