Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 00309

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн Лах гэх газар оршин суух, Алагийнхан овогт Цэрэндоржийн Энхбатын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00318/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсдэн төлөөлөгч: 1969 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 15-18 тоотод оршин суух, Халбин овогт Сүрэнхорын Амар /РД: СЮ69040210/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1973-1978, 1981-1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхбат ньБулган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1973-1978, 1981-1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Тэрээр тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Ц.Энхбатыг 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхбат нь Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Энхбатын дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 929 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Дашпүрэвийн өгсөн ... Ц.Энхбат нь 1960 оны сүүл үеэс аавынхаа хамт тэмээ маллаж байгаад Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдэлд 1973 оноос тэмээчнээр ажиллах болсон. Намайг 1992 онд Туяа нэгдлээс гарахад тэндээ ажиллаад үлдсэн... гэх мэдүүлэг, гэрч Г.Бадамсүрэнгийн өгсөн ... Ц.Энхбат нь намайг Булган аймгийн Дашинчилэн суманд 1982 онд мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр очиход Туяа нэгдлийн Лах бригадад тэмээчин, үхэрчнээр ажиллаж байсан ба Туяа нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. 1992 онд Туяа нэгдэл тарахад Лах ХК-д тэмээчнээр 1995 оныг хүртэл ажилласан. Ц.Энхбат нь 16 настайгаасаа аавыгаа дагаж мал маллаж сурсан. Түүний аав нь насаараа тэмээ хариулж байсан хүн байгаа юм. Би Булган аймгийн Дашинчилэн сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан тул нэгдлийн малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдаг, малчидтай байнга холбоотой ажилладаг байсан. Ийм учраас Ц.Энхбатыг хэзээ, хаана, ямар ажил ийж байсан гэдгийг сайн мэдэж байна ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алагийнхан овогт Цэрэндоржийн Энхбатыг Булган аймгийн Дашинчилэн Туяа нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 14 /арван дөрөв/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН