| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
2022 01 28 2022/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суурь ******* холбогдох эрүүгийн 2121000000474 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг 90-р байрны 07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Суурь Бодонгууд овогт Цэрэндашийн Ширнэндорж /РД: ЖВ82020519/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 7 дугаар байрны гадаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн орчим *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн орчим найз Мөнхбатынд очсон. Мөнхбаттай 0.5 литрийн 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан бөгөөд Мөнхбат согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь тэднийхээс гараад Мөнхнамын гэрт очихоор явсан. Намайг ороход Мөнхнам, эхнэр Болормаа мөн намайг хутгалдаг танихгүй залуу 3 архи уугаад сууж байсан... Удалгүй араас манай найз болох ******* гаднаас орж ирсэн. Араас нь танил ах Наранбат орж ирээд архиа хувааж уусан... Би намайг хутгалдаг танихгүй залуугийн хамт гарахаар болсон бөгөөд бид хоёр хоорондоо ямар нэг муудалцсан зүйл болоогүй. Ингээд гэрээс гараад зогсож байтал тэр залуу миний цээж рүү цохих шиг болсон. Би тухайн үед тоогоогүй хараад зогсож байтал миний цээжнээс цус гарч эхэлсэн. Би эргэж хараад Нараа ахаа намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. ...миний уушгины тал нь үхжсэн гэсэн, илүү тодорхой зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд намайг Мөнхнам гэх залуугийн гэрт ороход Болороо, Ширнэндорж, *******, Мөнхтулга нар архи ууж байсан. ...Ширнэндорж гэх залуу Мөнхтулга гэх залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр 2 Мөнхнамын гэрээс түрүүлээд гарсан. Би араас нь дүү *******ын хамт гарсан. Тэгтэл Ширнэндорж Мөнхтулгын цээжин тус газар нь цохих шиг болсон. Тэгээд гэнэт л Мөнхтулгын цээжнээс цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд Мөнхнам ахын гэрт орсон. Намайг гэрт ороход найз Мөнтулга, Мөнхнам нар унтаж байсан. Харин эхнэр Болормаа нь Ширнэндоржтой архи уугаад сууж байсан. ...гэнэт Ширнэндорж гэх хүн манай найз Мөнхтулгатай муудалцаад байсан. Би тэр 2-т хандаж энд муудалцаад яах вэ, айлын жоохон хүүхэд байна. Зодолдох гэж байгаа бол гараад зодолд гэж хэлсэн. Ширнэндорж Мөнхтулгын хамт гэрээс гараад явахаар нь араас нь Наранбат ахтай хамт гартал Ширнэндорж манай найз Мөнхтулгын цээж рүү гараараа цохих шиг болсон. Би гараараа цохиж байгаа юм байна гэж бодоод байж байтал Мөнхтулгын цээжнээс цус гараад байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорнод аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 626 тоот дүгнэлтэд:
1. Б.Мөнхтулгын биед цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 32-33/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07/
-Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/
-Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 27-28/
-*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/
-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 47-88/
-Хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-ийн 90-92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 7 дугаар байрны гадаа *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч *******, гэрч *******, Х.*******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 626 тоот “Б.Мөнхтулгын биед цээжний урд зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн хий болон шингэн хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч *******ийг хохирогч Б.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Суурь Бодонгууд овогт Цэрэндашийн Ширнэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь эмчилгээний зардлын 374,300 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн боловч шүүгдэгч ******* уг хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч *******оос 374,300 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Суурь Бодонгууд овогт Цэрэндашийн Ширнэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Цэрэндашийн Ширнэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 374,300 /гурван зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА