Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 00311

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 6б-5-13 тоотод оршин суух, Буурал аав овогт Ёндонсамбуугийн Жигмэдийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00328/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, бага дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 6б-5-13 тоотод оршин суух, Буурал аав овогт Ёндонсамбуугийн Жигмэд /РД: ГЮ62041514/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Жигмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Замын төсөл комбайнед групп-т индүүчин, автогрейдерчнээр, 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жунхабконсол ХХК-д индүүчин, автогрейдерчнээр ажиллаж байсан. Замын төсөл комбайнед групп нь замын ажлаа дуусгаад Жунхабконсол ХХК-ийг байгуулж, замд ажиллаж байсан жолооч нарыг компанидаа авсан. Тухайн үед хөтлөгдөж байсан нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт дутуу, Жунхабконсол ХХК нь одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулдаггүй, архивт баримт нь байхгүй байгаа тул дээрх хугацаанд Замын төсөл комбайнед групп, Жунхабконсол ХХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Жигмэд нь 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Замын төсөл комбайнед групп-т индүүчин, автогрейдерчнээр, 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жунхабконсол ХХК-д индүүчин, автогрейдерчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ё.Жигмэдийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, Ё.Жигмэдийн нэрээр нээсэн №А207093 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Б.Баярмагнайн өгсөн ... Ё.Жигмэд нь намайг Замын төсөл комбайнед групп-д 2004 онд ажилд ороход атвогрейдерчнээр ажилллаж байсан бөгөөд 2012 онд намайг ажлаасаа гарсны дараа биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа гарсан байсан. Замын төсөл комбайнед групп-ын замын ажил нь 2007 онд дуусч 2008 онд Жунхабконсол ХХК-ийг байгуулж байсан ба тус компаниуд нь солонгос даргатай байсан юм ... гэх мэдүүлэг, гэрч Д.Ганбаатарын өгсөн ... Ё.Жигмэд нь намайг Замын төсөл комбайнед групп-д 2002 онд ажилд ороход атвогрейдерчнээр ажилллаж байсан бөгөөд 2012 онд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа гарч байсан юм. Би 2016 оныг дуустал ажилласан. Замын төсөл комбайнед групп нь 2008 онд Жунхабконсол ХХК болж өөрчлөгдсөн. Жунхабконсол ХХК-ийн доор олон, олон охин компани байдаг. Жунхабконсол ХХК Солонгос улсын хөрөнгө оруулалтай компани юм ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурал аав овогт Ёндонсамбуугийн Жигмэдийг 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Замын төсөл комбайнед групп-т индүүчин, автогрейдерчнээр, 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жунхабконсол ХХК-д индүүчин, автогрейдерчнээр нийт 6 /зургаа/ жил, 10 /арав/ сар, 17 /арван долоо/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН