Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

 

  2022        01        21                                    2022/ШЦТ/95

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бэд холбогдох эрүүгийн “2111 00000 1168” дугаартай, 186/2022/0027/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн           18-8906 тоотод оршин суух бүртгэлтэй,

 - урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, ялыг эдлэж дууссан,

-  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М.Б,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-20 тоотод оршин суух иргэн М.Сэржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба загварын 43 инчийн лед телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

   1.1.Шүүгдэгч М.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Сэржийн:.. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд манай гэрийн тамбарны банзыг татаж гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгож гэрийн хойморт байсан зурагт алдагдсан талаар манай хадам аав надад мэдэгдсэн. Тэгээд би гэртээ ирээд үзэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага ирсний дараагаар гэрийн гадаа байсан гутлын мөрийг харахад түрүү жил миний хангалтаар авсан өвлийн гутлын мөртэй ижил санагдсан. Би тэр гутлыг өөрийнхөө аавыг өмсөг гээд өгсөн боловч манай төрсөн дүү өмсөж байсан болохыг санаад аавын гэрт очиж өөрийн төрсөн дүүгээс асуухад би танай гэрт ороогүй, эд зүйл хулгайлаагүй гэсэн тэгэхээр нь үүдний тамбарт байсан гутлын мөрийг харахад хэргийн газарт үлдсэн гутлын мөртэй ижилхэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П.Мөрөнгийн:.. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ зурагт авахаар фэйсбүүкийн чат үзэж байгаад М.Буяка гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнээс 49 инчийн зурагт 400,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд уг хүнтэй чатлаж байгаад зурагтаа өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 59-1 байрны 69 тоотод байх гэрлүүгээ хүргүүлж авахаар болоход надаас хүргэлтийн 10,000 төгрөг гээд нэхэхээр нь би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5740178100 дугаарын данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүн манай гэрийн гадаа ирээд надад Тошиба брендийн 43 инчийн смарт зурагтыг 390,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5736030760 дугаарын данс руу шилжүүлээд зурагтыг авсан. Тухайн зурагтыг зарсан хүн надад өөрийн эд зүйл гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь цагдаагийнхан ирээд надаас зурагтыг хулгайн эд зүйл гээд хураагаад авсан. Би 390,000 төгрөг, таксины мөнгөтэй нийлүүлээд нийт 400,000 төгрөгөөр Тошиба брендийн 43 инчийн смарт зурагтыг худалдан авсан гэх мэдүүлэг. /хх-ийн         17-18 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.Аригууний:..би өчигдөр зурагт авах санаатай фейсбүүк хаягаар орж үзэж байхад М.Буяка гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас 49 инчийн зурагт 400,000 төгрөгөөр зарна гэсэн байсан. Тэгэхээр нь чатлаад үзэхэд ажил явдал гарсан учир хямдхан зарах гэж байгаа би хуучин 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан, очиж авах боломжгүй, нялх хүүхэдтэй хэрвээ үнэхээр яаралттай зарах гэж байгаа бол хүрч ирээд өгчих  гэсэн гэтэл машин тэрэг байхгүй хүний машин олоод бензин хийж ирье мэтээр чатлаж байгаад орой 00 цаг 30 минутын орчимд манай гэрт хүргэж ирэхээр нь би шалгаж үзээд 390,000 төгрөгийг Болормаа гэх хүний 5736030760 дугаарын хаан банкны дансанд шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

        2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Долгорын:..2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүүхдүүд болох Буяннэмэх, зээ хүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 12-р хороо, булгийн 18-8906 тоотод байсан. Тэгсэн 15 цагийн үед санагдаж байна манай том хүү Сэрж надруу залгаад өнөөдөр ажил дээрээ хононо, тэгээд эхнэр болох Соёл-Эрдэнэ очиж хононо шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ ойлголоо гээд ойр зуурын зүйл яриад өнгөрсөн.  Тэгж байтал 19 цагийн үед гэрт бэр Соёл-Эрдэнэ ирээд хамт байцгааж байсан ба Буяннэмэх гэртээ байж байгаад 20 цагийн үед гэрээс гараад явсан. Тэр шөнөдөө ирэхгүй байж байгаад үүрээр 04 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Буяннэмэх гэртээ өнжсөн. 16 цагийн үед надруу том хүү Сэрж залгаад гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манайд ирээд Буяннэмэхтэй уулзаад чи гэрээс зурагт хулгайлсан уу гэж асуухад Буяннэмэх үгүй би аваагүй гээд байсан. Сэрж уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар тал/,

          2.5.“ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын   31-ний өдрийн  тайлан. /хх-ийн 32-33 дугаар тал/,

          2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/343 дугаартай:..

          1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

          2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардасуудтай болон эзэн холбогдогч  нь тогтоогдоогүй  хэргийн газрын гарын мөрүүдтэй  тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Болор-Эрдэнэ гэх дүгнэлт. /хх-ийн        41-42 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас       /хх-ийн 61 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын       06-ны өдрийн 06/343 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/, ДАМНО”   ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  тайлан /хх-ийн 32-33 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

 

            Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагаас 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-20 тоотод оршин суух иргэн М.Сэржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч 550,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба загварын 43 инчийн лед телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн  болох нь:

- хохирогч М.Сэржийн:..2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн хооронд манай гэрийн тамбарны банзыг татаж гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгож гэрийн хойморт байсан зурагт алдагдсан талаар манай хадам аав надад мэдэгдсэн. Тэгээд би гэртээ ирээд үзэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага ирсний дараагаар гэрийн гадаа байсан гутлын мөрийг харахад түрүү жил миний хангалтаар авсан өвлийн гутлын мөртэй ижил санагдсан. Би тэр гутлыг өөрийнхөө аавыг өмсөг гээд өгсөн боловч манай төрсөн дүү өмсөж байсан болохыг санаад аавын гэрт очиж өөрийн төрсөн дүүгээс асуухад би танай гэрт ороогүй, эд зүйл хулгайлаагүй гэсэн тэгэхээр нь үүдний тамбарт байсан гутлын мөрийг харахад хэргийн газарт үлдсэн гутлын мөртэй ижилхэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,

- иргэний нэхэмжлэгч П.Мөрөнгийн:.. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ зурагт авахаар фэйсбүүкийн чат үзэж байгаад М.Буяка гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнээс 49 инчийн зурагт 400,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд уг хүнтэй чатлаж байгаад зурагтаа өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 59-1 байрны 69 тоотод байх гэрлүүгээ хүргүүлж авахаар болоход надаас хүргэлтийн 10,000 төгрөг гээд нэхэхээр нь би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5740178100 дугаарын данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүн манай гэрийн гадаа ирээд надад Тошиба брендийн 43 инчийн смарт зурагтыг 390,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би өөрийн 5300889207 дугаарын данснаас 5736030760 дугаарын данс руу шилжүүлээд зурагтыг авсан. Тухайн зурагтыг зарсан хүн надад өөрийн эд зүйл гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь цагдаагийнхан ирээд надаас зурагтыг хулгайн эд зүйл гээд хураагаад авсан. Би 390,000 төгрөг, таксины мөнгөтэй нийлүүлээд нийт 400,000 төгрөгөөр Тошиба брендийн 43 инчийн смарт зурагтыг худалдан авсан гэх мэдүүлэг. /хх-ийн         17-18 дугаар тал/,

гэрч Ү.Аригууний:..би өчигдөр зурагт авах санаатай фейсбүүк хаягаар орж үзэж байхад М.Буяка гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас 49 инчийн зурагт 400,000 төгрөгөөр зарна гэсэн байсан. Тэгэхээр нь чатлаад үзэхэд ажил явдал гарсан учир хямдхан зарах гэж байгаа би хуучин 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан, очиж авах боломжгүй, нялх хүүхэдтэй хэрвээ үнэхээр яаралттай зарах гэж байгаа бол хүрч ирээд өгчих  гэсэн гэтэл машин тэрэг байхгүй хүний машин олоод бензин хийж ирье мэтээр чатлаж байгаад орой 00 цаг 30 минутын орчимд манай гэрт хүргэж ирэхээр нь би шалгаж үзээд 390,000 төгрөгийг Болормаа гэх хүний 5736030760 дугаарын хаан банкны дансанд шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

гэрч С.Долгорын:..2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүүхдүүд болох Буяннэмэх, зээ хүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 12-р хороо, булгийн 18-8906 тоотод байсан. Тэгсэн 15 цагийн үед санагдаж байна манай том хүү Сэрж надруу залгаад өнөөдөр ажил дээрээ хононо, тэгээд эхнэр болох Соёл-Эрдэнэ очиж хононо шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ ойлголоо гээд ойр зуурын зүйл яриад өнгөрсөн.  Тэгж байтал 19 цагийн үед гэрт бэр Соёл-Эрдэнэ ирээд хамт байцгааж байсан ба Буяннэмэх гэртээ байж байгаад 20 цагийн үед гэрээс гараад явсан. Тэр шөнөдөө ирэхгүй байж байгаад үүрээр 04 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Буяннэмэх гэртээ өнжсөн. 16 цагийн үед надруу том хүү Сэрж залгаад гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манайд ирээд Буяннэмэхтэй уулзаад чи гэрээс зурагт хулгайлсан уу гэж асуухад Буяннэмэх үгүй би аваагүй гээд байсан. Сэрж уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар тал/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд шүүдгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй М.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  гэмт хэрэг бөгөөд  М.Бийн дээрхи гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 400.000 төгрөгний хохирол учирсан байх тул  шүүгдэгч М.Бээс 400.000 төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч П.Мөрөнд олгохоор шийдэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Бэд 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид  учруулсан хохирлыг  нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг зааж өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулсан ял шийтгэл оногдуулах ёстой. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх гэсэн байгаа.Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял шийтгэгдсэн боловч ялаа эдэлж дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөн гэмт хэрэг. Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж  хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцлээ.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д  “ энэ хуулийн  тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  хуульчилжээ.

Гэтэл шүүгдэгч М.Б  нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул  шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй дүгнэлтийг  үндэслэлгүй  байна гэж үзээд шүүгдэгчид ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  дүгнэлээ.

Өмгөөлөгчийн мэтгэлцэж буй дээрхи хуулийн заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн хуулийн агуулга байхгүй, зөвхөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж шууд зааж  өгсөн байх тул шүүх Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй  байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бэд  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч М.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бээс 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Мөрөнд олгосугай.

6. Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Буяннэмхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ