Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0025

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н Г” ХХК /РД/, “Ю Г” ХХК /РД:/,

Хариуцагч: БОАЖС ,

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын
2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалын “Н Г” ХХК, “Ю Г” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.5 га газрыг “Н групп” ХХК-д 0.3 га газрыг “Ю групп” ХХК-д тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон. Энэ тушаалын дагуу газар ашиглах эрхийн гэрээг байгуулж, газрын төлбөрийг тухай бүрт нь төлж ирсэн бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу газраа ашиглаж байгаа болно.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар
тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг
үндэслэж нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Учир нь БОАЖС  нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг цуцалж, дуусгавар болгож байгаа тохиолдолд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэх ёстой.

Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг мөн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалыг хүчингүй болгохдоо сонсгох ажиллагаа явуулаагүй нь захиргааны акт гаргах журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон тушаалыг цуцлахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч нарыг тус хуулийн 12 дугаар зүйлийн хэд дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Энэхүү хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгч нар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно’’ гэж заасан байх бөгөөд заавал тухайн актыг гаргасан байгууллагад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргахаар хуульчилсан зүйл байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тушаал хүчингүй болгох тухай маргаан бүхий ******* дугаар тушаалыг авч үзэхэд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг тодорхой зохицуулж өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлд газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцлах талаар зааж өгсөн. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл мөн хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг авч үзвэл, дархан цаазат газар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байгаа. Нэхэмжлэгч нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан ямар үйл ажиллагаа явуулсны улмаас хууль зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг цуцалж байгаа вэ. Энэ үндэслэлээр анхнаасаа газар ашиглах эрх олгосон. Харин одоо цуцалж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийг баримтлан цуцалсан.

Байгаль орчин, аялал жуучлалын сайд газар олгох болон газрын эрхийг цуцлах эрхтэй үүн дээр маргахгүй. Гагцхүү газар олгож, цуцлахдаа хуульд захирагдах ёстой. Шийдвэр гаргасан үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчсөн үйл ажиллагаа тогтоогдоогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг зайлшгүй явуулах ёстой. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй боловч сонсох ажиллагаа явуулсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлт гаргаж нотлох баримт нь ирсэн. Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гарснаас хойш мэдэгдэх ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг хуульд заасан арга хэрэгслээр явуулсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Сонсох ажиллагаа хийсэн гээд баримт ирүүлсэн баримт нь хэзээ, хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өдөр тутмын сонин, радио, телевиз, сошиал медиа аль хэрэгслийг ашиглан мэдээлж нийтэлсэн гэх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Үүний улмаас нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө газар ашиглах эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой тайлбар гаргаж өгөх нөхцөл боломжийг хангаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нарт холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгосон “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох 19, 20 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “...Улсын тусгай хамгаалалтай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай
газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.

“Н групп” ХХК, “групп” ХХК-иудад Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,5 га, 0,3 га газар ашиглах хүсэлт гаргаж барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0,5 га, 0,3 га тус тус талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

БОАЖС ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ний 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар  явуулсан, мөн гардуулсан болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг зааж өгсөн. Үүнд дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар зэргийг 17.3 дахь хэсгээр олгоход нээлттэй. Энэ дээр барилга байшин барихад боломжтой.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг хэрэглэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хуулиа зөрчиж нэхэмжлэгч нарт газар олгосноор одоогийн Зайсангийн аманд харагдаж байгаа 9-өөс дээш давхар барилга байшин, орон сууцыг хуулиа зөрчин барьж, байгалийн цогцолбор газарт ноцтой хохирол учруулан нийтийн эрх ашгийг зөрчиж байна. Үүнийг залруулах, нөгөө талаас Засгийн газрын бодлого шийдвэр, Сайдын зүгээс мөн засаж залруулах байдлаар энэхүү маргаан бүхий ******* дугаартай тушаалыг гаргасан. Сонсох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, аялал, жуучлалын яамны албан ёсны сайт дээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байршуулсан. Мөн тушаал гарсны дараа нэхэмжлэгчид гардуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Аж, ахуй нэгжүүдэд газрыг өмчлүүлээгүй тав, таван жилийн хугацаагаар ашиглах зориулалтаар олгосон. Тушаал, шийдвэр нь зөвхөн хуулинд захирагдан гарна. Энэ үүднээс хуулинд тодорхой заасан байгаа барилга байшин барих уу, үгүй юу гэдгийг хуулинд тодорхой зааж өгсөн хуулийн дагуу олгох нь зүйтэй анх олгосон тушаал нь алдаа, дутагдалтай байна гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд 2019 оны ******* дугаар бүхий тушаал нь үндэслэл бүхий гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н групп” ХХК, “Ю групп” ХХК-иуд нь БОАЖС ын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгуулах тухай” ******* дугаар тушаалын “Н*******” ХХК, “Ю групп” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбаруудтай харьцуулан үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам гэх газарт “Н*******” ХХК-д 0.5 га газрыг, “Ю*******” ХХК-д 0.3 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэснээр таван жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээ олгогдож, газрын төлбөрт нэхэмжлэгч “Ю*******” ХХК 8.213.000 төгрөг, нэхэмжлэгч “Н групп” ХХК 13.688.000 төгрөг тус тус төлсөн байна.

Ийнхүү нэхэмжлэгч компаниудад анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэснийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд нийтдээ 0.8 га газрыг 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. 

Улмаар БОАЖС ын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралт ёсоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно” гэсний дагуу “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэх үндэслэлээр анх газар ашиглуулсан тушаалыг хүчингүй болгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг, энэ хугацаанд эдгээр зохицуулалтад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид анх дээрх шийдвэрээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байгааг тэмдэглээд, тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар”, “байгалийн цогцолборт газар”, “байгалийн нөөц газар”, “дурсгалт газар” гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг дээрх хуулиар тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг “дархан цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгч нарын 2016 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” байна. Өөрөөр хэлбэл, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын  бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох” эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэ журам нь “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах”-аар байна. Энэ утгаараа дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах, хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ. 

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Бага тэнгэрийн ам, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, Арцатын ам, Нүхтийн ам, Ташгайн ам, Жаргалантын ам, Түргэний ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, суурьшлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, тодруулбал, захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг. 

“Н групп” ХХК-д 0.5 га газрыг “Ю групп” ХХК-д 0.3 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалыг хүчингүй болгож буй хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын үндэслэл нь эерэг үйлчлэлтэй шийдвэрийг хүчингүй болгох, хуулиар тогтоосон дээр дурдсан хязгаарлалтад хамаарахгүй байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай.

Газар ашиглах гэрээнд “газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд  газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан ба энэ байдал зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч “Н групп” ХХК, “Ю групп” ХХК-д тус тус  анх газар ашиглах эрх олгоход Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 54 тоотоор санал өгсөн байдаг бөгөөд харин маргаан бүхий 2019 оны ******* дугаар тушаалаар тус компаниудад газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгоход Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй талаар тус захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1883 тоотоор шүүхэд хариу ирүүлжээ. Энэ нь газар ашиглагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй, мэргэжлийн байгууллага болох дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй байгаа нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй гэдгийг харуулж байна.

Дээрхээс дүгнэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх олгосон ерөнхий зохицуулалт болох 33, 36 дугаар зүйлийг үндэслэн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгож, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” стандартын “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс” гэх ойлголтод “дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс”-ийг хамааруулан, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд өөр бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хуульд нийцүүлсэн явуулаагүй” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв. Захиргааны үйл ажиллагаанд нэгдсэн стандарт тогтоож буй Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл сонсох ажиллагааг явуулах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан” гээд үүнийг сонсох ажиллагааг явуулсан гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д нийцэхгүй байна. Учир нь захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагаа зорилго чиг үүргийг бусдад таниулах, мэдээлэх зориулалттай цахим хуудас нь албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүрэгтэй байсан болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн зүйлийн 9-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам ... тогтоох” гэхчлэн хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх хуульчлагдсан ба энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж маргаан бүхий тушаалыг гаргахдаа, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан урьдчилан мэдэгдэх, оролцогч нь хангах талаарх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т: “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах” талаарх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  27.9, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Нг групп” ХХК, “Ю групп” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖС ын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалын “Н групп” ХХК, “Ю групп” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөг нийт 140400 /зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч тус бүрт 70200 төгрөг олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            У.БАДАМСҮРЭН