Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2016/0024/э |
Дугаар | 56 |
Огноо | 2016-08-05 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;
улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/;
иргэдийн төлөөлөгч: Б.Мөнх-Эрдэнэ;
шүүгдэгч: С.Энхшинэ, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэр-Одын Энхшинэд холбогдох эрүүгийн 201525022531 дугаартай хэргийг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жудо, самбо бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газрын Шалган нэвтрүүлэх албанд хамгаалалтын ажилтан ажилтай байсан, ам бүл 1, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Фермийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай, НХ91030814 регистерийн дугаартай, Баян овогт Сэр-Одын Энхшинэ.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Энхшинэ нь 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “We” бааранд “Э.Нарандавааг бүжиглэж байхад өөрийг нь мангасдлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч тус баарны гадна түүнийг зодож амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Энхшинэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би ажлын газрын хүмүүсийн хамтаар “Ви” нэртэй бааранд орсон. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад нэг хүн намайг шууд мангасдсан /нүүр рүү гараараа түлхсэн/. Дараа нь дахин миний шанаа руу цохисон. Би “яаж байгаа юм бэ” гэхэд “гараад ир, ална” гэж хэлсэн. Намайг баарнаас гарах хооронд “юу болсон бэ” гээд хүмүүс асуугаад байсан. Намайг баарнаас гарахад хохирогч Нарандаваа машины цаагуур гүйж явсан. Хохирогч Нарандаваа над руу дайраад гүйгээд ирэхээр нь би бултаад цохих шиг болсон. Би танхайн сэдэлттэйгээр хохирогчийг цохиогүй. Хохирогч намайг эхлэж бааран дотор “мангастсан”. Гарч ирээд ямар шалтгаанаар намайг цохиж, мангастсаныг асуух гэсэн боловч шууд хохирогч над руу дайрахад нь би нэг цохьсон. Тиймээс энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би санаатай цохиогүй. Би “яагаад намайг цохисон, би юунаас болж цохиулснаа” асуух гэж баарнаас гарсан. Би хохирогчоос ямар буруутайгаа асуух гэж гарсандаа гэмшиж байна. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Нарандаваа /1хх-ийн 111-112/, гэрч Б.Хангай /1хх-ийн 23-24/, Э.Мөнхтулга /1хх-ийн 25/, М.Баярсайхан /1хх-ийн 26-27/, Б.Үнэнбат /1хх-ийн 28-29/, Б.Сэргэлэн /1хх-ийн 30-31/, О.Батцэнд /1хх-ийн 32/, Б.Тэмүүжин /1хх-ийн 33/, Г.Бямбасүрэн /1хх-ийн 34-35/, Ч.Батбаяр /1хх-ийн 36-37/, Д.Оюунсүрэн /1хх-ийн 38-39/, Х.Уранцэцэг /1хх-ийн 40/, Ж.Эрдэнэбаатар /1хх-ийн 41-42/, Э.Наранбаатар /1хх-ийн 43-44/, Х.Долгормаа /1хх-ийн 45/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 292, 955 дугаартай дүгнэлт /1хх-ийн 47, 2хх-ийн 67-68/, С.Энхшинийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 62-67, 114/, С.Энхшинийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 68/, С.Энхшинийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 69/, С.Энхшинийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 72-85/, хохирогч Э.Нарандаваагийн өвчний түүх /1хх-ийн 86-98/, хохирлын баримтууд /1хх-ийн 99-101/, эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 105/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 181-213/, хохиролын мөнгө төлсөн баримт /2хх-ийн 19/, Э.Нарандаваагийн өвчний түүх /2хх-ийн 39-47/, С.Энхшинийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 20-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Энхшинэ нь 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “We” бааранд хохирогч Э.Нарандаваагийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэйгээр түүнтэй маргалдан улмаар тус баарны гадна хохирогчийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Нарандаваагийн /1хх-ийн 110-111/: “...Би 2016 оны 02 сараас эхлэн ухаан орсон. Болсон явдлын талаар юу ч санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Хангайгийн /1хх-ийн 23-24/ “...Бүжгийн талбай дээр Энхшинэ, Үнэнбат бид гурав бүжиглэж байтал Энхшинэ дээр өндөр туранхай бор залуу ирээд маргалдаад нүүр рүү нь “мангасдсан”. Тэднийг Сэргэлэн, хамгаалагч нар салгасан. Нэг харахад Сэргэлэн, Энхшинэ нар байхгүй болохоор нь баарнаас гартал Энхшинийг “мангасдаад” түлхэж байсан залуу хэдэн эмэгтэй хүмүүстэй хамт орилоод зогсож байсан. Тухайн залуу цаашаагаа явахаар нь Сэргэлэн бид хоёр баар руу орох гэтэл эмэгтэй хүмүүс ард орилсон. Эргээд хартал Энхшинэтэй маргалдаж байсан залуу явган хүний зам дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Үнэнбатын /1хх-ийн 28-29/: “...Бааранд ороод бүжгийн талбай дээр бүжиглэж байтал хамт явж байсан залуучууд баарнаас гараад явж байхыг хараад “тамхи татах гээд гарч байгаа юм байна” гэж бодоод араас нь гарсан. Гадаа Энхшинэ, Сэргэлэн, Хангай гурав зогсож байсан. Нэг хүн явган хүний зам дээр доошоо хараад хэвтэж байсан. ...Бааранд ороод Энхшинээс юу болсон талаар асуухад “тухайн залуу нь Энхшинэтэй эхлэж маргалдсан. Баарнаас гараад тэр залууг хальт цохисон чинь газарт унасан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Сэргэлэнгийн /1хх-ийн 30-31/: “...2015 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Ви” нэртэй бааранд манай ажлын Баярсайхан, Хангай, Үнэнбат, Мөнхтулга бид 5 ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Удалгүй бид 5 бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэгтэл Хангай руу нэг танихгүй залуу “чи яах гээд байгаа юм” гэж орилоод байхаар нь салгаад баарны үүдэнд гарсан. Тэд ямар учраас маргалдсан талаар мэдэхгүй. Хоорондоо яриад хэл амаа олохгүй байсан. …Тэр залуу урагшаа зам руу гүйгээд явсан. Тэгэхээр нь би буцаад баар руу орох гээд 2-3 алхахад тэр залуутай цуг байсан охидууд орилсон. Эргээд хартал Хангайтай маргалдаад байсан залуу газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч О.Батцэндийн /1хх-ийн 32/: “... 2015 оны 12 дугаар сарын 21-ний шөнө манай бааранд үйлчлүүлж байсан улаан цамцтай залуу, хар өнгийн костьюм өмссөн залуутай маргадсан. Улаан цамцтай залуу хар өнгийн костьюм өмссөн залууг “гадаа гаръя” гээд өдөж байгаад гадаа гарсан. Тэр хоёр хүн гарсаны дараа бааранд байсан хүмүүс гадаа гарахаар нь би хамгаалагч “Мийгаатай” хамт гадаа гарсан. Гэтэл явган хүний зам дээр улаан цамцтай залуу гүйж байсан ба араас нь бааранд маргалдаж байсан хар өнгийн костьюм өмссөн залуу гүйж очоод араас нь баруун гараараа баруун талын чих рүү нэг удаа цохьтол газарт ухаан алдаж унаад босож ирээгүй…” гэх мэдүүлэг,
гэрч Г.Бямбасүрэнгийн /1хх-ийн 34-35/: “...Оюунсүрэн, Уранцэцэг, Нарандаваа бид нар уулзаад .... 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дөлгөөн нуурын” хажууд байдаг “Ви” нэртэй бааранд орсон. Бааранд ороод бүжиглэж байгаад гарахаар болоод текен дээр очоод тооцоогоо хийгээд эргээд иртэл Нарандаваа нэг залуутай муудалцаад хүмүүс салгаж байгаа харагдсан. Би очоод Нарандавааг салгаад байж байтал Нарандаваа баарнаас гараад явсан. Би буцаж текин дээр очоод “хариулт мөнгөө жоохон байж байгаад авна” гэж хэлээд баарнаас гарсан. Баарнаас яг гарах үед Нарандаваа газарт унаж байгаа харагдсан. Нарандаваа дээр гүйгээд очтол Нарандаваагийн нүүрнээс цус гарсан байсан. Ухаангүй, гадуур хувцасгүй байсан учраас хажууд байсан баарны хамгаалагч нь баар руу оруулаад цусыг нь цэвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Батбаярын /1хх-ийн 36-37/: “...Баарны гадна такситай ирээд зогстол Сэргэлэн нэг залуутай юм яриад хажуу талд нь 3 хүүхэн хамт зогсож байсан. Сэргэлэнтэй юм яриад зогсож байсан залуугийн хажуу талаас Энхшинэ гарч иртэл Сэргэлэнтэй юм яриад зогсож байсан залуу цаашаагаа эргэх шиг болох үед Энхшинэ араас нь очоод хавсраад газарт унагаах шиг болсон. Машинаас буугаад газарт унасан залуу дээр очтол газарт ухаангүй хэвтэж байсан. Залуугийн чихний хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Энхшинийн хохирогчийг зодсон буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Нарандаваагийн биед “суурь ясны зүүн талын их, бага далавчны хугарал, зүүн гайморвоын хөндийд урд, хажуу, ар, дотор хананы хугарал, зүүн хацрын нумны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чихний шарх, нүүрний зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 292 дугаартай актын дүгнэлт /1хх-ийн 47/,
Хохирогч Э.Нарандаваагийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 292 дугаартай актын дүгнэлт үндэслэлтэй бөгөөд “ Э.Нарандаваагийн биед суурь ясны зүүн талын их, бага далавчны хугарал, зүүн гайморовын хөндийд урд, хажуу, ар, дотор хананы хугарал, зүүн хацрын нумны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чихний шарх, нүүрний зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий мохоо зүйлийн нэг болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, цохилт, цохилтын улмаас газарт унахад үүсэх боломжтой хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар дахин бүрэлдэхүүнтэй хийсэн 955 дугаартай актын дүгнэлт /2хх-ийн 69-70/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Энхшинийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч С.Энхшинэ нь дээрх гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн талаар прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг, харин танхай сэдэлт нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдэх явдал юм.
Хэргийн гэрч нар тухайлбал Б.Хангай, Б.Сэргэлэн, О.Батцэнд нар хохирогч Э.Нарандаваагийн зүй бус харьцаанаас үүдэлтэй буюу тэрээр С.Энхшинийг бүжиглэж байхад нь ирж нүүр рүү нь гараараа түлхэх (“мангасдах”), “гадаа гаръя” гэх зэргээр эхлэж маргаан үүсгэн өдөөсөн талаар мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй гэснийг хүлээн авахгүй байх үндэслэлгүй юм.
Дээр дурьдсан нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд прокурор “бүжиглэж байхад мангасдлаа” гэж хохирогчийн зүй бус ажиллагаанаас буюу тодорхой сэдэлттэй энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох талаар зөв тодорхойлсон атлаа танхайрах гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэсэн дээрх нөхцөл байдлын ач холбогдлыг бууруулан, ялихгүй зүйлээр шалтагласан гэсэн нь хэргийн үйл баримтын талаар тухайлбал сэдэлтийн талаар алдаа бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Иймд прокуророос шүүгдэгч С.Энхшинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С.Энхшинийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Э.Нарандаваагаас “…С.Энхшинэд хохирол, гомдолгүй. Миний биеийн байдал хэвийн, хөдөлмөр эрхлэхэд бүрэн боломжтой…” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг тэмдэглэж байна.
Шүүгдэгч С.Энхшинэ хохирогчид учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 3.280.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “…хохирол, гомдолгүй…” гэсэн тул С.Энхшинийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Э.Нарандаваа нь “хүнд гэмтлийн” улмаас цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Шүүхээс шүүгдэгч С.Энхшинэд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч С.Энхшинэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Баян овогт Сэр-Одын Энхшинийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхшинийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхшинэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Энхшинэ 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.Энхшинэ хохирогчид нөхөн төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
7. Хохирогч Э.Нарандаваа нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Энхшинэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Энхшинэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
Б.ДУЛАМСҮРЭН