Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1661 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Ж.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Хилчин 3 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Найрамдлын районы ардын шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Ардын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 cap 15 хоногийн хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр 10-ны өдрийн 353а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 7 cap 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 cap 14 хоногийн хорих

- Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 24 хоногийн хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 274 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгож, 5 жилийн хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 3 дугаар гудамжны ** тоотод байх Э-ийн гэрт “чи хэд хоног айл доромжиллоо, болсон юм биш үү” гэх шалтгаанаар Б.Б-ын баруун гарын шууг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр түрээслэн амьдардаг хашааны эзэн болох Э-ийн гэрт ороход Э-ийнд Б.Б гэх хүн ирчихсэн, тэд архи уусан байдалтай, Э орон дээр тасраад уначихсан, Б.Б хөнжил, гудас дээр нь гуталтайгаа гарчихсан зогсож байхаар нь Ж.Б Б.Б-д хандаж “чи одоо яв, 2-3 хоног архи уулаа, айл доромжиллоо” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэснээс болж маргалдан хохирогч Б.Б шүүгдэгч Ж.Б-ыг заамдахад нь шүүгдэгч Ж.Б хажуу ширээн дээр байсан ногоон өнгийн иштэй заазуурыг авч хохирогч Б.Б-ын баруун шууг нэг удаа зүсэж, шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...гэрийн зүүн талын улаан өнгийн хээ угалз бүхий модон ор, орны урд талд шаргал өнгийн модон гал тогооны шүүгээ хоёрын завсар ногоон өнгийн иштэй нэг ширхэг заазуур байсныг шинжээч 1 дугаараар дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав...” (хавтаст хэргийн 5-9 дэх тал), хохирогч Б.Б-ын “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Э-ийн гэрт орсон. Э-ийн гэрт 0.5 литр, 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Би архи ууж байгаад тасарчихсан байсан ба нэг мэдэхэд Э-ийн гэрт түргэний эмч ирчихсэн миний баруун шууны хэсэгт зүсэгдсэн шархыг оёж 7 оёдол тавьж өгөөд явсан. Э-ийн  хажуу айлын хүн болох Б гэх залуу “би гарыг чинь зүссэн, уучлаарай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч О.Э-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний ** тоотод байрлах гэртээ байхад Б ирээд бид хоёр 2 шил архи хувааж уусан. Би урьд өдөр нь бас архи уусан болохоор тасраад унтчихсан байсан. Би 10-ны өдрийг хүртэл тасралтгүй архи уусан болохоор 11 дүгээр сарын 4-ний өдөр болсон үйл явдлыг санахгүй байна. Ямар ч гэсэн мөн сарын 10-ны өдөр Б гар өвдөөд байна гэхээр нь яасан юм гэж асуухад “Б-тай маргалдаад, Б намайг яв гэж хөөгөөд явахгүй болохоор заазуураар гар зүсчихсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11108 дугаартай: “...Б.Б-ын биед баруун гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ж.Б нь яллагдагчаар “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд хашааны эзэн болох Э-ийн гэрт ороход Э, Б нар архи уусан байдалтай дундаа 2 шил архи тавьчихсан. Э орон дээр тасраад уначихсан, Б хөнжил, гудас дэвсчихсэн, дээр нь гуталтайгаа гарчихсан “би энд унтаж болдоггүй юм уу пизда минь” гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би Б-д хандаж чи одоо яв, 2,3 хоног архи уулаа гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би чи хэд хоног айл доромжиллоо болоо юм би үү гээд гарыг нь тавиулах гэтэл тавихгүй болохоор нь хажууд ширээн дээр байсан ногоон өнгийн иштэй заазуур аваад Б-ын баруун гарын шууны хэсэгт нэг удаа зүссэн...” гэж (хавтаст хэргийн 70 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11108 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ж.Б-ын заазуураар хохирогчийн баруун шууг зүссэн үйлдэл болон хохирогч Б.Б-ын баруун шуунд ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Б.Б нь архидан согтуурсны улмаас шүүгдэгч Ж.Б-ын зүй ёсны шаардлагыг хүлээж авалгүй маргаан үүсгэж, улмаас заамдах байдлаар түрүүлж хүч хэрэглэснээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв. Гэхдээ шүүгдэгчийн хувьд аргагүй хамгаалалт хийх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байсныг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ж.Б: “...би ажил эрхэлдэг тул торгох ял биелүүлэх боломжтой. Торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 76 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд (хх-ийн 83-89, 97-99 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 100 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 33-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б-ын орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА