| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2021/0054/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/83 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/83
2022 01 18 2022/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч Г.Э /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Эад холбогдох эрүүгийн “2111 01365 0041” дугаартай, 186/2021/0054/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ханги мандалын боомтод слесерээр ажилдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, цэргийн анги 1-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Г.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар банкны урд талын явган хүний замд дээр хохирогч Б.Цэрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь тархи доргилт, уруулд няцарсан шарх, баруун зүүн дээд шүдний булгаралт, доод баруун 1-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Цэрэнгийн:...би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад ажлаасаа буусан, тэгээд гадуур хувийн ажлаа хөөцөлдсөн. Тэгээд орой 17 цагийн орчимд өөрийн таньдаг Эрдэнэбат /урьд нь нэг газар хамт ажилладаг байсан хүн/ гэх хүнтэй намайг дуудсан болохоор нь уулзсан. Тэгээд Чингэлтэй дүүрэгт байх нэг караокед бид хоёр 18 цагийн үед орсон. Ороод бид хоёр караокений цагаа сунгаад уугаад л байсан. Тэгсэн чинь нэг л мэдэхэд би Эрдэнэбатад караокений гадна зодуулчихсан байсан ба миний 2 шүд хугарчихсан, дээд уруул сэтэрчихсэн байсан. Өөр миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би энэ хүнд гомдолтой байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байгаагүй, бид хоёр яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эрдэнэзулын:..миний төрсөн аав Г.Эрдэнэбилэг нь бараг сар гаруй хугацааны өмнө хөдөө ажлаар явсан. Би өчигдөр аавын 95111312 дугаарт залгаж ярихад аав нь ажилтай байна, 2021 оны 12 дугаар сарын сүүлээр очино гэж байсан. Би аавд цагдаагаас ярьсан талаар хэлэхэд аав би цохисон хүнтэйгээ зохицоод учраа олчихсон гэхдээ хот ороод очиж уулзана гэж байсан. Аав надад хөдөө ажилтай гэж хэлсэн хаана байгаа талаараа хэлээгүй, хот орохоороо цагдаа дээр очино гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10341 дугаартай:
1. Б.Цэрэнгийн биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, баруун зүүн дээд 1-р шүдний булгаралт, доод баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид 2 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” гэх дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар тал/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоол /хх-ийн 50-51 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар банкны урд талын явган хүний замд дээр хохирогч Б.Цэрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр тус газар нь цохиж биед нь тархи доргилт, уруулд няцарсан шарх, баруун зүүн дээд шүдний булгаралт, доод баруун 1-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
- хохирогч Б.Цэрэнгийн:...би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад ажлаасаа буусан, тэгээд гадуур хувийн ажлаа хөөцөлдсөн. Тэгээд орой 17 цагийн орчимд өөрийн таньдаг Эрдэнэбат /урьд нь нэг газар хамт ажилладаг байсан хүн/ гэх хүнтэй намайг дуудсан болохоор нь уулзсан. Тэгээд Чингэлтэй дүүрэгт байх нэг караокед бид хоёр 18 цагийн үед орсон. Ороод бид хоёр караокений цагаа сунгаад уугаад л байсан. Тэгсэн чинь нэг л мэдэхэд би Эрдэнэбатад караокений гадна зодуулчихсан байсан ба миний 2 шүд хугарчихсан, дээд уруул сэтэрчихсэн байсан. Өөр миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би энэ хүнд гомдолтой байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байгаагүй, бид хоёр яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
- гэрч Э.Эрдэнэзулын:..миний төрсөн аав Г.Эрдэнэбилэг нь бараг сар гаруй хугацааны өмнө хөдөө ажлаар явсан. Би өчигдөр аавын 95111312 дугаарт залгаж ярихад аав нь ажилтай байна, 2021 оны 12 дугаар сарын сүүлээр очино гэж байсан. Би аавд цагдаагаас ярьсан талаар хэлэхэд аав би цохисон хүнтэйгээ зохицоод учраа олчихсон гэхдээ хот ороод очиж уулзана гэж байсан. Аав надад хөдөө ажилтай гэж хэлсэн хаана байгаа талаараа хэлээгүй, хот орохоороо цагдаа дээр очино гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10341 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Цэрэн нь шүүгдэгч Г.Этай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Г.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Эаас 195.000 /нэг зуун ерөн таван мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900080080 дугаартай дансанд оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 195.000 /нэг зуун ерөн таван мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900080080 дугаартай дансанд оруулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ