| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
2022 01 17 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Тд холбогдох эрүүгийн “2111 01219 1297” дугаартай, 186/2022/0035/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ар гүнт 8-1 тоотод оршин суух бүртгэлтэй,
- урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгор ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Х.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамжны 1а тоотод байх хашаандаа хохирогч А.Атарцэцэгийн гээсэн байсан “Samsung Galaxy А51” загварын rap утсыг буюу бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч яван, танил Б.Анхцэцэгт өгч явуулан ашиглуулж завшсаны улмаас бусдад 871.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Х.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн, зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Атарцэцэгийн:...би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамж 1а тоот гэрийнхээ үүдэнд байх “Баян-өндөг” нэртэй дэлгүүрт ороход танилууд болох Батцэрэн, Намираа, Тэрбиш, Ундраа нар лаазтай пиво уугаад сууж байсан. Би тэгээд энэ дөрөвтэй хамт суусан. Би суугаад 30 минут болоод байж байсан чинь манай хүүхэд орж ирээд гэрт хүн ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би гараад гэрлүүгээ орсон. Би гэртээ ороод байж байсан чинь утсаа хайгаад олоогүй. Тэгээд хүүхдүүдээсээ асуусан чинь манай том банди та гаднаас орж ирэхдээ утсаа барьж орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би хамт сууж байсан хүмүүсээс утсаа асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ундрахын:...Баян-Өндөг нэртэй дэлгүүрт Тэрбиш, Батцэрэн бид 3 юм яриад сууж байсан чинь Батцэрэнгийн найз гээд Намираа орж ирээд байж байсан чинь Атарцэцэг орж ирсэн. Тэгээд бид хэд хоёр хоёр лаазтай пиво уусан. Тэгээд байж байсан чинь Атарцэцэгийн хүүхэд нь орж ирээд дуудсан. Тэгээд Атарцэцэг байж байгаад орж ирээд Намираагийн утсыг гуйгаад хүн амьтантай яриад байсан. Тэгээд байж байгаад яваад өгсөн. Бид нар удалгүй тэгээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Намираагийн:...Атарцэцэг гэх эмэгтэй миний утас байхгүй байна гээд тэр хавиар хайж эхэлсэн. Тэгээд байж байгаад миний утсыг аваад хүнтэй яриад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анхцэцэгийн:...би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр манай аавын дүү болох Лхагвасүрэнгийн салсан эхнэр болох Тэрбиш надруу залгаад нэг утас олсон юм аа, энэ утсыг зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарж чадахгүй шүү дээ гэж хэлсэн чинь эгч нь Гүнт явах гэсэн юм өөр дээрээ хэд хоног байлгаж бай гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд 32-ын автобусны буудал дээр Тэрбиш эгчтэй уулзаад “Самсунг Галакси А-51” загварын гар утсыг авсан. Тэгээд надруу Тэрбиш эгч хэд хоногийн дараа залгаад цагдаа наад утсыг чинь хайж байгаа байх хая хая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаяагүй. Тэгээд би уг утсыг хоёр юм уу гурав хоног Хангай хотхоны Мишээл нэртэй дэлгүүр дээрээ байлгасан. Тэгээд уг утсыг гэртээ аваачаад утас олж авсан гэж хэлээд гэртээ байлгасан. Тэгээд очоод асааж үзээд фэйсбүүк цахим хаягаар орсон. Тэгээд хэд хоногийн дараа манай найз залуугийн утас нь эвдэрсэн болохоор би энэ утсыг олж авсан юм гэж хэлээд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 56-57 дугаар тал/,
2.5. Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 871.920 төгрөгний тайлан /хх-ийн 64-65 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 16 дугаар тал/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамжны 1а тоотод байх хашаандаа хохирогч А.Атарцэцэгийн гээсэн байсан “Samsung Galaxy А51” загварын rap утсыг буюу бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч яван, танил Б.Анхцэцэгт өгч явуулан ашиглуулж завшсаны улмаас бусдад 871.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч А.Атарцэцэгийн:...би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамж 1а тоот гэрийнхээ үүдэнд байх “Баян-өндөг” нэртэй дэлгүүрт ороход танилууд болох Батцэрэн, Намираа, Тэрбиш, Ундраа нар лаазтай пиво уугаад сууж байсан. Би тэгээд энэ дөрөвтэй хамт суусан. Би суугаад 30 минут болоод байж байсан чинь манай хүүхэд орж ирээд гэрт хүн ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би гараад гэрлүүгээ орсон. Би гэртээ ороод байж байсан чинь утсаа хайгаад олоогүй. Тэгээд хүүхдүүдээсээ асуусан чинь манай том банди та гаднаас орж ирэхдээ утсаа барьж орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би хамт сууж байсан хүмүүсээс утсаа асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- гэрч Н.Ундрахын:...Баян-Өндөг нэртэй дэлгүүрт Тэрбиш, Батцэрэн бид 3 юм яриад сууж байсан чинь Батцэрэнгийн найз гээд Намираа орж ирээд байж байсан чинь Атарцэцэг орж ирсэн. Тэгээд бид хэд хоёр хоёр лаазтай пиво уусан. Тэгээд байж байсан чинь Атарцэцэгийн хүүхэд нь орж ирээд дуудсан. Тэгээд Атарцэцэг байж байгаад орж ирээд Намираагийн утсыг гуйгаад хүнтэй яриад байсан. Тэгээд байж байгаад яваад өгсөн. Бид нар удалгүй тэгээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар тал/,
- гэрч Э.Намираагийн:...Атарцэцэг гэх эмэгтэй миний утас байхгүй байна гээд тэр хавиар хайж эхэлсэн. Тэгээд байж байгаад миний утсыг аваад хүнтэй яриад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар тал/,
- гэрч Б.Анхцэцэгийн:...би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр манай аавын дүү болох Лхагвасүрэнгийн салсан эхнэр болох Тэрбиш надруу залгаад нэг утас олсон юм аа, энэ утсыг зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарж чадахгүй шүү дээ гэж хэлсэн чинь эгч нь Гүнт явах гэсэн юм өөр дээрээ хэд хоног байлгаж бай гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд 32-ын автобусны буудал дээр Тэрбиш эгчтэй уулзаад “Самсунг Галакси А-51” загварын гар утсыг авсан. Тэгээд надруу Тэрбиш эгч хэд хоногийн дараа залгаад цагдаа наад утсыг чинь хайж байгаа байх хая хая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаяагүй. Тэгээд би уг утсыг хоёр юм уу гурав хоног Хангай хотхоны Мишээл нэртэй дэлгүүр дээрээ байлгасан. Тэгээд уг утсыг гэртээ аваачаад утас олж авсан гэж хэлээд гэртээ байлгасан. Тэгээд очоод асааж үзээд фэйсбүүк цахим хаягаар орсон. Тэгээд хэд хоногийн дараа манай найз залуугийн утас нь эвдэрсэн болохоор би энэ утсыг олж авсан юм гэж хэлээд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 56-57 дугаар тал/,
- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 871.920 төгрөгний тайлан /хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө мөн, түүнийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Х.Тийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т нь хохирогч А.Атарцэцэгийн эзэмшлийн гар утсыг мөн гэдгийг, А.Атарцэцэг нь гар утсаа гээгдүүлсэн байна гэдгийг мэдсээр байж эзэмшигчид нь буцаан өгөлгүйгээр бусдад дамжуулан өгч байгаа нь шунайхан сэдэлттэй, гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Тийг “ гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар тооцогдох материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Х.Тийн дээрхи гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 871.920 төгрөгний хохирол учирсан нь “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.
Хохирогч А.Атарцэцэг нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Х.Т нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдэлжээ.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Тийг эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж шийдвэрлэсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/24320 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Т нь хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж хяналтын хугацаанд байхдаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг баримтлан түүнд урьд эдлээгүй үлдсэн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 53 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Тийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тид оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 53 /тавин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Тид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 8 /найм/ сар, 26 /хорин зургаан/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 53 /тавин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арван/ сар, 19 /арван ес / хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Тид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Х.Тид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Тид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ