Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

 

 

 

  2022        01        17                                   2022/ШЦТ/72

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Б.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн “2111 00655 1188” дугаартай, 186/2022/0026/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, зүүн наран 10-58а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 402 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж байсан, Б.Э,

          Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын богино зуслангийн задгай тоотод байх иргэн Ц.Дэлгэрмаагийн эзэмшлийн зуслангийн байшингын хаалгыг хөшиж онгойлгон, нэвтэрч 1.219.000 төгрөгийн үнэлгээ бүхий Пиникс /Phonix/ загварын 1 ширхэг мотортой унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Дэлгэрмаагийн:...би 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед нөхөртэйгөө хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын богино задгайд байрлах зуслангийн байшинд амрахаар очсон. Гэтэл тус тоот манай гэрийн хаалгыг хөшин онгойлгож хулгай орж гэрт байсан цахилгаан унадаг дугуйг хулгайлсан байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20дугаар тал/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатарын:....би 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цахилгаан моторт унадаг дугуйг фейсбүүкийн зарын дагуу 500.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн унадаг дугуйг авснаас хойш би өөрийн мөнгөөр хүүхдийн ачаа, олгой хаймар, цэнэглэгч, гэрлэн дохио буюу шилжүүлэгч болон цэвэрлэгээ, тухайн цэвэрлэгээний бодисын зардал гээд нийт 200.000 төгрөгөөр нэмэлт зүйл, үйлчилгээ хийсэн боловч тухайн унадаг дугуйг хулгайн дугуй гээд хохирогч болон цагдаагийн байгууллагын албан хаагч нар хураан авсан. Тэгээд би тухайн хэрэгт өөрийн нэмэлтээр хийсэн 200.000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийн төлбөрийг нэхэмжилж байна. Би тухайн эд зүйлсээс ямар ч эд зүйлийг буцаан аваагүй болно. Би тухайн сэлбэг, эд зүйлсийг Нарантуул-1 олон улсын худалдааны төвөөс худалдан авсан болохоор ямар нэгэн анхан шатны баримт байхгүй байна. Харин тухайн эд зүйлсийг хийчэхээд зургийг нь дараад авчихсан байгаа, тухайн зурагт миний хийсэн эд зүйлс тодорхой харагдана. Би 500.000 төгрөгийг буцаан барагдуулж авсан байгаа. Надад баримт байхгүй. Би хүүхдийн хуванцар ачаа 1 ширхэг 65.000 төгрөг, олгой хаймар 1 ширхэг 20.000 төгрөг, цэнэглэгч 1 ширхэг 45.000 төгрөг, гэрлэн дохио буюу шилжүүлэгч 55.000 төгрөг, цэвэрлэгээний бодис буюу зэв арилгагч 1 ширхэг 8.000 төгрөг, сэв арилгагч 1 ширхэг 7.000 төгрөг, авто угаалгын үнэ 5.000 төгрөг болсон гэх мэдүүлэг  /хх-ийн 24-26 дугаар тал/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжпэгч Ж.Ёндондүвжирийн:...би 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн урд дугуй зараад зогсож байхад үл таних 50 орчим насны эрэгтэй хүн над дээр цагаан өнгийн мотортой дугуй авчирч ирээд дугуй зарах гэсэн. Манай дүүгийн дугуй байгаа юм, манай дүү осолд ороод шөрмөсөө тасалсан учраас дугуйгаа унахгүй зарах гэж байгаа гэхээр нь би хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиж тэр хүнийг бүртгүүлээд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй болохоор нь тэр хүнээс дугуйг 125.000 төгрөгөөр худалдан авахаар болоод өөрийн 5035537197 дугаарын данснаас уг хүний 5076884315 дугаарын дансруу 125.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн мөнгөө аваад явсан. Түүний дараа би фейсбүүкээр цахилгаан унадаг дугуй зарна гээд зар байршуулсан чинь надтай Түвшинбаатар гэх хүн холбогдоод дугуйг худалдан авахаар болоод надаас 500.000 төгрөгөөр худалдан авсан. Би 500.000 төгрөгийг дугуй худалдан авсан хүнд буцаан төлж барагдуулсан надад гомдол санал байхгүй.  Дугуй худалдан авсан 125.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Лхагважаргалын:...96801060 дугаарын утсаар холбогдож байгаад тухайн унадаг дугуй очиж үзэхэд миний унадаг дугуй мөн байсан ба арлын дугаар нь 237822089000276 гэж яг таарч байсан. Манай ээж уг дугуйг надад 2021 оны 05 дугаар сарын үед БНХАУ-аас захиалгаар мөнгийг төлж авч өгч байсан. ээж Дэлгэрмааг хохирогчоор тогтоолгох хүсэлтэй байна. Дугуйны хойд талын хэсэгт хүүхдийн хуванцар сандал нэмж хийсэн байсан. Үүнээс өөр эд анги нэмэгдсэн зүйл байгаагүй. Би дугуйг тухайн үед худалдан аваад 1 cap болж байсан учраас ямар нэгэн элэгдэл хорогдол үүсээгүй байсан гэх мэдүүлэг      /хх-ийн 46-49 дүгээр тал/,

         2.5. “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний  2021 оны 06 дугаар сарын    17-ны өдрийн ЧД2-21-334 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-21-712 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 59-60, 93-94 дүгээр тал/,

       

       Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас       /хх-ийн 14 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/, хохирогч Ц.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатарын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Ёндондүвжирийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүгдэгч Б.Эаас иргэний нэхэмжлэгч Ж.Ёндондүвжирт 125.000 төгрөг, хохирогч Ц.Дэлгэрмаагаас иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатар  нь 200.000 төгрөгийг гаруулахаар шүүхэд бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын богино зуслангийн задгай тоотод байх иргэн Ц.Дэлгэрмаагийн эзэмшлийн зуслангийн байшингын хаалгыг хөшиж онгойлгон, нэвтэрч 1.219.000 төгрөгийн үнэлгээ бүхий Пиникс /Phonix/ загварын 1 ширхэг мотортой унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Ц.Дэлгэрмаагийн:...би 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед нөхөртэйгөө хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, яргайтын богино задгайд байрлах зуслангийн байшиндаа амрахаар очсон. Гэтэл тус тоот манай гэрийн хаалгыг хөшин онгойлгож хулгай орж гэрт байсан цахилгаан унадаг дугуйг хулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатарын:....би 2021 оны 06 дугаар сарын     20-ны өдөр цахилгаан моторт унадаг дугуйг фейсбүүкийн зарын дагуу 500.000 төгрөгөөр худалдан авсан…гэх мэдүүлэг  /хх-ийн 24-26 дугаар тал/,

-  иргэний нэхэмжпэгч Ж.Ёндондүвжирийн:...би 2021 оны 06 дугаар сарын     11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн урд дугуй зараад зогсож байхад үл таних 50 орчим насны эрэгтэй хүн над дээр цагаан өнгийн мотортой дугуй авчирч ирээд дугуй зарах гэсэн. Манай дүүгийн дугуй байгаа юм, манай дүү осолд ороод шөрмөсөө тасалсан учраас дугуйгаа унахгүй зарах гэж байгаа гэхээр нь би хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиж тэр хүнийг бүртгүүлээд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй болохоор нь тэр хүнээс дугуйг 125.000 төгрөгөөр худалдан авахаар болоод өөрийн 5035537197 дугаарын данснаас уг хүний 5076884315 дугаарын дансруу 125.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг       /хх-ийн 30-31 дүгээр тал/,

гэрч А.Лхагважаргалын:...96801060 дугаарын утсаар холбогдож байгаад тухайн унадаг дугуй очиж үзэхэд миний унадаг дугуй мөн байсан ба арлын дугаар нь 237822089000276 гэж яг таарч байсан. Манай ээж уг дугуйг надад 2021 оны 05 дугаар сарын үед БНХАУ-аас захиалгаар мөнгийг төлж авч өгч байсан. Ээж Дэлгэрмааг хохирогчоор тогтоолгох хүсэлтэй байна. Дугуйны хойд талын хэсэгт хүүхдийн хуванцар сандал нэмж хийсэн байсан. Үүнээс өөр эд анги нэмэгдсэн зүйл байгаагүй. Би дугуйг тухайн үед худалдан аваад 1 cap болж байсан учраас ямар нэгэн элэгдэл хорогдол үүсээгүй байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 46-49 дүгээр тал/,

         -  “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний  2021 оны 06 дугаар сарын    17-ны өдрийн ЧД2-21-334 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-21-712 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 59-60, 93-94 дүгээр тал/, болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, цааш нь бусдад зарж  борлуулж өөртөө ашиг олж шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Б.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.Эыг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны  хувьд  2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн болох  нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд  хамаарна” гэж хуульчилсан байх тул Б.Эын  үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд  хамрагдаж байна.

Ингээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, 2 /хоёр/ жилийн  хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглов. 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тус тус анхааруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, Б.Эаас 125.000  төгрөгний хохирол гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Ёндондүвжирт олгох, иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатар нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

8. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэжлэгч Ж.Ёндондүвжирт олгосугай.

10. Иргэний нэхэмжлэгч Б.Түвшинбаатар нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.