Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

2022        01         21                                             2022/ШЦТ/34

 

                  

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Ганбаатарт холбогдох эрүүгийн 2121003460025 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Нарангийн 2-3 тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн *******,******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Дээд шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар магадлалаар 2 жил болгон өөрчилж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн нийт 14 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үйлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 10 жил хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/181 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 11 жил хорих ялаар шийтгүүлж 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Ганбаатар /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Дорнод аймгийн *******т үйл ажиллагаа явуулдаг “Ольхон” төвийн зочид буудлын 302 тоот өрөөний хаалганы смарт цоож, хаалганы хроп, 308 тоот өрөөний хаалга, шатны гишгүүр зэргийг хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн *******т үйл ажиллагаа явуулдаг Ольхон ХХК-д зохион байгуулагчаар ажилладаг. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн орчим ажил дээрээ ирэхэд манай буудлын ресепшин Аззаяа надад өчигдөр орой 302 тоотод байрласан Ганбаатар гэх хүн архи уугаад буудлын эд зүйл эвдсэн гэж хэлсэн. ...Ганбаатар нь буудлын 3 давхарын шатны гишгүүрийн ирмэгийг хагалсан, мөн 302 тоот өрөөний хаалганы смарт цоожийг эвдэж, хаалганы хропыг цааш нь цөм түлхэж, 308 тоот өрөөний хаалгыг пивоны шилээр цохиж цөмлөсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/

“...иргэн Ганбаатар нь Ольхон төвийн зочид буудлын  эд зүйлийг эвдэж нийт 525,000 төгрөгний хохирол учруулсан. Ганбаатар нь учруулсан хохирлоо бэлэн мөнгөөр төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр намайг ээлж авахад Ганбаатар гэх хүн буудлын 302 тоот өрөөнд байрлаж байсан. Тухайн үед Ганбаатар нь өрөөндөө 3-лаа байсан бөгөөд өрөөндөө архи ууж байсан юм билээ. Орой 21 цагийн орчим Ганбаатар  үүдний буйдан дээр ирж суугаад орж гарсан хүнийг дуудаад байсан ...ингээд Ганбаатар  дээшээ өрөөндөө орохоор явахдаа 1 давхарын шатан дээр манай рестораны залуутай санамсаргүй мөргөлдчихөөд маргаад байсан. ...Би цагдаагийн газар дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирээд Ганбаатар ахыг аваад явсан ч хэсэг хугацааны дараа явуулчихсан байсан. Ганбаатар ах ирээд чи надад цагдаа дуудсан уу, Дорнодод намайг хорьдог цагдаа байдаггүй юм гээд өрөөндөө орсон. ...өрөөнд нь байсан хүүхэн, залуу 2 бууж ирээд Ганбаатар танай буудлын хамаг юм эвдчихлээ, хаалга үүдийг чинь эвдчихсэн шүү, миний машины цонхыг хагалсан гээд байна гэж хэлээд гараад явсан. ...Удалгүй цагдаа ирээд Ганбаатар ахыг буудлын үүднээс авч явсан бөгөөд би дээшээ 3 давхарт гарч харахад 302 тоот өрөөний хаалганы хроп цоож нь эвдэрсэн байдалтай байсан. Мөн 308 тоот өрөөний хаалга цөмөрсөн, хажууд нь Ганбаатар ахын барьж явсан пивоны шил байсан. ...Тухайн үед хөл хөдөлгөөн байхгүй байсан бөгөөд Ганбаатар гэх хүн л дээш доошоо яваад байсан. Ганбаатар гэх хүнийг цагдаа аваад явсны дараа  намайг дээшээ өрөөгөө харахаар явахад 3 давхарын шат хагарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчим би ганцаараа Ольхон буудалд очсон. Ингээд зочид буудлын 1 давхарт Анхбаяр гэх залуутай таарч өрөөнд нь орж хамт байсан хүүхний хамт 3-лаа архи уусан. Архи ихээр хэрэглэсэн учир 302 тоот өрөөний хаалганы бариулыг доош нь хүчтэй дарж эвдсэн байна. ...Би маргааш нь Ольхон буудлын ажилчидтай уулзаж уучлалт гуйж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/

 

            -Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/

            -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн зураг /хх-ийн 12/

            -Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/

            -Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 30/

            -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33/

            -Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-43/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

            -Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 62-88/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Ганбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Дорнод аймгийн *******т үйл ажиллагаа явуулдаг “Ольхон” төвийн зочид буудлын 302 тоот өрөөний хаалганы смарт цоож, хаалганы хроп, 308 тоот өрөөний хаалга, шатны гишгүүр зэргийг хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч *******,******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас Ольхон ХХК-ний эд хөрөнгөнд 525,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь Ольхон ХХК-ний Дорнод аймгийн Цагдаагийн газар гаргасан хүсэлт /хх-ийн 26/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Сүхбаатарын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА