Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

                          

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Б.З, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00745 1356 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овгийн Б.А, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48б байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Б.З, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 899 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 capын хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түүнд оногдуулсан 3 жил 5 capын хорих ялаас 2 жилийг өршөөн хассан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1091 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарын хорих ял дээр 5 сарын баривчлах ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сараар тогтоосныг эдэлж байгаад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаар шүүгчийн захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 372 цагийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 46 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А, Б.З нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ц-тэй хамт архи ууж, тус хорооны 14 дүгээр байрны аркийн хажуугийн дэлгүүрээс архи, ундаа худалдан авах үед согтуурсны улмаас хохирогчийн орчноо хянах боломжгүй байдлыг нь далимдуулан Төрийн банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг, дараа нь мөн дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 70,000 төгрөгийг тус тус бэлнээр авч, хохирогч Ц.Ц-т 770,000.0 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Ц, шүүгдэгч Б.З нартай хамт архи ууж, хохирогч Ц.Ц нь тус хорооны 14 дүгээр байрны аркийн хажуугийн дэлгүүрээс архи, ундаа нэмж авах үед согтуурсны улмаас хохирогчийн орчноо хянах боломжгүй байдлыг нь далимдуулан түүний Төрийн банкны картыг нь нууцаар авч хохирогчийг орхиж явсан байх бөгөөд улмаар шүүгдэгч Б.З-д хохирогчийн картыг авсан талаар хэлж, тэд хамтдаа тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг, дараа нь мөн дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 70,000 төгрөг тус тус бэлнээр авч, хохирогч Ц.Ц-т 770,000.0 төгрөгийн хохирол учруулсан;

Харин шүүгдэгч, Б овгийн Б.З нь шүүгдэгч Б.А-ыг хохирогч Ц.Ц-ийн Төрийн банкны картыг нь нууцаар авах үед дэлгүүрийн гадна байсан байх бөгөөд шүүгдэгч Б.А-ын үйлдлийн талаар урьдчилан тохиролцоогүй боловч шүүгдэгч Б.А хохирогчийн картыг хулгайлсан үйлдлийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 700,000 төгрөг, дараа нь мөн дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 70,000 төгрөг тус тус бэлнээр авах үед хамт байлцаж, хулгайлах гэмт хэргийн замаар олж авсан 770,000.0 төгрөгийг шүүгдэгч Б.А-тай хамтран ашигласан”  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч Ц.Ц бид хоёр дэлгүүр лүү хамт орсон бөгөөд тэрээр дэлгүүрийн лангуун дээр нь картаа тавьсан байхаар нь би авчихсан юм. З надад картыг нь ав гэж зааж хэлсэн зүйл байхгүй, намайг хохирогчийн картыг авч байх үед З дэлгүүрийн гадна байсан. Бид хоёр хохирогчийн картыг авахаар урьдчилан тохиролцон зүйл байхгүй. Би карт авсан талаараа АТМ рүү явж байх замдаа З-д хэлсэн юм...” гэв.

2. Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт “...Би А хохирогчийн картыг авсныг АТМ дээр очоод мэдсэн. Би түүнд хохирогчийн картыг авчих гэж хэлээгүй, тэр үед нь би дэлгүүрийн гадна байсан. Бид хоёр 21 дүгээр хороолол ороод шөнийн захын АТМ-ээс 70.000 төгрөг нэмж аваад архи уугаад зочид буудал орсон. Хохирогчийн картаас авсан мөнгийг Б.А бид хоёр хамт үрж дуусгасан...“ гэв.

3. Хохирогч Ц.Ц-ээс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан "...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Цамбын хойд талын зам дагуу явж байгаад үл таних 4-5 залуутай тааралдаж авч явсан 0.75 литрийн архиа хувааж уусан. Дахин дэлгүүр орж картаа уншуулан архи ундаа хоёр авч өгсөн. Намайг карт уншуулах үед картын кодыг харж авсан байсан. Би дэлгүүрээс авсан юмаа ууж байгаад согтсон байсан. Нэг ухаан ороход куртикний халаасанд хийсэн байсан карт байхгүй, гэртээ ороод өглөө утсаа асаахад 200,000, 500,000, 70,000 төгрөгийг тус тус уншуулж авсан байх тул гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн гомдол (хавтаст хэргийн 7 дахь тал),

4. Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байранд байдаг найз охин Г-ийн гэрт нь хоносон. Өглөө нь босоод Шөлөндөө хоолны газарт хоол идчихээд буцаад явж байгаад 8 дугаар байрны баруун талд байдаг дэлгүүрээс 0.75 литрийн архи авсан. Замдаа 4 үл таних залуутай танилцсан. Өндөр залуу нь ирээд “бид нар өчигдөр архи уусан, бид нарт мөнгө байдаггүй, наад архийг чинь хамт уучихъя” гэхээр нь зөвшөөрсөн. Гадаа гудамжинд бид 5 архи уусан. Тэгээд нэг мэдсэн найз охиныхоо гэрийн орцны гадаа боржур дээр сууж байсан. Маргааш өглөө гар утсаа асаагаад үзтэл миний төрийн банкны данснаас 770,000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);

5. Төрийн банкны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 105....550 дугаартай дансны картаар 21 дүгээр хороолол Шөнийн захын АТМ-д 70,000 төгрөгийг зарлагын гүйлгээний камерын бичлэгийг хүргүүлэв...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 9 дэх хуудас),

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: ”...Төрийн банкны Шөнийн зах худалдааны төвд байрлах АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд 13:21:59 секундэд хоёр этгээд тухайн ATM дээр ирж байх ба саравчтай малгайтай, гадуураа хар хүрэн өнгийн цамцтай, дотуураа адидас логоны цамцтай этгээд нь зүүн талынхаа энгэрийн халааснаас хөх цэнхэр өнгийн виза карт гаргаж ирж уншуулахад 13:23:11 секундэд хажуу талд нь зогсож байгаа ултай зассан үстэй, цэнхэр өнгийн масктай, хар хүрэн өнгийн савхин мэт куртиктэй этгээд нь АТМ-ын удирдах товчлуурыг дарж байх бөгөөд 13:24:02 цагт тухайн АТМ-ээс гарч ирсэн мөнгийг саравчтай малгайтай этгээд нь авч зүүн талынхаа энгэрийн халаасанд хийх ба тухайн виза картыг хажуу талын этгээд нь аваад цааш худалдааны төвийн заал руу явж байв...” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13, 15-18 дахь тал),

7. Голомт банкны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн: “...Төрийн банкны 105....550 тоот дансны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 200,000 төгрөг, 500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь Голомт банкны Цамбагарав салбарын АТМ-ээс хийгдсэн гүйлгээ байв...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 20 дахь тал),

8. Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэрээс салхилахаар явж байгаад өөрийн найз А-тай 9 дүгээр байрны гадна тааралдсан. Дэлгүүр онгойхыг хүлээгээд байж байтал нэг үл таних залуу 07 цагийн орчим 0.75 литрийн архи барьчихсан явж байхад нь таарсан. Тэгээд бид нар нэр усаа мэдэлцэж танилцаад хамтдаа нөгөөх архийг нь хувааж уусан. Тэр залуу би дахиад нэг шил архи авчихъя гээд дэлгүүр ороод 0.75 литрийн архи авсан. Авсан архийг бид уугаад дуусгачихсан. Өнөөх залуу дахиад нэг шил архи авна гээд найз А-тай хамт дэлгүүр орсон. Тэгээд байж байтал А ганцаараа хүрээд ирсэн. А өнөөх залуугийн Хаан банзны виза картыг нь авчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр яваад Соёмбо кинотеатрын хажуудах бэлэн мөнгөний машинд картыг нь уншуулж бэлнээр 200,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг авсан. Тухайн үед дандаа 20,000 төгрөгийн дэвсгэрт байсан. Бид хоёр хамт байсан. Тэгээд мөнгөө авчхаад 21 дүгээр хорооллын орчим байдаг Шөнийн захын үүдэнд байдаг АТМ-ээс 70,000 төгрөгийг авсан. Бид зочид буудалд орж нөгөөх мөнгөө архи, ундаа, хоол, зочид буудлын төлбөр гэх зэрэгт зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

9. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз З-тай тааралдахад шартчихсан байдалтай явж байсан. Дэлгүүр онгойхыг хүлээгээд зогсож байтал үл таних залуу 0.75 литрийн архитай ирсэн. Тэр архийг нь ууж дуусаад, нөгөө залуу дахин нэг шил архи авсан. Түүнийг ууж дууссаны дараа би тэр залуутай хамт 14 дүгээр байрны дэлгүүр ороод юм авах хооронд нь түүнд хэлэлгүйгээр банкны виза картыг нь авчихсан. Тэгээд би гарч яваад найз З-тай хамт 14 дүгээр хороо Соёмбо кино театрын хажуу талд байрлах бэлэн мөнгөний машинаас бэлнээр эхлээд 200,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг авсан. Бид хоёр явж байгаад 21 дүгээр хорооллын шөнийн захын АТМ-ээс 70,000 төгрөг аваад зочид буудалд ороод архи уугаад хоносон. Тухайн залуу картаа лангуун дээр тавьчихсан байхаар нь би авчихсан. Тэр залуу дэлгүүрийн худалдагчид кодоо хэлж байхыг сонссон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй гэж үзлээ. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.З нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар шүүгдэгч Б.А-тай урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байна. Тодруулбал, шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Ц-тэй хамт 1 дүгээр хорооллын 14-р байрны аркийн хажуугийн дэлгүүр лүү орж, дахин архи ундаа худалдан авах үедээ хохирогчийн согтуурсан хяналтгүй байдлыг ашиглан гэнэт үүссэн санаа зорилгоор картыг нь сэм авсан үйлдлийг шүүгдэгч Б.З огтоос мэдээгүй, мэдэх боломжгүй буюу дэлгүүрийн гадна байжээ. Харин шүүгдэгч Б.А нь хохирогчийн картыг хулгайлсан талаар Цамбагарав худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машин дээр очоод хэлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.З нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа мэдсээр байж хулгайлсан картыг нь ашиглан авсан 770,000 төгрөгийг хамт зарцуулсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлж чадалгүй, зүйлчлэлийг буруу тогтоосон байна гэж үзэх үндэслэлтэй.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З, Б.А нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хулгайлах гэмт хэргийн улмаас биет байдлаар 770,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Харин шүүгдэгч Б.З нь шүүгдэгч Б.А-тай хохирогч Ц.Ц-ийн картыг хулгайлахаар урьдчилан үгсэн тохиролцоогүй, шүүгдэгч Б.А хохирогчийн картыг авах үед дэлгүүрийн гадна байсан, харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа мэдсэн байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгч Б.З нь Б.А-ыг дэлгүүрээс гарч ирээд, бэлэн мөнгөний машин дээр очоод хүний карт хулгайлсан гэдгээ хэлсний дараа буюу гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйл болохыг лавтай сайн мэдсэн атлаа бэлэн мөнгөний машинаас авсан 770,000.0 төгрөгийг буудалд орох, архидан согтуурах, наргих цэнгэх байдлаар хамтран ашигласан байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон ....орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...ашигласан” шинжтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.З, Б.А нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг, харин 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00745 1356 дугаартай хэргийн шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.З-г “мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Ц нь Б.З, Б.А нараас хохирлын мөнгө болох 770,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах нь зүйтэй. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаанд хавсарган үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч нар: “...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна, бид хохирлоо бүрэн барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэцгээв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 120 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78 дахь тал), шийтгэх тогтоол, магадлалын, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 80-107 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 115-116, 139-141 дэх тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 119 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 124 дэх тал)-д үндэслэн шүүгдэгч Б.З-гийн хувийн байдлыг, шинжлэн судлагдсан Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 133 дахь  тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 109 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 111-113 дахь тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 127 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 129 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 131 дэх тал), үл хөдлөх хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 132 дэх тал)-д үндэслэн шүүгдэгч Б.А-ын хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720-128=592 цагаар тогтоов.

Шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг өршөөлд хамруулахгүйг, харин шүүгдэгч Б.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял дүйцүүлэн солих нөхцөл байдал бий болоогүйг тус тус дурдах нь зүйн хэрэг.   

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.З-д, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-т тус тус санууллаа.

    1. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00745 1356 дугаартай хэргээс шүүгдэгч Б.З-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Т овгийн Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн Б.З-г мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-т долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.З-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.З-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 128 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 592 (таван зуун ерэн хоёр) цагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

7.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.З-д, нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-т тус тус сануулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.З, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА