Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0013

 

С.С- нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээд С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.С- нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Дид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Дид газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот газрыг С.С-д эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад, өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: С.Дид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 29-697 тоот хаягт байрлах нэгж талбарын 18644313613711 дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн. С.Д нь тус онд эзэмшиж буй газраа өмчилж авахаар өргөдөл гаргасан, Нийслэлийн Засаг дарга тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар оршин сууж байсан хашааны хэмжээгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар С.Дид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, одоогийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 29-697 тоотын 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. С.Д тус газрыг эзэмших хүсэлтдээ тус газрын байршилд 1987 оноос хойш амьдарч байгаагаа дурдсан. 1987 оноос хойш хашаалж, 2006 онд дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өмчилсөн газрыг бусдад давхардуулан газар эзэмшүүлэх эрх олгох нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2002 оноос газар өмчлөх тухай өргөдлөө гаргасан. 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газрын дүгнэлт, кадастрын зураг гарсны дараа дахин 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хорооны Засаг даргаар уламжилан хүсэлт гаргаснаар газар өмчлүүлэх тухай шийдвэр 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С.С- нь үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж, миний өмчлөх эрхэд хууль бусаар, ноцтой халдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн "ж", Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийн, мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Дид холбогдох хэсгийн үйлчлэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2, 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: ...Тухайн маргаан бүхий газрыг анхнаасаа С.С- эзэмших эрхтэй гэдгийг гуравдагч этгээд С.Д хүлээн зөвшөөрсөн нь 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өргөдөл дээр тодорхой тусгагдсан байгаа. С.Дийн нэр дээр эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр бус гэдэг нь тодорхой, мөн С.С- эрх зөрчигдсөн байхад тус захирамжуудыг түр түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд С.Д нь анхнаасаа уг газраа ганцаараа авах хүсэл сонирхол байгаагүй, амьдарч байгаа газраа бичиг баримттай болгох зорилгоор өргөдлөө өгсөн гэдгээ тодорхой хэлж байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж бодож байна.

С.С- өмчлөх эрх зөрчигдөн өөрийн хашаанд амьдрах боломжгүй, 2 хүүхдийнхээ хамт айлын байр хөлслөн амьдардаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Дид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хаяг бүхий газрыг С.С-д эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад, өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн зөв байна.

            Иргэн С.С- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн С.Дид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30 дугаар гудамжны 1693 тоот хашааны газрыг С.С-д эзэмшүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад, өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.    Маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 30-1693 тоот хашаанд нэхэмжлэгч С.С-, гуравдагч этгээд С.Д нарын төрсөн эх болох Л.Янжмаа нь 1988 оноос амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газарт 1991 оноос албан ёсоор амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэг нотлох баримтаар авагдсан тэдний иргэний паспорт /хуучин/, өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний цахим үнэмлэх зэргээр нотлогдож байна.

            Харин гуравдагч этгээд С.Дийн Баянзүрх дүүргийн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын хэлтэст /хуучин нэрээр/ хандан “...нэгэнд нь манай дүү С.С- нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Уг газрыг манай хувийнх гэдгийг баталсан гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтээс үзэхэд уг маргаан бүхий хашааны газарт С.С- гэр бүлийн хамт амьдарч байсан болох нь тодорхой байна.

            Газрын тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүрэгтээ газар эзэмших давуу эрхтэй” гэж заажээ.

            Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий газарт дээрх хувийн сууцны эзэмшигч нь хэн болох, уг газарт хэн, хэн амьдарч байсан зэргийг тодруулалгүйгээр С.Дийг газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэж, шууд маргаан бүхий газрыг түүнд эзэмшүүлсэн захирамж гаргаж, газрын гэрчилгээ олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий хашааны газрыг нэхэмжлэгч С.С-, гуравдагч этгээд С.Д нарын хэн аль нь анх эзэмших, өмчлөх эрхтэй, маргаж буй газрыг анх эзэмшиж, ашиглаж байсан иргэдэд нь өмчлүүлж, гэрчилгээ олгохдоо иргэдийн амьдарч, оршин байгаа газрын хэмжээг тодорхойлоогүй, газар дээр нь хэмжилт хийлгүйгээр хашааны газрыг олгосон болохоо Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч зөвтгөх талаар тайлбар гаргасан зэргээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлаж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

            Гэхдээ хариуцагч нь дахин шинэ акт гаргаж, иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчилгүйгээр анх уг хашааг эзэмшиж байсан иргэдийн хашааны газрын хэмжээгээр газрын хэмжээ, хил зааг, байршлыг өөрчлөлгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.    Нэхэмжлэгчийн “...хангалттай нотлох баримт байсаар байхад шүүх түдгэлзсэн шийдвэр гаргасан нь буруу юм...” гэсэн тайлбарын тухайд:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” гэж заажээ.

            Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд хуульчлан, тодорхойлон зааж өгсөн бөгөөд шүүх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан “...дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” гэснийг удирдлага болгон шийдвэр гаргахдаа заавал “хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гаргасныг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх өөрийн зүгээс хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, шүүхээс гаргах шийдвэрийн үр дагавар зэрэгт харьцуулсан дүгнэлт хийж гарсан шүүхийн шийдвэрийн төрөл бөгөөд энэхүү эрх нь шүүхэд өөрт нь хадгалагдах эрх хэмжээ юм.

            Шүүх шийдвэрээрээ маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, түүний үйлчлэлийг зогсоож, хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж байгаа нь “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа гэх тэрхүү захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болон захиргааны актыг хууль бус болохыг, уг маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахдаа өрхүүдийн хашааны газрын хэмжээг зөв тодруулалгүй, маргаантай байхад уг захиргааны актыг гаргасан нь буруу гэж үзсэн бөгөөд маргааныг эцэслэн шийдвэрлэхэд саад болж байгаа тэрхүү үйл ажиллагаа нь хариуцагч нарын үйлдэл үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн журмаар хамгаалж” байгаа нэгэн хэлбэр юм. 

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Э.ХАЛИУНБАЯР