| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00313/И |
| Дугаар | 00301 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00301
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Хульж гэх газар оршин суух, Жаргал овогт Туваанжавын Цэдэндамба /РД: ГЗ57083017/-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00313/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, бага боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Хульж гэх газар оршин суух, Жаргал овогт Туваанжавын Цэдэндамба /РД: ГЗ57083017/, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэдэндамба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл манаачаар, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайны жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталАлтантүрүү ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Их Эхлэлт нэгдэл хувьчлагдан Алтантүрүү ХК болсон. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа учраас дээрх ххугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэдэндамба нь Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл манаачаар, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор, комбайны жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтантүрүү ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 49 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 40 дүгээр тушаал, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас өөрчилж, ажилд томилох тухай 30 дугаар тушаал, 1987 онд Т.Цэдэндамбын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Энхбаатарын өгсөн ... Т.Цэдэндамба нь намайг Их эхлэлт нэгдэлд 1985 онд ороход ажиллаж байсан хүн юм. Тэрээр Их эхлэлт нэгдэлд 1991 оныг дуустал надтай хамт ажилласан. 1992 онд Их эхлэлт нэгдэл нь Алтан түрүү ХК болж өөрчлөгдөхөд Алтан түрүү ХК-д 1994 оныг дуустал мөн надтай хамт ажиллаж байсан. Т.Цэдэндамба нь трактор, комбайны жолооч, малнаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, гэрч М.Ганбатын өгсөн ... Т.Цэдэндамба нь 1980 оны үед Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд трактор, комбайны жолоочоор ажилд орж байсан бөгөөд 1991 оны дуустал ажилласан. 1992 онд Их эхлэлт нэгдэл нь Алтан түрүү ХК болж өөрчлөгдөхөд үргэлжлүүлэн малчнаар 1994 оныг дуустал ажилласан. Т.Цэдэндамба 1985 онд сумын аварга трактор, комбайнч, 1987 онд аймгийн аварга тариаланч болж байсан. Т.Цэдэндамба нь ажиллаж байх хугацаандаа бусдад үлгэр болж, их хичээнгүй ажилладаг байсан. ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жаргал овогт Туваанжавын Цэдэндамба /РД: ГЗ57083017/-ыг Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл манаачаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоног, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл трактор комбайны жолоочоор 8 /найм/ жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоног, Булган аймгийн Сайхан сумын Алтантүрүү ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сар, улсад нийт 14 /арван дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН