Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00300

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1959 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 58 настай, бага боловсролтой, Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багт оршин суух Хорчин овогт Лувсангэндэнгийн Шатар /РД:ГГ59071818/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 132/2017/00310/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Шатар, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Шатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оноос аавын хамт Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаж 1980 оны хавар халагдаж ирээд намраас нь нэгдэлдээ үргэлжлүүлэн 1992 оныг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул 1976-1977, 1981-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн миний аавыг Лувсангэндэн гэдэг бөгөөд цэргийн батлах олгохдоо Лувсангэндэн овгоор овоглож олгосон атлаа Батлан хамгаалах яамны төв архиваас авсан лавлагаанд Гэндэн гэсэн овгоор лавлагаа гарч ирж овог нэрийн зөрүү гарч байгаа тул цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1976-1977, 1981-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай лавлагаа, 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Л.Шатарын нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Баярын бичиг, 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баярын бичиг, Л.Шатартай тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Г.Жамбалсүрэн, Г.Эрдэнэбилэг нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1976 оны 6 дугаар сараас цэргийн алба хааж 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн "Цэргийн батлах"-д түүний овгийг Лувсангэндэн, Батлан хамгаалах яамны төв архивын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 000003195 дугаартай лавлагаанд Гэндэн нэрээр овоглож овог нэрийн зөрүү гарсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 133/779 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, дээрх гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Лувсангэндэнгийн Шатарыг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 11 /арван нэгэн/ жил 5 /таван/ сар 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсныг, 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн "Цэргийн батлах"-ын жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН