Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0044/Э |
Дугаар | 2022/ШЦТ/105 |
Огноо | 2022-01-19 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/105
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ширэндэв, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02019 1479 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овгийн Б.Д, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, 6 настай хоёр ихэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран, 2-р гудамж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 674 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 8 цагийн ялыг 1 хоногоор тооцож сольж 90 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 cap 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 8 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунахайн сэдэлтээр 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн голын хуучин эцсийн 96 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын гэдэс, хэвлий хэсэгт гараараа удаа дараа цохих, хавсарч унагах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн “Самсунг-А12” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авч түүнд 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Б.Д нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр урьдын танил Т гэх айлд очиж хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 14 цагийн орчимд тэдний гэрээс гараад, эхнэр Х-ийн ажил руу явж байхдаа гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Ш-тай тааралдсан бөгөөд шүүгдэгч Б.Д насанд хүрээгүй хохирогч Б.Ш-аас цаг асуусан ба хэлэх үед нь гэдэс, хэвлий рүү нь цохиж, хавсарч унагаад 350,000.0 төгрөгийн үнэ бүхий “Samsung A13” загварын гар утсыг нь авч зугтаасан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал), “Эвсэг хүсэл” барьцаат зээлийн газрын “...Samsung Galaxy a12 загварын гар утсыг 250,000 төгрөгийн барьцаанд авсан, хүү 20,000 төгрөг, нийт төлөх дүн 270,200 төгрөг гэсэн зээлийн гэрээ”-ний хувь (хавтаст хэргийн 10 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь шүүгдэгч Б.Д-ын зургийг зааж “миний гар утсыг дээрэмдсэн хүн мөн байна” таньсан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-15 дахь тал), иргэний нэхэмжлэгч А.Б-с гар утсыг хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-20 дахь тал), иргэний нэхэмжлэгч А.Б-ын “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байсан санагдаж байна... эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд Э овогтой Х РД:**** гэсэн бичиг баримтаар Самсунг А12 маркийн гар утсаа 250,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан, хүү нь 20,000 төгрөг болж байсан...Дараа нь Х нь өөрийн ломбардад тавьсан бичигтэй ирээд би утсаа авах боломжгүй болчихлоо, та хэдэд авах вэ гэхээр нь утсыг 300,000 төгрөгөөр бодож авсан. Хүү болон өмнөх зээлийг нийлүүлж тооцоод 30,000 төгрөг л өгсөн...Цагдаа нар ирээд утсыг авсан, надад нийт 300,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын “...гэрээсээ гараад Хархорин зах руу явах гээд Нарангийн голын хуучин эцэс рүү алхаад явж байтал худагтай гудамжны харалдаа, ардаас 25 орчим настай эрэгтэй хүн ахын дүү цаг хэд болж байна гэж асуухаар нь би гар утсаа гаргаж ирээд 14 цаг 20 минут болж байна гэж хэлсэн...нөгөө ах чи намайг тэнэг гэж бодоод байна уу гэж хэлээд гэдэс рүү гурван удаа гараараа цохиод хавирч газарт унагасан...унахад миний халаасанд байсан гар утсыг аваад намайг татаж босгоод дахиж хоолойг минь боосон...тухайн хүнээс архи их үнэртэж байсан...тэгээд тухайн эрэгтэй автобусны буудал руу гүйгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэрч Э.Х-ийн “...2021 оны 08 сарын 22-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай нөхөр Д “Тэнүүн огоо” ХХК буюу миний ажил дээр ирсэн. Ажил тараад хамт харихаар явж байхдаа нөхөр надад нэг гар утас үзүүлээд манай найз надад өгсөн юм гэж хэлсэн. Хэн гэдэг найз вэ гэхэд чи танихгүй гэсэн...Тэгээд ломбардад тавьчихъя гэхээр нь хамт явсан...Д бичиг баримт байхгүй гээд миний иргэний үнэмлэхийн лавлагаагаар гар утсыг 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хүү нь 20,000 төгрөг болно гэсэн...Би 3 хоногийн дараа ломбардад очоод утсаа авах боломжгүй байна 30,000 өгөөд 300,000 төгрөгт бодоод авчих гэхэд надад 30,000 төгрөг өгөөд гар утсыг аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ы 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 944 дугаартай “Samsung A-12 загварын гар утас нийт үнэлгээ 350,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Д яллагдагчаар “...2021 оны 08 сарын 22-ны өдөр урд танилцсан Т (нөхрийнх нь нэрийг санахгүй байна) гэдэг айлд архитай очоод хувааж ууцгаасан...Тэгээд эхнэр Хулангийн ажил руу очих гээд нарийн гудамжаар явж байтал 14-15 орчим насны хүүхэд явж байхаар нь ахдаа утсаа өгч бай ярьчхаад өгье гэж хэлснээ санаж байна. Согтуу байсан болохоор тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Би хохирогчийн гар утсыг аваад эхнэр Х-ийн ажил дээр очоод хамт гэр лүүгээ харих замдаа Х-д миний найз энэ гар утсыг өгсөн юм гэж худлаа хэлээд “хоёулаа ломбардад тавьчихъя” гэж хэлсэн. Тэгээд утсыг 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэж (хавтаст хэргийн 118-119 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас насанд хүрээгүй хохирогчийн “Samsung A-12 загварын гар утсыг 350,000.0 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хүч хэрэглэн довтолсон дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Д-ын бусдын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл болон насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын гэдэс рүүгээ гурван удаа цохиулан газарт унасан, хүчинд автаж 350,000 төгрөгийн гар утсаа алдсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруу үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Б.Д-ын согтуурсан байдал, шунахайн сэдэл, бага насны хүүхдийг элэг барьсан хандлага нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь гар утсаа биет байдлаар буцаан авсан, харин “Эвсэг хүсэл” барьцаалан зээлдүүлэх газарт гэмт хэргийн улмаас гэм хор учирсан болох нь тогтоогдсон бөгөөд тус барьцаалан зээлдүүлэх газрын захирал болох иргэний нэхэмжлэгч А.Б нь “өөрт учирсан 300,000.0 төгрөгийн хохирлыг аваагүй байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Д-аас 300,000.0 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Б-т олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Д нь удаа дараа бусдад хүч хэрэглэсэн, хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон, засрал авдаггүй. Хувийн байдлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирдэггүй, шүүхийн шатанд хүртэл шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж нэмж нэгтгэн нийт 5 жил 01 сар 19 хоногийн хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох саналтай байна. Хохирогчид төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Б.Д-аас 300,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруу, зүйлчлэл, хохирол төлбөр дээр маргаангүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг өнөөдрийг хүртэл эдэлснээр тооцож хасуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгүүлэх саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал), урьд гурван ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолууд, Өршөөлийн хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон захирамжийн хуулбарууд (хх-ийн 80-100, 102-104 дэх тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/22774 дугаартай албан тоот, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Б.Д нь 2017 оны 6-9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал), тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй талаарх албан тоот (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 65-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн урьд гурван удаа ял шийтгүүлсэн, Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольсон боловч дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм хор арилаагүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 674 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 8 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамруулан түүний эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, хорих ангиас сулласан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг (хх-ийн 101 дэх тал)-ээр ялтан Б.Д-ын эдэлж байсан зорчих эрхийг хязгаарлах ялын тооцоог 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гаргаж, 2 жил 1 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэсэн байгааг үндэслэн улсын яллагч уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх санал гаргасныг шүүх хууль бус гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлэг /Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг журам/ 154 дүгээр зүйлийн 154.1.1 дэх заалт, 154.5 дахь хэсэгт зааснаар ялтны эдэлж буй зорчих эрхийг хязгаарлах ялын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй байх бөгөөд мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ялаар солих тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, хэргийг хаахаар зохицуулсан байх тул шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн буюу түүний эдэлж байсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг энэ тогтоол гарсан өдрийг хүртэл хасаж тооцох нь хууль ёсонд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 674 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсноос өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 23 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 11 сар 23 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон арван дөрөв хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.М овгийн Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Д-т гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 674 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн буюу дүйцүүлэн солигдсон зорчих эрх хязгаарлах ялын 1 жил 11 сар 23 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил 11 сар 23 хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 4 жил 11 сар 23 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-аас 300,000.0 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Б-т олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА