| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0076/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/82 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/82
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02813 1695 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Н, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл хоёр, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
-2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1750 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.
-2121 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1026 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ял биелээгүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны 14 тоотод иргэн П.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хоол хийлгэх гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан хутгалж, бие махбодод нь зүүн бугалгад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д.Н нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны ** тоотод нөхөр Ж болон түүний дүү О нартай хамт 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа О Н-ийг хоол хий гэж хэлсний улмаас маргаан үүсэж, улмаар Н О-ийн гарыг хутгаар зүсэж, бие махбодод нь “зүүн бугалгад шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал), хохирогч П.О-ийн: ”...Ж ах, бэр эгч Н хоёр Их монгол нэртэй 0.75 литрийн хоёр шил архитай ирсэн. ...Архи ууж байхдаа би Н эгчийг “хоол хийгээч” гэж хэлсэн чинь Н эгч уурлаад шүүгээнээс хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчингийн гадна талд хоёр удаа хутгалсан. ...Би бэр эгч Н-т ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч П.Ж-ны “...тухайн үед дүү О манай эхнэр Н-ийг “хоол хий” гэж хэлсэн. Тэгтэл Н “би яахаараа чиний хоолыг хийдэг юм бэ” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл Н гэрт байсан хар өнгийн иштэй хутгаар О-ийн зүүн гарын бугалган дээр нь хоёр удаа хатгачихсан байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10619 дугаартай “... П.О-ийн биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Д.Н нь яллагдагчаар “...О намайг хоол хий гээд загнаад байхаар нь уурандаа гэрт байсан хар иштэй хутгаар зүүн гарын бугалга руу нь хутгалчихсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэж (хавтаст хэргийн 55 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10619 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч П.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Н-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч Д.Н: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 62-68 дахь тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ял биелэгдээгүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 96 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 87-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон урьд хоёр удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл биелүүлэх ажиллагаанаас зайлсхийсэн хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,…бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Д.Н-т энэ тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1026 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, 2-т “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна....” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Н-ийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 600-232=368 цагаар биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй суллах нь зүйтэй.
Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т энэ тогтоолоор оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1026 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг зургаан зуун цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Н-ийн цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 (хоёр зуун гучин хоёр) цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 368 (гурван зуун жаран найм) цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 368 (гурван зуун жаран найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
6.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-т сануулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
8.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА