| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00329/И |
| Дугаар | 00313 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 00313
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт /Хялганат/ оршин суух, Агва тайж овогт Агваанжумбын Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00329/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт /Хялганат/ оршин суух, Агва тайж овогт Агваанжумбын Батцэнгэл /РД: ГН67030606/, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987-1991 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд малчнаар, 1992 онд Хантай ХК малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, 1996 онд Магсаржав САА-н конторт гал гарч тэр САА-д ажиллаж байх үеийн бичиг баримтууд бүгд шатсан учраас А.Батцэнгэл намайг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд малчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хантай ХК малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батцэнгэл нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд малчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хантай ХК малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.Батцэнгэлийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь түүний тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай цалингийн лавлагаа, тухай үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Энхээгийн өгсөн ... А.Батцэнгэл бид хоёр Магсаржав сангийн аж ахуйд 1987 онд хамт малчнаар ажилд орж байсан. А.Батцэнгэл нь Магсаржав сангийн аж ахуйд 1987-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Магсаржав сангийн аж ахуй нь Хантай ХК болж өөрчлөгдсөн. А.Батцэнгэл нь Хантай ХК-д 1992 онд мөн малчнаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Л.Пашкагийн өгсөн ... А.Батцэнгэл нь намайг Магсаржав сангийн аж ахуйд ажиллаж байхад 1987 онд малчнаар ажилд орж байсан бөгөөд 1991 оныг дуустал ажилласан. Магсаржав сангийн аж ахуй нь Хантай ХК болоход 1992 онд мөн малчнаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Агва тайж овогт Агваанжумбын Батцэнгэлийг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд малчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хантай ХК малчнаар нийт 5 /тав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН