| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0406/Э |
| Дугаар | 839 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 839
№ № 546 МА
зГАДЛАЛ
Г.З-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Даваасүрэн,
шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Зын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809014090231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ын З, 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:......./;
Г.З нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 14 настай Б.Т-ийн “Самсунг-Эс 3” загварын гар утас, 15.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г-ын З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.З нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.З шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн байцаалтад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Би эмэг эх, эцэгтэйгээ хамт амьдардаг. Аавын маань хөл муу, өвчтэй, хэвтрийн байдалтай, эмэг эх маань тэтгэврийн насны хүн. Эмээгийнхээ тэтгэврийн зээлээр ачааны машин авч, зах дээр ачаа зөөж, хоол хүнс, эм тариа авч амьжиргаагаа залгуулдаг. Одоогийн байдлаар 28 хоног цагдан хоригдож, хийсэн хэрэгтээ маш их харамсаж, аав, эмээ хоёроо надгүйгээр яах бол гэж их харамсаж, санаа зовж байна. Тухайн үед найзынхаа төрсөн өдөрт уригдаж, архи ууж ийм хэрэгт холбогдсондоо өөрийгөө үнэхээр их зэмлэж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, эцэг, эмэг эх хоёрыгоо асарч, дахин зөвөөр амьдрах боломж олгон, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Зын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүний давж заалдах гомдолд дурдсан хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв
Прокурор П.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.З нь хохирогч Б.Т-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэж, 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүгдэгч Г.Зын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.З нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 14 настай Б.Т-ийн “Самсунг-Эс 3” загварын гар утас, 15.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Таньж олуулах ажиллагаа явуулсан 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,
насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн “...2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад цахим тоглоомын төвөөс гарч ирэхэд нэг танихгүй залуу хувцаснаас зулгаан газар унагаж дээрээс дэвсэж, босгож ирээд бөгс рүү амбаардан, баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа алгадаж, миний гар утас болон бэлэн 15.000 төгрөгийг аваад машинд суугаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-17-19/,
насанд хүрээгүй гэрч Т.А-ын “...2018 оны 3 дугаар сарын 22-ны орой Т, Т бид гурвыг цуг явч байхад нэг танихгүй ах бид гурвыг гудамж руу оруулаад эд зүйлээ гаргаад ир гэсэн. Т бид хоёрт ямар нэгэн эд зүйл, мөнгө, гар утас байхгүй байсан болохоор цохиж зодоогүй. Харин Тийг цохиж, зодож байгаад гар утас болон 15.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх-21/,
насанд хүрээгүй гэрч А.Т-ийн “...2018 оны 3 дугаар сарын 22-ны орой Анхбаяр, Т бид гурвыг цуг явч байхад үл таних ах бид гурвын хажууд ирээд, намайг дагаад яв гээд гудамж руу оруулаад эд зүйлээ гаргаад ир гэсэн. Би гар утас болон мөнгө байхгүй гэхэд Тийг эд зүйлээ гаргаад ир гэсэн. ... Т байхгүй гэхэд шууд цохиж аваад халааснаас нь утас, мөнгийг нь авсан. ...” гэх мэдүүлэг /хх-22/,
гэрч Б.Д-ийн “...2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад, хоёр нохойгоо салхилуулаад явж байтал нэг хүүхэд хүрч ирээд манай найзыг дээрэмдээд, зодоод байна, та очоод туслаад өгөөч гэхээр нь тэр хүүхдийг дагаад очиход нэг залуу гудамжинд зогсч байхаар нь гурван хүүхдийн юмыг өгчих гэхэд “чи хоёр хүн дагуулж ирээд наад хүүхдүүдийнхээ юмыг ав, тэгэхгүй бол чи намайг барахгүй” гэхээр нь гэртээ ороод Ганболд, Болд гэх хоёр ахыг дагуулан гараад ирэхэд нөгөө залуу байхгүй болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-23-25/,
гэрч Б.Б-ийн “...Зоригоо тэр гурван хүүхдийг дагуулж гараад цахим тоглоомын газрын хойд талын гудамжинд цохиж, зодоод байхаар нь "чи жоохон хүүхдүүдтэй яах гээд байгаа юм" гээд болиулах гэтэл салахгүй байсан, ...сүүлд дээрмийн хэрэг хийсэн гэдгийг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-26-29/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.З-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.З-ын “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд, өмчлөх эрхийн эсрэг халдлага нь хэлбэрийн хувьд довтлох үйлдлээр илэрхийлэгддэг бөгөөд энэхүү довтолгоо нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах бодит байдлаар хүчирхийлэл үйлдэх, эсхүл үг хэлээр сүрдүүлэн айлгах хэлбэрээр үйлдэгддэг. Тэрээр насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн байх бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн гар утсыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй, хохирогчийг 1-2 удаа цохисон нь эрчүүдийн асуудал...” гэх мэдүүлэг өгч байснаас үзэхэд хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхэд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Г.З-т оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Л.ДАРЬСҮРЭН