Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

                 

 

                                   

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, прокурор Ж.Отгончимэг /томилолтоор/, шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01632 1297 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овгийн Д.П, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 32А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.П нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны ** дүгээр гудамжинд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр В.Н-гийн нүүр, цээж, нуруу хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “эрүүл мэндэд нь зүүн талын 9-р хавирганы зөрүүгүй хугарал, эрүүнд цус хуралтууд, хүзүүнд цус хуралтууд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалгад цус хуралтууд, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, ахар сүүлний хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны ** дүгээр гудамжинд байрлах гэртээ байхдаа хохирогч В.Н-гийн нүүр хэсэгт гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны шарх, гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, А овгийн Д.П нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр эхнэр В.Н-г зодож бие махбодод нь олон тооны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн сарын 25-ны өдөр “архины мөнгө олж өг” гээд дахин эхнэр В.Н-г зодож бие махбодод нь “хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч В.Н-гийн “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед гэртээ орж ирээд байж байтал П ирсэн. П ирээд надаас архины мөнгө нэхээд байхаар нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд “тэгвэл надад архины мөнгө олж өг” гээд дарамтлаад байсан. Тэгээд бид 2 хэрүүл маргаан хийгээд, би бухимдаад гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй гээд хаалганы өмнө зогсчхоод байсан. П-ийг гэрийн хаалганаас холдуулаад хашааны хаалгаар гараад явж байтал миний ардаас ирээд “надад утас өгөөдөх, би утсаар яримаар байна” гэхээр нь “надад утас байхгүй шүү дээ” гэж хэлэхэд намайг түлхээд, хэл амаар доромжилж байснаа миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон....2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нөхөр П гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирчхээд намайг хэвтэж байхад миний эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөж, хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Мөн зүүн талын хавирга хэсэгт нэг удаа, ууц руу 2-3 удаа өшиглөсөн...Миний эрүү хэсэг хөхөрсөн, зүүн нүд бага зэргийн хөхрөлттэй, хамар бага зэргийн хөхрөлттэй, зүүн талын шанаа хавдартай, зүүн талын хавирга хэсэгт 2-3 жижиг хөрөлтүүдтэй, ууц хэсэг хөхөрсөн, зүүн гар хавдаж хөхөрсөн. ...Өмнө нь намайг зодож цохисон асуудал байсан. Би тухайн бүрд нь цагдаад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6744 дугаартай: “...В.Н-гийн биед зүүн талын 9-р хавирганы зөрүүгүй хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдэнд цус хуралт, эрүүнд цус хуралтууд, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралтууд, баруун бугалгад цус хуралт, нуруунд цус хуралтууд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалгад цус хуралтууд, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, ахар сүүлний хэсэгт цус хуралт, хоёр талын нүдний ухархайн дотор хана самалдгийн хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ болон хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал), шинжээч эмч Ө.С-ийн “...зүүн нүд болон хамрын нурууны дээд хэсэгт учирсан гэмтэл нь 7 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байж болохоор, бусад гэмтлүүд ч гэсэн өнгөний хувирал өгсөн байдлаар 2-3 хоногт үүссэн гэмтлүүд байж болно. ...7 дугаар сарын 25-ны өдрийн үүссэн зүүн нүдний гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...7 дугаар сарын 23, 25-нд үүссэн гэмтлүүд дандаа шинэ гэмтлүүд байсан, 2-3 хоногийн дотор л үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),...Үзүүлэгч В.Н-гийн биед зүүн талын 9-р хавирганы зөрүүгүй хугарал, хамрын нуруунд цус хуралт, эрүүнд цус хуралтууд, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралтууд, зүүн мөрөнд цус хуралт гэмтлүүд нь тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл гэж гаргасан байна. Уг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үүссэн гэмтэл нь /зүүн нүд, хамрын гэмтэл/ тухайн үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх учирсан гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 101 дэх тал), хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 83-85 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ хийсэн талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 6-10 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.П нь яллагдагчаар “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр В.Н согтуу гудамжинд явж байхад нь гэртээ ор гэж хэлтэл чадахгүй гээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь эрүү хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд баруун хөлөөрөө нуруу, хавирга орчимд нь 2 удаа өшиглөөд босоод ирэхээр нь түлхэж унагаасан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ...тамхи, ундаа нэхээд мөнгө байхгүй гэхээр нь нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. ...Би эхнэр В.Н-гаас уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж (хавтаст хэргийн 94-95, 140-141 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.П нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6744 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.П-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч В.Н-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Д.П-ийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн талын 9-р хавирганы зөрүүгүй хугарал, эрүүнд цус хуралтууд, хүзүүнд цус хуралтууд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалгад цус хуралтууд, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, ахар сүүлний хэсэгт цус хуралт бүхий 10 гаруй шарх гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 83-85 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургаар хөдөлбөргүй нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Д.П, хохирогч В.Н нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Д.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “....онц харгис хэрцгийгээр…” гэж, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч В.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 593,565.0 нэхэмжилж байсан боловч шүүхийн шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.П-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч нь эхнэрээ удаа дараа зодож олон тооны шарх гэмтэл учруулсан, мөн эрхэлсэн тодорхой ажилтай талаарх баримт байхгүй байх тул шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Эхнэр бид хоёр хуваариа суудлын бүрээс хийж зардаг. Би хуруугаа тайруулж хагалгаа хийлгэсэн тул нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П-ийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон талаарх нотлох баримт шинжлэн судлагдаагүй бөгөөд энэ талаар шүүгдэгчээс тодруулахад хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоогүй гэсэн тул түүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46, 48 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), тэтгэвэр авах эрх үүсээгүй талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь  тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 68-73 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 55-64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ... оногдуулахгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.П-ийн хувьд хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувиар алдсан болох нь тогтоогдоогүй тул түүний хүсэлтийг хүлээн авах үндэслэл алга.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, үйлдлийн тоо зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд, гэр бүлийн хүрээнд дахин давтан хүчирхийлэл үйлдсэн гэм буруу, мөн тогтсон орлогогүй хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.А овгийн Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.П-ийг гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.П-д сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА