Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э, Д.М-Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Н.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун, шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Э, Д.М-Э нарт холбогдох 201523010061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А овгийн Д-ийн М-Э, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ ...................., ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

2. М овгийн Д-ын Э, 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь .......... ажиллаж байсан, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:76073072/;

 

Д.М-Э /цагдаагийн ахлагч/ нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхдаа, Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Т нь өөрийгөө боомилж амь нас нь хохирсон гэмт хэрэгт,

 

Д.Э /цагдаагийн ахмад/ нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт хэв журмын байцаагчаар ажиллаж байхдаа, Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.” гэж заасан хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Т нь өөрийгөө боомилж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Хэнтий аймгийн прокурорын газраас: Д.Э, Д.М-Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овгийн Д-ийн М-Э, М овгийн Д-ын Э нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-Э, Д.Э нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдний цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-Э, Д.Э нарт оногдуулсан 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Нокиа” маркийн гар утас, юнителийн сим карт 1 ширхэг, маанийн эрх 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цт, 1 ширхэг гавыг Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасагт тус тус олгож, 1 ширхэг бичлэг бүхий cиди-г хавтас хэрэгт үлдээж, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, улаан шонхор тамхины иш 4 ширхэг, шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг устгаж, Д.М-Э, Д.Э нарыг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч А.Оюун шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолын зарим зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.М-Э нь "...дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн эрүүлжүүлэх байранд Э.Т өөрийгөө боомилж нас барсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна" гэж үзжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн бодит нөхцөл байдлуудаас үзэхэд, Д.М-Э нь тухайн өдөр өөрийн үүрэгт ажил болох дуудлага хүлээн авагч, цагдаагийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байхад нь ахмад Д.Э хохирогч Э.Тыг түр саатуулчих гэсний дагуу тээрээр саатуулсан байдаг. Д.М-Э нь хохирогч Э.Тыг түр саатуулж, камераар хяналт тавьж байсан бөгөөд 30 орчим минутын дараа саатуулах байрны баруун ханыг налаад хөдлөхгүй байхаар нь очиход тэлээгээр өөрийгөө боомилж нас барсан байсан.

Миний үйлчлүүлэгч Д.М-Эд анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн асуудалд маргахгүй.

Харин "Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй байгаа нь хэнийг хууль сахиулагч гэх, эдгээр шүүгдэгчид хууль сахиулагчид хамаарах субъект мөн эсэх, тухайн үед Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх боловч энэ хууль батлагдаж гараагүй байна. Эдгээр эргэлзээтэй асуудлыг шүүхээс харгалзан үзнэ үү. Д.М-Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт хэв журмын байцаагч, цагдаагийн ахмад Д.Эийг 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа, Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэснийг зөрчиж, албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Т өөрийгөө боомилж амь нас нь хохирсон асуудалд гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ялаар шийтгэснийг зөвшөөрөхгүй байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус гэмт хэргийн объектив талыг “Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэж тогтоосон бөгөөд хэрэг учрал болсон өдөр миний үйлчлүүлэгч цагдаагийн тасгийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба 11 цагт тасгийн даргаас цохогдож ирсэн өргөдлийг шалгах ажиллагааг албан үүргийн дагуу хийж гүйцэтгэж байсан. Энэ өргөдлийг шуурхай шалгах ажлын хүрээнд тухайн гомдолд хамааралтай байж болох Ц, Эрдэнэжавхлан, Энхбаатар, Т нарыг цагдаагийн хэлтэст авчирч туслах жижүүр Д.М-Эд хүлээлгэн өгч, түр харж бай гэсэн үүргийг өгсөн ба тэрээр эдгээр иргэдийг албадан саатуулах, эрүүлжүүлэх ажиллагааг өөрөө хийгээгүй, албадан саатуулах байранд оруулж эрүүлжүүлэх үүрэг чиглэлийг жижүүрийн туслахад өгөөгүй байсан.

Д.Э нь өргөдөл шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулж холбогдох хүмүүсээс тайлбар авах ажиллагааг хийж гүйцэтгэн өөр газар байх явцад Э.Т нь амиа хорлосон. Тэгэхээр миний үйлчлүүлэгч  албаны үүргээ зохих ёсоор биелүүлж, ажлаа хийж гүйцэтгэснийхээ төлөө буруудах ёсгүй гэж үзэж байна. Шүүх Эийг Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж байрны хамгаалалтыг хариуцна” гэснийг зөрчсөн гэж буруутгаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Э.Т-ын амиа хорлосон байр нь эрүүлжүүлэх байр биш учраас энэ хуулийн заалтыг хэрэглэх ёсгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байр байдаггүй, харин албадан саатуулах өрөө тасалгаа байдаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Улсын Их хурлаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, согтуурсан этгээдийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллага эрхлэн явуулах болсон тул Хууль зүйн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1360 тоот албан бичгээр Цагдаагийн Ерөнхий газрын даргад өгсөн чиглэлийн дагуу цагдаагийн байгууллагын дэргэдэх эрүүлжүүлэх байрыг албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн зохион байгуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж албадан саатуулагдсан этгээдэд хордлого тайлж эрүүлжүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 473 тоот тушаалаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эрүүлжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа хамааралгүй болсон тул миний үйлчлүүлэгчийг Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, албаны үүрэгтээ хайнга хандсан гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүхээс Д.Э-ийг үйлчлүүлэгч этгээд амиа хорлож болох тэлээг хураан аваагүйн улмаас Э.Т өөрийгөө боомилж амиа хорлосон нь хуулиар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлсэн, оромдсон, дүр эсгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг хайнга хандсан эс үйлдэхүй байна. Энэ нь учирсан хохиролд шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн. Албадан саатуулах байр, эсхүл эрүүлжүүлэх байранд орж буй хүмүүсийн эд зүйлийг хураах ажиллагааг албадан саатуулж буй  албан хаагч хийх ёстой болохоос, өөр газар албан үүргээ гүйцэтгэж яваа Д.Э хийх боломжгүй юм.

Иймд Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсч байна. ...Д.Э-т хариуцлага тооцон цагдаагийн ахмад цолыг хурааж, офицер албан тушаалыг бууруулан цагдаа болгон сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул аливаа үйлдэлд оногдуулах хариуцлага давхардах ёсгүй. ...” гэв.

            Шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Гэм буруугийн талаар “...дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.М-Э нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хохирогч Э.Т өөрийгөө боомилж нас барсан болох нь албан тоот, бусад хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. …” гэжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.1-д “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг”,

5 дугаар зүйлийн 5.1-д “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө”,

7 дугаар зүйлийн 7.1-д “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”,

7.2-д “Эрүүлжүүлэх байр нь мэргэжлийн эмчтэй байх бөгөөд тэр нь эмчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, эмнэлгийн ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд эмнэлгийн үйлчилгээ шуурхай үзүүлж ажиллана”,

8 дугаар зүйлийн 8.1-д “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч түргэн тусламжийн төвийн ажилтан буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна”,

8.3-т “Тэмдэглэлд түр хадгалах зүйлийг хүлээн авсан ажилтан үйлчлүүлэгч этгээд, түүнийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээд гарын үсэг зурах бөгөөд үйлчлүүлэгч этгээд гарын үсэг зурж чадахгүй бол цагдаагийн алба хаагч тэр тухай тайлбар бичнэ”,

8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно”,

8.7-д “Үйлчлүүлэгч этгээдээс галт зэвсэг, хутга мэс, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илэрвэл цагдаагийн алба хаагч түр хураан авч, шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ” гэж хуулийн нэр томъёо, албадан эрүүлжүүлэх үндэслэл, эрүүлжүүлэх байрны эмч, ажилтан, тэнд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн албан хаагчийн харилцааг тус тус тодорхой зааж өгчээ.

Хуулийн энэ заалтаас харахад, эрүүлжүүлэх байранд: Эрүүлжүүлэх байрны ажилтан, эрүүлжүүлэх байрны эмч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хүргэгдсэн этгээд, тэнд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцаж байгаа цагдаагийн албан хаагч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн Цагдаагийн алба хаагч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн түргэн тусламжийн төвийн ажилтан 6 субъект байна.

2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Э.Т ... нарын 4 иргэнийг дээрх албадан эрүүлжүүлэх хуулийн заалтаар бус захиргааны журмаар түр саатуулсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн бодитой тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн үед хохирогч Э.Т ... нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг боловч тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эсэх, өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай байсан эсэх нь тогтоогдоогүй төдийгүй тэдний эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, албадан эрүүлжүүлэх, эрүүлжүүлэх байранд хүлээн авах тухай эмчийн шийдвэр гараагүй нь тэднийг албадан эрүүлжүүлэх хуулийн үндэслэл байгаагүйг нотолж байна. Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байрыг тухайн үед ашиглахыг хориглосон даргын аман шийдвэр гарсан байсан төдийгүй тухайн үед хуулийн дагуу тэнд үүрэг гүйцэтгэх ёстой албадан саатуулах байрны эмч ээлжийн амралттай, Цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдож, хууль, захиргааны хэм хэмжээний актаар үүрэг хүлээсэн саатуулах байрны цагдаа нар /Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалд эрүүлжүүлэх байрны цагдаагаар бус албадан саатуулах байрны цагдаа албан тушаалд нэр бүхий ажилтнуудыг томилсон байдаг/ хэлтсийн даргын аман шийдвэрээр өөр ажилд томилогдож, үүрэг гүйцэтгэж байсан нь эрүүлжүүлэх үйл ажиллагаа тухайн үед тэнд явагдаагүйг нотолж байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, уг хуулиар албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад, эмчийн хяналтан доор явуулахаар заасны дагуу Монгол Улсын хэмжээнд эрүүлжүүлэх байрууд эрүүл мэндийн байгууллагын харъяалалд шилжсэн байсан асуудалд шүүх хууль зүйн талаас огт дүгнэлт хийгээгүй. Сайд нарын зөвлөлийн 1982 оны 340 дүгээр тогтоолоор Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрыг байгуулсан тухай албан тоот хэрэгт хавсаргасан байдаг боловч уг байрыг эрүүлжүүлэх зорилгоор ашиглахаас илүүтэйгээр захиргааны журмаар түр саатуулах үйл ажиллагаа явуулж байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг, албадан саатуулагдсан иргэдийн нэгдсэн бүртгэл зэрэг баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад үүнд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Д.М-Э нь тухайн үед Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаатай огт холбоогүй буюу мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон. Хууль, захиргааны хэм хэмжээний акт, даргын аман шийдвэр, томилгоогоор эрүүлжүүлэх байрны цагдаагийн ажилтны үүргийг  Д.М-Э гүйцэтгээгүй байсан нь хавтас хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал, мэдээлэл хүлээн авагч-цагдаагийн ажлын байрны тодорхойлолт, албадан саатуулах байрны цагдаа нарыг томилсон тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Код 200, Цагдаагийн ерөнхий газрын даргын 140 дугаартай тушаал, гэрч Г.А-ийн мэдүүлэг /1хх-85х/, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад эдгээрт шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай.

Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч ...Д.М-Э нарыг албан тушаалтан албандаа хайнга хандаж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж шүүх дүгнэжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд: "Эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаагийн алба хаагч, тэдгээрийн эрх, үүрэг" гэж шууд заасан байгаа нь энэ эрх, үүрэг тухайн эрүүлжүүлэх байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хамааралтай болохоос бус мэдээлэл хүлээн авагч цагдаагийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байсан, цагдаа Д.М-Эд огт хамааралгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай 2013 оны хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан байх боловч энэ хууль өнөөдрийг хүртэл батлагдаж гараагүй байна.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж гараагүйгээс шалтгаалан шүүгдэгч Д.М-Э тухайн үед ямар нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх байсан нь тодорхойгүй, нөгөө талаар 2015 оны Эрүүгийн хуулийн нэр томъёонд хууль сахиулагч гэдэг ойлголтыг хэрэглэхээр тусгасан байгаа боловч өнөөдрийг хүртэл "Хууль сахиулагч"-д хамаарах субъектийг хуулиар тодорхойлж өгөөгүй байхад шүүх түүнийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.6.1-д заасан төрийн тусгай албан тушаалтны үүрэгтэй холбож "Албан тушаалтан буюу хууль сахиулагч" мөн гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэж, түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн "хууль ёсны зарчим"-ыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.М-Э, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2015 2301 0061 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн үндэслэлүүд тогтоогдож байгаа, шүүх хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэж, хууль ёсны зарчмыг мөн зөрчсөн, шүүгдэгч Д.М-Э хууль сахиулагч мөн эсэх нь эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.М-Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт холбогдогч цагдаагийн хоёр албан хаагч яагаад өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээхгүй байгааг ойлгохгүй байна. Д.Э удаа дараагийн шүүх хуралдаанд “согтолтын зэрэг маш өндөртэй хүмүүс байсан” гэж хэлсэн. Хонож архи уусан, согтолтын өндөр зэрэгтэй хүмүүсийг баривчлах ямар ч шаардлага байгаагүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага хүний амь насыг хамгаалдаг гэж ойлгодог. Гэтэл ийм нөхцөл байдал бүрдүүлчихээд, 25 настай дүүгийн минь амь нас хохирсон байхад ямар ч буруу байхгүй гэж байгаад гомдолтой байна. Өнөөдөр согтуу хүн аль хэдийн амиа хорлохыг шийдсэн байсан мэтээр ярьж байгаа өмгөөлөгч нарт бас гомдолтой байна. ...” гэв.    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Н.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-Э, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт 6 сарын хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.” гэж заасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллага хариуцна гэж өмгөөлөгч Цэндсүрэн яриад байгаа боловч энэ хуульд цагдаагийн албан хаагчийг давхар хамааруулж өгсөн. Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагчид хамаарна. Тухайн үед Д.М-Э, Д.Э нар нь ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Амь хохирогч Т, гэрч Ц, Э, Эр, Э нарын согтуурлын зэргийг шалгаж тухайн хүмүүсийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогч их хэмжээгээр архи уусан байсан гэж мэдүүлсэн. Эдгээр байдлууд нь заавал эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах гарцаагүй байдал үүссэн учраас тэднийг эрүүлжүүлэх шийдвэрийг Д.Э гаргасан. Үүний дагуу Д.М-Э албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа саатуулах байранд хийсэн. Хэрэгт цугларсан баримтаар Д.М-Э нь тухайн үед камераар хяналтаа тавьж байсан, “эрүүлжүүлэх байрны камерийн гэрэл шатсан учраас үйл явдлыг камераар хараагүй” гэдэг нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хууль сахиулагч биш гэсэн хууль зүйн дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд албан тушаалтан гэж заасан. Албан тушаалтан гэдэг нь тухайн үед Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон нийгмийн хэв журмыг сахиулах албан тушаалтан байх ёстой. Дээрх хуулийн заалтад Д.Э, Д.М-Э нарын хувьд албан тушаалын байдлаараа хамаарч байгаа. Мөн Д.Э нь Д.М-Эд тухайн этгээдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулахдаа аюултай нөхцөл байдал үүсэх, амиа хорлож болзошгүй эд зүйлүүдийг хурааж авах талаар ямар нэгэн байдлаар үүрэг, чиглэл өгөөгүй байгаа нь албан үүрэгтээ хайнга хандсан нь гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.    

 

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун, шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э, Д.М-Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт Б.Баттүвшин, Б.Батдорж нар нь “...гар утас, бусад эд зүйлээ алдсан...” гэх өргөдөл гаргаж, цагдаагийн тасгийн даргаас тухайн өдөр ерөнхий жижүүрээр ажиллаж байсан Д.Э-т “өргөдлийг шалга” гэж цохолт хийсний дагуу тэрээр өргөдөл гаргагч нартай хамт архи ууж хоносон гэх М.Ц-ийн гэрт очиж, Б.Э, Г.Э, М.Ц, Э.Т нарыг цагдаагийн тасаг руу авч ирэх үед Э.Т зугтаж, Б.Э, Г.Э нарыг авчирч үлдээгээд М.Ц-ийн хамт буцаж яван Э.Т нарыг барьж ирсэн байна. Тэдний согтуурлын зэргийг шалгахад М.Ц 5.62, Б.Э1.61, Г.Энхбаатар 1.54, амь хохирогч Э.Т 4.26 хувийн согтолттой байсан тул тухайн өдөр жижүүрт гарч байсан дуудлага хүлээн авагч-жижүүрийн туслах цагдаа Д.М-Э-д хүлээлгэн өгч,  Д.М-Э нь тэдгээр хүмүүсийг цагдаагийн тасгийн албадан эрүүлжүүлэх байранд оруулахдаа гар утаснаас өөр зүйлүүдийг нь хураан авалгүй оруулжээ. Д.Э нь өргөдлийн дагуу холбогдох хүмүүсээс тайлбар авч байх хугацаанд амь хохирогч Э.Т нь өмдний тэлээгээр өөрийгөө боомилон нас барсан үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх үйл баримтын талаар хэрэгт: Гэрч Г.Э-ын “...2015 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө Цгийнд унтаж байхад Э цагдаа ирээд бид нарыг цагдаагийн тасаг руу авч явсан. Тэднийхээс гарахад Т гутлаа өмсөөд гараад ирье гэж ороод зугтаасан. ... Э цагдаа Ц-г авч яваад Т нарыг барьж ирсэн. ...Тэгээд л би унтаад өгсөн. Юу болсныг мэдэхгүй, нэг сэрсэн чинь Т-аа баруун талын хананы паарны хажууд дээшээ хараад хэвтчихсэн, цагдаа М-Э хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /1хх-68-71/,

гэрч М.Ц-гийн “...Биднийг цагдаагийн тасаг руу Э цагдаа авчираад, М-Э цагдаа эрүүлжүүлэх байранд хийсэн, ...намайг  гавлуулчихаад сууж байхад Т тэлээгээ өгчих гээд миний зүүж байсан хүрэн өнгийн даавуун материалтай, дэгээдэж түгжигддэг тэлээг маань авсан. ...Т тэлээг камерын тор төмрийн завсраар шидэж байгаад цамцнаасаа тамхиа аваад бид хоёр нэг тамхи хувааж татсан, ...бүгдээрээ унтъя гэж ярилцаад унтсан. Нэг сэрэхэд М-Э цагдаа орж ирээд сэр, сэр гээд дуугарахаар нь хартал Ж, Т хоёр босчихсон, Т хойд паарны хажуугаар хэвтээ байдалтай сэрэхгүй байсан. ...Т яагаад амиа хорлох болсныг мэдэхгүй байна. Бид гурвын зүгээс дарамталсан, зодсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-71-73/,

            гэрч Б.Э-ийн “...Биднийг цагдаагийн тасаг руу Э цагдаа авчираад, М-Э цагдаа эрүүлжүүлэх байранд хийсэн. ...Т, Э, Т бид нар нааран дээр хэвтээд би хэсэг зуур унтсан байсан. Нэг сэрээд харахад Тайванаа баруун хананд байх паарнаас тэлээгээр өөрийгөө боож байхаар нь яаж байгаа юм бэ гээд тэлээг нь булааж аваад Ц рүү шидсэн. Т юм дуугарахгүй суугаад байсан. Би ч эргээд унтаад өгсөн. Ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй, унтаж байхад камерийн хаалга дуугарч М-Э цагдаа орж ирээд сэр, сэр гэсэн. ...Тайванаа баруун хананы паарнаас өөрийгөө боосон байсныг М-Э цагдаа тайлж буулгаад дээшээ харуулж хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-74-77/,

            шүүгдэгч Д.Э-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Миний хувьд зугтаасан Т-ыг барих гээд энэ хэдийг зүгээр орхиж болохгүй санагдаад туслах жижүүр, цагдаагийн ахлагч М-Э-ийг саатуулах байранд хийчих /цаанаа байлгаж бай/ гэсэн үүрэг өгсөн. Т-ыг барьж ирээд жижүүр дээр драгерь үлээлгэхэд 4 бүхэл гарантай гарсан бөгөөд мэдүүлэг өгөх чадваргүй байсан болохоор түр саатуулж архийг нь гаргая гээд саатуулах байранд нөгөө хэд дээр нь хийсэн. ...Өргөдлийн дагуу холбогдох хүмүүсээ цуглуулчихаад алдагдсан гар утас, тамхи зэрэг зүйл Ц-гийн гэрт байж болзошгүй, Ц-гийн эхнэр мэдэж байж магадгүй гэж бодоод гэрт нь очиж эхнэр М-ыг нь тасаг дээр авч ирээд албан өрөөндөө тайлбар авчихаад, зөрчил гаргасан нэг иргэнтэй уулзаж байхад туслах жижүүр, ахлагч М-Э “камерт саатуулсан Т өөрийгөө боомилж нас барчихсан юм шиг байна” гэж утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-175-178/,

шүүгдэгч Д.М-Э-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Э, Ц, Э нарыг 13 цагийн орчим Э байцаагч авчираад согтуурлын зэргийг нь шалга гэсэн үүрэг өгсөн. Согтуурлын зэргийг шалгахад Ц 5 бүхэл гарантай, бусад нь 1 бүхэл гарантай гарч байсан...13 цаг 30 минутад саатуулаад туслах жижүүрийн өрөөн дэх камерийн дэлгэцээр хяналт тавьж ажилласан. Саатуулах камерт хийснээс хойш камераар хянах гэхээр саатуулах байрны камерийн өрөөний гэрэл шатсан байсан болохоор дүрс нь цагаараад бүдэг харагдаж байсан. ...Энэ үед ахмад Э өрөөндөө Ц-гийн эхнэр М-аас тайлбар авч байсан. ...Би хааяа камераар хяналт тавьчихаад сууж байсан ба 30-иад минутын дараа саатуулах байрны баруун хана налаад нэг нь суугаад хөдлөхгүй байхаар нь орж үзэхэд Т хүрэн өнгийн өмдний тэлээ хүзүүнийхээ урд нэг задгидсан, ухаангүй байхаар нь сандраад тэлээг тайлж доош буулгасан. Намайг камерт ороход нөгөө гурав нь унтаж байсан. Гэхдээ харсан байж магадгүй, Тулгаа буюу Э босоод ирсэн байсан. Би Т-ыг боосон байна, нас барсан юм шиг байна гэж жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Д.Э-т утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-170-174/,

гэрч Г.А-ийн “...Миний хувьд албадан саатуулах байранд дөрвөн согтуу хүн хийсэн гэдгийг огт мэдээгүй юм. Надад энэ талаар огт мэдэгдээгүй. Хэрэв мэдсэн бол хийлгэхгүй байсан. Яагаад гэхээр саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Оюунсүрэн ээлжийн амралттай байсан. Мөн алба хаагч нартаа зайлшгүй шаардлага гарвал албадан саатуулах байрны эмчийн тодорхойлолтоор, миний зөвшөөрлөөр хүн саатуулна гэдгийг хурал дээр анхааруулж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-84-86/,

Бор-Өндөр сум дахь  Цагдаагийн тасгийн жижүүрийн туслахын 102-н өрөөнд байх хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-43-47/,

 “...Талийгаачийн цусанд 2.7 промилль этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно. ...Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас барсан байна. ...” гэх Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №11 дүгнэлт /1хх-228-229/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль болон “Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм, журмын тухай” Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоолд, “Албадан эрүүлжүүлэх” гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг, “Албадан саатуулах” гэж захиргааны зөрчил гаргагчийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлага болон согтуурах, мансуурах донтой түүнчлэн сэтгэцийн өвчтэй буюу биеийн байцаалт тодорхойгүй тохиолдолд 72 цагийн хугацаагаар албадан саатуулах үйл ажиллагааг тус тус ойлгохоор заасан бөгөөд Д.Э-ийн өгсөн ”...Э.Т-ыг барьж ирээд жижүүр дээр драгерь үлээлгэхэд 4 бүхэл гарантай гарсан бөгөөд мэдүүлэг өгөх чадваргүй байсан болохоор түр саатуулж, архийг нь гаргая гээд эрүүлжүүлэх байранд нөгөө хэдтэй нь хамт хийсэн...” гэх мэдүүлэг, Д.М-Эийн “...Э, Ц, Э нарыг 13 цагийн орчим Э байцаагч авчираад согтуурлын зэргийг нь шалга гэсэн үүрэг өгсөн. Согтуурлын зэргийг шалгахад Ц 5 бүхэл гарантай, бусад нь 1 бүхэл гарантай гарч байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг, захиргааны зөрчилд сэрдэгдэж байгаа Б.Э, Г.Э, М.Ц, Э.Т нарыг албадан эрүүлжүүлж, өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг сэргээсний дараа тэднээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа явуулах нөхцөл хууль зүйн хувьд бүрдэхээр байна.

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харъяалалд ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргааны удирдлага, ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцна”. гэжээ.

 

Эдгээр нотлох баримтаас дүгнэлт хийхэд, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт дуудлага хүлээн авагч цагдаагаар /тухайн өдөр жижүүрийн туслах цагдаагаар ажиллаж байсан/ ажиллаж байсан Д.М-Э нь Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй нь тус цагдаагийн тасгийн албадан эрүүлжүүлэх байранд Э.Т нь өөрийгөө боомилж нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүдийг албадан эрүүлжүүлж байх үүргийг ерөнхий жижүүр өгч, үүний дагуу тэдгээр хүмүүсийг албадан эрүүлжүүлэх өрөөнд оруулахдаа цагдаагийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох хууль, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон дээрх хуульд заасан үүргээ үл биелүүлж Б.Э, Г.Э, М.Ц, Э.Т нарыг эрүүлжүүлэх байранд оруулахдаа согтуурлыг шалгаж, биед нь байсан гар утаснуудаас өөр зүйлийг хурааж авалгүй оруулснаас амь хохирогч Э.Т нь М.Ц-гийн авч орсон өмдний тэлээгээр өөрийгөө боомилж нас барсан байна.

 

Шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нар “...Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж гараагүйгээс шалтгаалан шүүгдэгч Д.М-Э тухайн үед ямар нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх байсан нь тодорхойгүй, ...тухайн үед Д.М-Э саатуулах байрны биш, дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан учраас саатуулах байранд орсон хүмүүст үзлэг хийж, эд зүйлийг нь хурааж авах үүрэг хүлээгээгүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд 2013 оны болон 2017 оны Цагдаагийн албан тухай хуулиудад цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийтлэг, эрх үүрэг тусгагдсан байна. Тухайлбал 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 22 дугаар зүйлийн 22.1-д  заасан зохицуулалт нь 2013 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан зохицуулалттай утга агуулгын хувьд нийцсэн, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийтлэг эрх, үүрэг зарчмын хувьд зөрүүгүй хуульчлагджээ.

 

Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд 2013 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд жижүүрийн туслах цагдаагаар ажиллаж байсан, ахлагч Д.М-Эд хамааралтай гэж үзнэ.

 

 Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн б/28 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч Д.М-Э-ийг Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасгийн жижүүрийн туслах цагдаагаар ажиллуулах ажил үүргийн хуваарийг баталсан байх бөгөөд тус тасгийн дарга Г.А-ын өгсөн “...хэв журмын цагдаагийн хоёр орон тоо дутуу, нэг жил гаруй хугацаа болж байна. Хэрэг гардаг өдөр хөдөлгөөнт эргүүлд цагдаа ажиллуул гэсэн үүргийн дагуу жижүүрт гарах байсан Б.Ө-ыг эргүүлд гаргаж, ахлах ахлагч Н.Г тэр өдөр жижүүрээс буусан байсан тул ахлагч Д.М-Эийг жижүүрт гаргаж, үүрэг гүйцэтгэхээр томилсон. Жижүүрийн туслах цагдаа үүрэг гүйцэтгэж байхдаа дуудлага хүлээн авах болон хяналтын камерийг бүрэн хянах үүрэгтэй...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Д.М-Э-ийг “...дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан учраас эрүүлжүүлэх байранд орсон хүмүүст үзлэг хийж, эд зүйлийг нь хурааж авах үүрэг хүлээлгээгүй...” гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Д.М-Э-ийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид “...2015 оны Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэдэг ойлголтыг хэрэглэхээр тусгасан байгаа боловч өнөөдрийг хүртэл "Хууль сахиулагч"-д хамаарах субъектийг хуулиар тодорхойлж өгөөгүй байхад шүүх түүнийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, ...мөн хуулийн 8.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж заасан тул  Д.М-Э нь төрийн тусгай албан тушаалтан мөн бөгөөд Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба тул Д.М-Э нь энэ чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтан буюу хууль сахиулагч юм.

 

Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт хэв журмын байцаагчаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Э нь тухайн өдөр тус цагдаагийн тасгийн ерөнхий жижүүрээр ажиллаж байсан ба иргэдээс ирсэн гомдлын дагуу гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж байсан  болох нь:

 

гэрч Г.А-ийн “...2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 11 цагийн орчим Б, Б гэх залуус орж ирээд “бусдад зодуулж, гар утас, тамхи зэрэг эд зүйлээ алдсан” гэх өргөдөл өгсөн. ...Өргөдлийг хэрэг бүртгэх эрхтэй Д.Эт “шалгаж шийд” гэж цохсон. ...” гэх мэдүүлэг /хх1-84-86/,

 

гэрч Б.Б-ийн “...Бид Ц-гийн гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирж өргөдөл өгсөн, ...Э байцаагчтай уулзаад Ц-гийн гэрт очиж тэр дөрвийг гэрээс нь авч гарахад Т хойд талын хашааны хаалгаар гараад зугтсан. ...тэр гурвыг цагдаа дээр авчирч орхиод Ц бид хоёрыг дагуулаад буцаж явж, Т-ыг барьж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх1-87-88/,

 

гэрч Б.Б-ийн “...Бид Ц-гийн гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирж өргөдөл өгсөн, ...даргатай нь уулзахад Д.Э гэж байцаагчтай уулз гэсэн. ...Э байцаагчтай уулзаад Ц-гийн гэрт очиж тэр дөрвийг гэрээс нь авч гарахад Т хойд талын хашааны хаалгаар гараад зугтсан. ...Байцаагч буцаж явж барьж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 1-89-90/,

 

шүүгдэгч Д.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 11 цагт тасгийн даргаас “...дөрвөн залууд зодуулж, гар утас, тамхи зэргээ алдсан...” гэх утгатай  өргөдөл цохогдож орж ирсэн. 12 цаг болж байхад өргөдөл гаргасан хоёр залуу согтуу орж ирсэн бөгөөд өөрсдийнх нь гар утас, бусад зүйлийг зодож байгаад авсан хүмүүс гэртээ байгаа гэхээр нь хэлсэн хаягаар нь очиход М.Ц, Б.Э, Г.Э, Э.Т нар байсан. Бүгдийг нь дагуулаад цагдаагийн тасаг руу авч явах замд Э.Т зугтсан, ...зугтаасан Э.Т-ыг барих гээд энэ хэдийг зүгээр орхиж болохгүй санагдаад туслах жижүүр, цагдаагийн ахлагч М-Э-д тэднийг “цаанаа байлгаж бай” гэж хүлээлгэж өгөөд зугтсан хүний араас явсан. Тыг барьж ирээд жижүүр дээр драгерь үлээлгэхэд 4 бүхэл гарантай гарсан бөгөөд мэдүүлэг өгөх чадваргүй байсан болохоор түр саатуулах байранд нөгөө хэдтэй нь хамт оруулсан. ...Өргөдлийн дагуу холбогдох хүмүүсээ цуглуулчихаад алдагдсан гар утас, тамхи зэрэг зүйл Ц-гийн гэрт байж болзошгүй, Цгийн эхнэр мэдэж байж магадгүй гэж бодоод гэрт нь очиж эхнэр Мөнхзулыг нь тасаг дээр авч ирээд албан өрөөндөө тайлбар авчихаад, зөрчил гаргасан нэг иргэнтэй уулзаж байхад туслах жижүүр, ахлагч М-Э “камерт саатуулсан Т өөрийгөө боомилж нас барчихсан юм шиг байна” гэж утсаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.М-Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Ерөнхий жижүүр Д.Э өргөдөл гаргасан гээд хоёр согтуу этгээдийг хүлээлгэж өгөөд, өөрөө зөрчил гаргасан этгээдийг олж ирнэ гээд гарсан... Б.Э, Г.Э, М.Ц нарыг дагуулж ирээд, М.Ц-г дагуулаад буцаж гараад Э.Т-ыг олж ирсэн. ...Эдгээр хүмүүсийг 13 цаг 30 минутад саатуулаад туслах жижүүрийн өрөөн дэх камерийн дэлгэцээр хяналт тавьж ажилласан. Саатуулах камерт хийснээс хойш камераар хянах гэхээр саатуулах байрны камерийн өрөөний гэрэл шатсан байсан болохоор дүрс нь цагаараад бүдэг харагдаж байсан. ...Энэ үед ахмад Д.Э өрөөндөө М.Ц-гийн эхнэр М-аас тайлбар авч байсан. ... гэх мэдүүлэг,

гэрч Б.Э, Г.Э, М.Ц нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Биднийг цагдаагийн тасаг руу Э цагдаа авчираад, М-Э цагдаа эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэх агуулга бүхий мэдүүлэг,

гэрч Т.М-ын “...намайг гэртээ ороод байж байтал Э цагдаа ирээд цагдаагийн тасаг орьё, асууж тодруулах зүйл байна гээд авч явсан. ...Өрөөнд нь ороод урьд шөнийн болсон асуудлын талаар тайлбар өгсөн...” гэх мэдүүлэг, /хх1-96-97/

Бор-Өндөр сум дахь  Цагдаагийн тасгийн жижүүрийн туслахын 102-н өрөөнд байх хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд, ерөнхий жижүүрийн хувьд Д.Э нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд сэрдэгдэж байгаа Б.Э, Г.Э, М.Ц, Э.Т нарыг албадан эрүүлжүүлж, өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг сэргээсний дараа тэднээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг явуулахаар тэдгээр хүмүүсийг эрүүлжүүлэх өрөөнд оруулан, эрүүлжүүлэх үүргийг туслах жижүүрээр ажиллаж байсан Д.М-Э-д өгсөн бөгөөд энэ үүргийг Д.М-Э гардан гүйцэтгэсэн ба үүрэг гүйцэтгэхдээ хуулиар болон захиргааны хэм хэмжээгээр тогтоосон журмыг үл хэрэгжүүлж, эд зүйл буюу өмдний тэлээтэй нь оруулсан, улмаар камераар хяналт тавьж байх үүргээ үл биелүүлснээс эрүүлжүүлсэн этгээд өөрийгөө боомилж амь насаа алдсан хариуцлагыг ерөнхий жижүүрээр ажиллаж байсан Д.Э-т хамааруулан авч үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Д.Э-ийн жижүүрийн туслахаар ажиллаж байсан Д.М-Э-д үүрэг өгсөн үйлдэл, Э.Т-ын өөрийгөө боомилж нас барсан хоёрын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу Д.Э-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын “...Д.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэснийг хүлээн авч, шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нарын гаргасан  “...Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж гараагүйгээс шалтгаалан шүүгдэгч Д.М-Э тухайн үед ямар нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэх байсан нь тодорхойгүй, ...тухайн үед Д.М-Э саатуулах байрны биш, дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан учраас саатуулах байранд орсон хүмүүст үзлэг хийж, эд зүйлийг нь хурааж авах үүрэг хүлээгээгүй, ... "Хууль сахиулагч"-д хамаарах субъектийг хуулиар тодорхойлж өгөөгүй байхад шүүх түүнийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  М овгийн Д-ын Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...А овгийн Д-ийн М-Э, М овгийн Д-ын Э нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэснийг “...А овгийн Д-ийн М-Э-ийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж,

          2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-Э, Д.Э нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-Э-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

          3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М-Э, Д.Э нарын цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай”, гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М-Э-ийн цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж,

          4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-Э, Д.Э нарт оногдуулсан 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-Э-д оногдуулсан 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

          5 дахь заалтад “Д.М-Э, Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж...” гэснийг “Д.М-Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж...” гэж,

          7 дахь заалтад “Д.М-Э, Д.Э нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “Д.М-Э-ийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

         

          3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-Э-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         

          4. Д.Э-ийг нэн даруй сулласугай.

         

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Л.ДАРЬСҮРЭН