| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00301/И |
| Дугаар | 00296 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00296
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-11-6 тоотод оршин суух, Бямбажавын Отгонбаяр, Пүрэвсүрэнгийн Алимаа нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5038985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00301/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Отгонбаяр, П.Алимаа нар нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хас банкны Булган аймаг дахь салбартай 1310009750 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6600000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээний зориулалтаар, 36 сарын хугацаатай, банкны жилийн суурь хүү дээр 1.5 хувийг нэмэгдүүлсэнтэй тэнцэх 18 хувийн тогтмол хүүтэй авсан. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1310009476 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1499290 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээний зориулалтаар, 24 сарын хугацаатай, банкны жилийн суурь хүү дээр 12.9 хувийг нэмэгдүүлсэнтэй тэнцэх 29.4 хувийн тогтмол хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 5000588175 тоот дансны цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь 1310009750, 1310009476 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг зөрчин хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөхгүй нийт 314 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Б.Отгонбаяр, П.Алимаа нарт зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь бусдад их хэмжээний өр төлбөртэй, ажлаасаа гарсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид 1310009750, 1310009476 дугаартай зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа учраас гэрээнүүдийг цуцлах нөхцөл байдалд хүрч байна. Зээлдэгч Д.Отгонбаяр, П.Алимаа нар нь 1310009750, 1310009476 дугаартай зээлийн гэрээнүүдийн 4-т заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж байгаа учраас гэрээний 5-т зааснаар гэрээг цуцалж, зээлдэгч Б.Отгонбаяр, П.Алимаа нараас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 1310009750 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 3850000 төгрөг, хүү 648921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31698, нийт 4530619 төгрөг, 1310009476 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 387906 төгрөг, хүү 95839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12619 төгрөг, нийт 496365 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг, нийт 5038985 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П.Алимаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.Отгонбаяр, П.Алимаа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5038985 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Алимаа би Хас банкны Булган салбарын нэхэмжилсэн 5038985 төгрөгийг өөрийн биеэр бүрэн хариуцаж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хас банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах нь шүүх гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Отгонбаяр, П.Алимаа нараас 5038985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.Отгонбаяр нь оршин суух хаягтаа байхгүй, сураггүй алга болсон. Хариуцагч П.Алимаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагч Б.Отгонбаяраас татгалзаж, хариуцагч П.Алимаагаас дээрх мөнгөн шаардлагыг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Булган аймаг дахь салбар нь Б.Отгонбаяр, П.Алимаа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5038985 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Хас банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах нь хариуцагч Б.Отгонбаяраас татгалзаж, хариуцагч П.Алимаа нь Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5038985 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-11-6 тоотод оршин суух, Бямбажавын Отгонбаяр, Пүрэвсүрэнгийн Алимаа нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5038985 /таван сая гучин найман мянга есөн зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97574 /ерэн долоон мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 48787 /дөчин найман мянга долоон зуун наян долоо/ төгрөг, хариуцагч П.Алимаагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН